Эцэг хуулийн талаар хэн юу хэлэв!
Эцэг хууль хэмээн нэрийддэг Үндсэн хуулийг шинээр батлах үйл явц 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан байдаг. Эцэг хуульд өөрчлөлт оруулах тухай яриа хэд хэдэн парламент дамжин яригдсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүнээр удирдуулан байгуулсан ч ажлын хэсгээс үр дүн гараагүй. Энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлахаар хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан. Сая сонгуулийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга болсон билээ.
Тэгвэл өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлэхдээ "Иргэдийн саналыг урсгалаар нь авахаас гадна улс, орон нутгийн хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттайгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн. Ийм учраас 6 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн. Мөн энэ сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон.Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 8 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ” гэсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалтай холбоотойгоор хэн юу хэлж байсныг энд ишлэн хүргэж байна.
Хуульч, судлаач Р.Очирбал: Дутагдалтай зүйл олон байгаа
Монгол Улсад 2017 оны хоёрдугаар сард анх удаа Зөвлөлдөх санал асуулга хэмээх ойлголт гарч ирсэн. Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн зохих байгууллагаас түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах, уг асуудалд иргэд ямар байр сууринаас хандаж байгааг сонсох, тэдний шийдвэрийг тусгахад оршдог. Манай улсад энэхүү шинэ ойлголт бий болоод ердөө гурван сар болж байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэсэн нь оновчтой алхам гэж үзэхгүй байна. Ихэнх судлаачид Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр хэрэглэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон бусад ажлын хэсгийн гишүүд Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ард түмнээс санал авсан нь зөв алхам гэж тайбарлаж байна. Угтаа Үндсэн хуулийг Зөвлөлдөх санал асуулгын туршилтын талбар болголоо. Хамгийн гол нь, эхлээд нутагшуулж, иргэдэд ойлголт өгч, туршлага суулгаж, санал асуулгад оролцох соёл бүрдсэн тохиолдолд хэрэглэж болохыг үгүйсгэхгүй... Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүхий л шатанд ард түмний оролцоог хангах зарчимтай. Гэтэл энэ зарчмыг хязгаарлаж, Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Асуулгад оролцсон хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. Тиймээс улс төрийн сонирхлоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Гэтэл зарим нь Үндсэн хуулийн болон эрх зүйн мэдлэг, ухамсар, туршлагагүй хүмүүс байна билээ. Ажлын хэсгийнхэн тэдгээр хүмүүст мэдээлэл хүргэж, сурталчилгаа явуулсан гэж ярилаа. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр сууринаас сурталчилвал үр дүн нь ямар гарах нь тодорхой. Энэ мэт дутагдалтай зүйл олон байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх нь зөв гэсэн үр дүн гарсан. Тиймээс есдүгээр сарын 10 хүртэл ард түмний дунд хэлэлцүүлж, санал авна. Шаардлагатай тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал авах, эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг. Гэхдээ МАН хууль тогтоох байгууллагад дийлэнх олонх байгаа үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хангалттай нөхцөл байдал бүрдээд байна” гэжээ. /ubinfo.mn/
Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй
-Яагаад гэвэл Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд "УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой. Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй. /nam.mn/ 2015 оны 11 сарын 11
С.Оюун: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан 99 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх зэрэг нь бүхий л хэвлэл мэдээллийн мэдээнүүдийн онцлох гарчиг болоод яваад байна. Энэ бол онцлох өөрчлөлт биш. Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл, би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүнд ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр иргэндээ хүрч чадахгүй. Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна. Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санааа бодол тусах ёстой.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй. Өөр хуулиар зохицуулж болно. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг нь парламент тарах, тараахыг бас хэлээд байгаа юм. Тухайлахад нэг нам УИХ-ын сонгуулиар олонхи боллоо. Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томиллоо. Ерөнхий сайд нь намынхаа мөрийн хөтөлбөр, амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэтэл Ерөнхий сайдын ажлыг УИХ нь хийлгэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа бол УИХ тараад ,ард түмэн дараа нь хэнд саналаа өгөхөө шийднэ гэсэн санаа цаана нь байдаг юм байна. Гэхдээ дөнгөж сонгогдонгуутаа Ерөнхий сайд парламентаа ганц жилийн дотор тараагаад байж болохгүй. Тодорхой заасан хугацаа байдаг юм билээ. /Parliament.mn 2015.11.20/
Я.Содбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа
Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа "гар хүрч” болох юм” гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж "засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа. /times.mn 2015.11.18/
Судлаач Г.Цэрэнжамц: Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон
Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна./today.mn 2015.11.16/
Д.Лүндээжанцан: Долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын тахимд хоёр удаа мэдэгдсэн
"-Хүн бүр дордуулсан долоон заалтыг өөрчилж хэвийн байдалд нь оруулах ёстой гэж үздэг. Үүнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараах зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид бий. Гишүүдийн ирцийн асуудлаар зохицуулсан заалт бий. Энэ бүхнийг эргэж хараад бодох ёстой. Би тэрхүү долоон өөрчлөлтөөр бие даасан анализ хийгээд эерэг ба сөрөг талыг нь гаргасан. Тухайн үед миний бие тэдгээр долоон өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байсан учраас миний баланк дээр хүчээр хийсэн юм. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын тахимд хоёр удаа мэдэгдсэн. Яах вэ төрийн машиныг гацаахгүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүн болох эрхийг нээж өгсөн учир УИХ, Засгийн газар хоорондоо холилдсон. Үүнээс үүдэж хяналт шалгалт, тэнцвэрийн тогтолцоо байхгүй болчихож байгаа юм. Анх 1992 онд энэ асуудлыг хэлэлцээд гацаанд орсон байхад нь дан ганц Ерөнхий сайд давхар УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг оруулж гацаанаас гаргаж байсан. Тэгвэл одоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх ёстой юм байна гэдэг дээр олон хүн санал нэгдэх байх. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлалт хийх саналыг би дэвшүүлнэ. Яагаад гэхээр Засгийн газрын хуулиар болгох гэж олон жил оролдсон. Ёстой болдоггүй юм байна. Үүнд гэнэн байдлаар итгэж нэлээд хэсэг явсан. Дараа нь болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй байх. Өнөөдөр модернизац гээд шинэ онолоор бол Герман, Япон, Их Британи гэх мэт парламентын засаглалтай улсад давхар Засгийн газрын гишүүн хийгээд явдаг. Гэхдээ Англи бол Лордын танхимаа оруулаад 2 мянган гишүүнтэй. Япон 460 гэх мэт. Энэ олон гишүүн дунд 5,10 хүн давхар алба хашиж байхад болохгүй гэх зүйлгүй. Манай 76 гишүүн болохгүй байгаа юм. Тиймээс хязгаарлаж өгөх зайлшгүй шаардлага байна. Органик хууль буюу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулах ямар ч аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн ганц нэг өөрчлөх сайжруулах зүйл байж болно. Гэхдээ би бол Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бүгд хамгаалах ёстой. Яаж вэ гэвэл Монголчууд боловсронгуй болгож, насыг нь уртасгах хэрэгтэй. Ингэснээр эх хуулийн үйлчлэл дахиад 25-50 жил явна” гэсэн байдаг.
Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn