Алт гадаад валютын нөөцөд ямар ач холбогдолтой вэ

Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна.

Гадаад валютын албан нөөцдөө эзлэх алтны хувийг хэдий чинээ өндөр тогтооно, тэр хэмжээгээр тухайн улсын валют хүчтэй байдаг аж.

Тэгвэл дэлхийд алтны нөөцөөрөө тэргүүлдэг улсуудын талаар мэдээлэл хүргэе. 

 

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69 хувь, Итали 68 хувь, Франц 66 хувийг алтаар "хамгаалдаг” аж. Харин манай урд урд БНХАУ-д харин гадаад валютын нөөцийнхөө ердөө 2 хувийг, хойд хөрш ОХУ 16 хувийг алтаар бүрдүүлдэг байна.

Дэлхий нийтийн жишгийн адилаар Монголбанк ч бас иргэд, байгууллагаас аль болох ахиу хэмжээгээр алт худалдан авч, гадаад валютын албан нөөцөө зузаатгахыг зорьдог. Гэхдээ албан нөөцийн хэдэн хувийг алт болон бусад валютаас бүрдүүлдэг вэ гэдэг нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл аж. Харин худалдан авсан алтны хувьд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байгаа юм. 

МОНГОЛБАНК НЭГ ГРАММ АЛТЫГ 100,186.64 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧ БАЙНА

 

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2005 онд 12.5 тоннд хүрч байсан бол хууль эрх зүйн өөрчлөлттэй холбоотойгоор 2010 он гэхэд 2.1 тонн болж буурсан байдаг.

Харин алтны татварыг бууруулж, Монголбанкинд тушаасан тохиолдолд АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлэхээр болсноор хойш буюу 2013 оноос алт тушаалтын хэмжээ эргээд идэвхжжээ. 

2013 онд 6.0 тонн, 2014 онд 12.7 тоннд хүрсэн бол 2015 онд 15.1 тонн болж, 2016 оны жилийн эцэс гэхэд түүхэн дээд хэмжээ буюу 18.1 тоннд хүрсэн байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк 7.2 тонн алт худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 12-р сард алт худалдан авалтын үнийн бодлогодоо өөрчлөлт оруулсан.

Ингэснээр алтыг Лондонгийн Үнэт Металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр дотоодоос алт худалдан авч эхэлсэн билээ.

Энэ өдрүүдэд дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөөр байна. Үүнийг дагаад Монголбанкны алт худалдан авах үнэ ч бас өслөө.

Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,186.64 төгрөгөөр худалдан авч байна. 

 

Эх сурвалж: Монголбанк

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen