Урмын үг илүүдэж, хөрөнгө оруулалт багадна гэж үгүй
Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг голлох салбарын "шарк"- ууд нь авч явдаг ч ажлын байр нэмэгдүүлэх, дундаж давхаргынхан төрөн гарах, айл өрхийн амьжиргаанд дэм болж, амьдралд илүү ойрхон байдаг нь жижиг, дунд үйлдвэрлэл гэж үздэг юм билээ. Манай улс энэ хэсгийг бодлогоор дэмжинэ гэж олон жил ярьсан ч өндөр хүү, чанга босготой арилжааны зээлээс бусдаар анхаарсан нь хомс.Гэвч тэд өөрсдийн хүч боломж, зээлийн хэмжээнд баригдаж, үйлдвэрлэлээ эрхэлсээр байгаа ч борлуулалт гэж том асуудалтай тулгардаг.
Жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн энэ бэрхшээлийн нэг хэсгийг ч болов
хуваалцах шийдвэрийг Говь-Алтай аймгийн удирдлага гаргажээ.Тэд орон
нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн
бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, стандарт хангасан зөөлөн болон хатуу
эдлэлийг улсын төсвийн байгууллагууд нь худалдаж авахаар болсон
байна.Үүнд, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүдийн ор дэр,
хөнжлийн цагаан хэрэглэл, сурагчдын сандал, ширээ, ном хэрэгслийн тавиур
зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Энэ оны хувьд тус аймгийн боловсролын
салбарт зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгөөс 400 сая гаруй төгрөгийн
үлдэгдэл байгааг тус худалдан авалтад зориулахаар болсноо аймгийн Засаг
дарга С.Гансэлэм мэдээлсэн байна.
Хэдийгээр
хэдэн зуун тэрбумаар ярьдаг дээдчүүлийн хувьд дээрх тоо багахан мэт
санагдаж болох ч төр, засгаас тэр бүр гуйгаад байдаггүй орон нутгийн
үйлдвэрлэгчдийн хувьд томоохон дэмжлэг болох нь дамжиггүй.Ийм сайн
санал, санаачлага өрнүүлж, шийдвэр гаргасан Говь-Алтайн дарга нараас
бусад аймаг, хотынхон суралцаасай билээ. Юм хийж бүтээж буй хүмүүст
урмын үг илүүдэж, тус дэмжлэг багадна гэж байхгүй ээ.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин