С.Нарангэрэл: Монголын хөгжлийн хамгийн том тээг нь бидний ёс суртахууны доройтол
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг "Хоймор"-тоо урилаа. "Үйлийн үр, ёс суртахууны хариуцлага хуулийн хариуцлагаас ч хатуу" гэдэг үгийг тэрбээр нэг бус удаа хэлсэн нь бий. Хичээл заалгасан, заалгаагүй маш олон хүн түүнийг "Нарангэрэл багш" хэмээн хүндэтгэдгийн цаад шалтгаан магадгүй энэ байж ч болох. 46 жилийн тэртээ нэрт хуульч аавынхаа хүслийг гүйцээн, мэргэжлийг нь өвлөсөн хүү өдгөө ард түмнийхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн гавьяатай эрхэм нэгэн болжээ.
-Та сүүлийн үеийн судалгааны бүтээлүүддээ ёс суртахууны тухай нэлээд бичсэн байна лээ. Ёс суртахуун гэж чухам юу юм бэ. Энэ нь аливаа хүнд байгалиас заяагддаг юм уу, эсвэл үүсмэл зүйл үү?
-Аливаа хүний уураг тархинд 86 тэрбум гаруй эс байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээрийн нэгэнд нь л ёс суртахууны өгөгдөл байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүн гэдэг амьтан шударга, эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, бас өгөөмөр нинжин сэтгэлтэй, жудагтай, нэр төрөө эрхэмлэдэг байх ёстой гэх мэт энэ бүх өгөгдөл төрөлхийн байдаг байх нь. Тухайн хүний удам судар, гэр бүлийн хүмүүжил, амьдарч буй нийгмийнх нь уур амьсгал болоод улс орныг авч яваа эрх мэдэлтнүүдийн ёс зүй гэх мэт хүчин зүйлүүд ёс суртахуунд шууд нөлөөлдөг. Дэлхийн түүхийг аваад үзэхээр хүн төрөлхтнийг ёс суртахуунгүй болгож байсан дэглэм, ноёрхлууд бишгүй байж.
-Ёс суртахууны тухай судалгаандаа та Чингис хааны хүн чанарыг гадаад, дотоодын олон эх сурвалжаар эш татан онцолсон байдаг. Үүний учир нь юу вэ?
-2009 онд "Монголчуудын зан суртахууны гарваль", 2013 онд "Чингис хааны сүр хүч", 2014 онд "Монголчуудын ёс суртахууны цагаан толгой", мөн онд "Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шастир" зэрэг цуврал бүтээл туурвилаа. Чингис хааныг цус асгаруулсан аймшигт аян дайн хийсэн, эзлэн түрэмгийлэгч байгаагүй, харин ч маш өндөр ёс суртахуунтай хүн байсан гэдгийг судалгаатайгаар энэ бүтээлүүддээ онцолсон. Чингис хаан багаасаа асар их зовлон бэрхшээл үзэж туулсан хүн учраас үнэнч шударга, эр зоригтой, тэсвэр хатуужилтай, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, бас өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэмлэдэг нэгэн байсан нь зөвхөн монголчуудыг төдийгүй, дэлхий дахиныг татсан. Ижил юм нь ижил юмаа татдаг гэсэн Квантын физикийн онол байна. Монголчууд үүнийг ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гээд тун онож хэлжээ. Чингисийн байдлан дагууллын дараах 140 гаруй жилийн турш Монголын эрхшээлд байсан бүх улс гүрэн амар амгалан байж, хөгжил цэцэглэлтийн замд орсон байдаг. Тийм ч учраас Чингис хааны сүр хүч чухам юунд байж вэ гэдгийг өдгөө дэлхий дахин судалж буй.
-Монголчуудад ямар ёс суртахуун байх ёстой юм гэдгийг та олон талаас нь бичээд, бүр цагаан толгойг нь хүртэл зохиогоод өгч. Ингэхэд таны номууд хэр гүйлгээтэй байдаг вэ. Олон нийт хэрэгтэй номоо олж уншиж чадахгүй байгаа талаар шүүмжилдэг шүү дээ?
-Сүүлийн үед хүмүүсийн дунд нэлээд эрэлттэй байх болсон шүү. Ялангуяа гадаадынхан миний хэдэн номыг их эрж, сурдаг юм.
Боловсрол гэхээр манайхан хэдэн дипломтойгоор нь хэмждэг. Миний судалж мэдсэнээр өвөг дээдсийнхээ түүх, ололт амжилт, гашуун сургамжийг мэдсэний үндсэн дээр цаашдын зам мөрөө зөв тодорхойлж чаддаг улс үндэстнийг боловсролтой ард түмэн гэж хэлдэг юм байна. Гэтэл монголчууд бид энд тэндхийн сургалтын хөтөлбөрийг шууд хуулбарлаж, даган дуурайсаар сүүлдээ боловсролын салбараа юу ч биш болгочихлоо. Хүний ёс суртахуун 9-10 насандаа төлөвшдөг юм байна. Нэг жишээ хэлье. Чингис хаан алсын аянд мордоод ээжтэйгээ хэдэн жил золгоогүй байж. Өэлүн эх хүүгээ санагалзан санааширч буйг ес, аравхан настай Хубилай хэдийнэ анзаарч, нэг өдөр хамт тоглож байсан хүүхдүүддээ "Миний эмээ ээжид алт эрдэнэсийн уул байгаад ч хэрэггүй. Гагцхүү өвөө минь хурдан ирээд, эмээд үнсүүлчихдэг болоосой" гэсэн гэдэг. Үүнийг сонсоод Өэлүн эхийн нулимс өөрийн эрхгүй бөмбөрч, Чингис хааныг ирэнгүүт "Энэ Хубилай өөрийн тань орыг залгах хүн болж төлөвшсөн байна шүү" гэж. Үнэхээр ч тэр ёсоор болж, 40-өөд жилийн дараа Хубилай хаан ширээнд суусан. Тэгэхээр энэ бүхний цаана ёс суртахуун гэж айхтар юм байгаа биз. Чингис хааны залгамжлагчдын үед орчуулж, Монгол даяар тархсан "Эрдэнийн эрхи Субашид" зохиолд "Муу юм энэ ертөнцөд хэдий олон ч Муу хүнээс илүү аюул гэж үгүй" гэсэн хоёр мөрт бий. Ёс суртахуунгүй хүн л энэ ертөнцийн хамгийн муу муухай бүхнийг хийдэг гэдгийг бас нэг жишээ нь энэ юм.
-Ёс суртахууны төлөвшил бий болдог 9-10 насанд нь ядаж монгол хүүхдүүдэд юу заах вэ гэдгийг боловсролын салбарыг авч яваа түшээд бодолцохгүй байна. Монголчууд оюун санааны хөгжлийн чиг баримжаагүй болсон тухай та дээхэн хэлж байсан. Таныхаар одоо бид яах ёстой вэ?
-Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүддээ бид нэн түрүүнд хүн байхын ухаан суулгах нь чухал. Наад зах нь хүнийг хүндлэх, мэндлэх, уучлал гуйх соёлд сургамаар байна. Хүнээр хүн хийхийн тухайд монголчуудын маш том философи бий дээ.
Миний бодлоор одоо манай УИХ "Монголчуудын ёс суртахуун" гэсэн үндэсний хөтөлбөрийн төслийг бүх салбарын эрдэмтэн судлаачдыг байлцуулан боловсруулаад, Монгол даяар хэлэлцүүлж, батлах хэрэгтэй байна. Өнөөдөр манай улсын хөгжил дэвшилд хамгийн том тээг садаа болж буй зүйл нь мөнгөний гачигдал бус, өөрсдийн маань ёс суртахууны доройтол юм. Жишээ нь, монголчуудын нэгнээ хуурч мэхлэх, бие биедээ итгэл алдрах явдал тамтгаа алдлаа.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас таны нэрийг дэвшүүлэх тухай яриа нэг хэсэг тарсан. Хүмүүс ч нэлээд дэмжиж байх шиг байсан ч таныг өөрөө татгалзсан гэдэг. Татгалзахад хүрэх ямар учир шалтгаан байв?
-МАХН бол УИХ-д цорын ганц суудалтай улс төрийн хүчин. Энэ ганц суудлыг миний шавь О.Баасанхүү Орхон аймгийн тойргоос авчирсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт О.Баасанхүү гишүүн өөрийгөө гол байр суурь илэрхийлэх ёстой хүний нэг гэж үзсэн юм билээ. Тэгээд надад хандан "Багш аа, би таны шавийн хувьд Нарангэрэл гэдэг хүний үүх түүх, туулсан зам мөр, ёс суртахуун, хувь хүний төлөвшил, туршлага, бэлтгэгдсэн байдал зэргийг сайн мэдэх учраас намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийн дунд өөрийг тань оруулмаар байна" гэсэн. Эхэндээ би нэлээд цааргалсан л даа.
-Яагаад тэр вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашна гэдэг бол хүн болгон хүсээд, дурлаад байх зүйл биш. Нэгдүгээрт, энэ бол гурван сая гаруй хүүхэдтэй өнөр гэр бүлийн эцэг, өрхийн тэргүүн нь гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, талцал, хагарал газар авсан өнөөгийн нийгэмд нийт монголчуудыг эвлэрүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах үүрэг хариуцлага энэ хүнд ногддог. Гуравдугаарт, төрийн бодлого зөв явж байна уу, цаашдын хөгжлийн үзэл баримтлал нь ямар байх вэ гэдгийг Ерөнхийлөгч тодорхойлохын зэрэгцээ Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, эсэх нь энэ хүний эрх мэдэлд байдаг. Яагаад гэвэл бүх шүүгчээс гадна прокурорын байгууллагын удирдлагыг Төрийн тэргүүн томилдог. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн болоод АТГ-ын даргыг мөн нэр дэвшүүлдэг. Мөн Ерөнхийлөгчийн нэг том үүрэг нь хэрэв УИХ ард түмний, эсвэл Үндсэн хуулийн эсрэг хууль тогтоомж баталбал түүнд хориг тавьж, засуулдаг. Тиймээс би өөрийгөө энэ том албыг хаших хэмжээнд хүрээгүй гэж боддог тул О.Баасанхүү гишүүний саналаас татгалзсан. Гэтэл гишүүн миний хойноос уйгагүй хөөцөлдсөний эцэст нэг болзолтойгоор би зөвшөөрсөн юм.
-Тэр нь юу юм бол?
-Хэрэв миний нэрийг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцэх болбол гишүүдийн олонх нь намайг дэмжих ёстой гэсэн шаардлага юм. Гишүүн ч тэр хэмжээнд хүртэл ажлаа зохион байгуулсан. Гэтэл МАХН-ын Бага чуулган 14.00 цагт эхлэх гэж байтал хоёр цагийн өмнө Н.Удвал тэргүүтэй хүмүүс ирж уулзсан юм. Тэгээд надад "Хувь хүний тань үүднээс бол таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд яриад байх зүйлгүй. Харин танд яг одоо гаргаад өгөх 10 тэрбум төгрөг байна уу" гэж хэлсэн.
-Бүр 10 тэрбумыг уу?
-Тийм ээ (инээв). Би уг нь Монголын төрийг бузар мөнгөнд бохирдсоноос нь салгах сан гэсэндээ нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн хүн шүү дээ. Гэтэл өөрөө нэр дэвших үеэсээ л ийм мөнгөтэй хутгалдаж эхлэх юм бол юу болох вэ. Эгэл жирийн эрдэмтэн, багш над шиг хүнд 10 байтугай, нэг тэрбум төгрөг ч байхгүй гэж хэлээд нэрээ татсан. Гараад алхаж явахдаа сүүлийн гурван долоо хоногийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх уриа, мөрийн хөтөлбөрөө боловсруулах гэж нэлээд цаг зав зарцуулсандаа нэг их харамсаагүй. "Ийм зүйл бичиж, ноороглох хувь заяа намайг хүлээж байсан юм байлгүй дээ" гээд гэр рүүгээ баяртайяа алхсан даа.
-Ард түмэнд танилцуулж амжаагүй тэр уриа, мөрийн хөтөлбөрийнхөө гол санааг тодруулахгүй юү?
-"Монгол төрийн төлөө хүчин зүтгэе" гэсэн уриаг би дэвшүүлсэн байсан юм. Төрийн түшээ хүнд эх орон, ард түмэндээ хүчин зүтгэхээс илүү эрхэм зорилго, ариун үйлс байх ёсгүй гэсэн гол санааг энэ урианд багтаасан. Өнөөдөр манай түшээдэд эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх, ачааны хүндийг үүрсэн шиг үүрэх тэвчээр хатуужил, эр зориг дутаж, бүгд л хоноцын сэтгэлгээгээр ханддаг болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртөө тусгах хамгийн гол зүйл нь эх орныхоо хөгжлийн бодлогыг олон салбарынхнаар хэлэлцүүлэн, маш зөв тодорхойлж, түүнийгээ УИХ-аар батлуулах явдал гэж би боддог. Ингэхийн тулд Төрийн тэргүүн хүн эх орныхоо түүхийг наад зах нь 1000 жилээр мэддэг байх ёстой. Сүүлийн 1000 жилд энэ орны ололт амжилт, алдаа мадаг, сургамж, эмгэнэл нь юу байсан юм гэдгийг мэдэж байж цаашдын хөгжлийн бодлого, зорилт, дүгнэлтээ гаргана гэсэн үг. Ялангуяа XVI зууны эхэн үеэс бага хаадын хоорондох толхилцол, талцал, цус асгаруулсан тэмцлээс болж манайх яаж доройтлоо. Тэр үедээ Манж гүрнээс туслалцаа авсан, гэвч яваандаа урд хөршдөө уусах эрсдэл нүүрлэсэн тул 220 орчим жилийн дараа монголчууд хойд хөршөө бараадсан. Дал гаруй жилийн дараа өнөөх зам нь дахиад л бишидсэн учраас Барууныг даган дуурайгаад, өдгөө 30 шахам он улирчээ. Үндсэндээ бол сүүлийн 400-гаад жилийн турш монголчууд ямагт гадаадынхныг дуурайж, гаднаас бэлэн юм хуулбарлаж байв. Тиймээс одоо монголчууд бидэнд өөрсдийн гэсэн язгуур үнэт зүйл, үзэл баримтлалыг шингээсэн төрийн цогц бодлого хэрэгтэй байна. Жишээ нь, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт гэхэд л өвөг дээдсээс уламжилж ирсэн, дэлхийд өөр хаана ч байхгүй гүүний айраг, борцоо бид брэнд болгоход анхаарах учиртай юм. Боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт Монголын гэсэн язгуур онцлогийг тусгасан төрийн бодлого боловсруулах мөрийн хөтөлбөрийг бэлэн болгосон байсан.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр таныг дэмжээгүй юм уу. Та түүнийг маш хүнд үед нь өмгөөлж, тус хүргэсэн шүү дээ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Н.Энхбаяр над руу ярихдаа өөрийнх нь ялтай хугацаа дууссан, эсэх асуудлаар зөвлөгөө авсан. Харин МАХН-ын бага чуулган болохоос өмнөхөн Н.Удвал нарыг надтай уулзуулж, 10 тэрбум төгрөг нэхүүлсэн нь түүний явуулга гэж боддог шүү.
-Энэ жил монголчууд бид хоёр удаа санал хурааж байж арайхийн шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн цагаан хуудас маш олон гарсан. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бидэнд том сургамж өглөө гэж бодож байна. Монголын ард түмэн бүх юмаа мөнгөөр шийддэг, мөнгөнд унаж тусдаг харалган байдлаасаа салж эхэлж байгаа юм байна. "Энэ нэр дэвшигч ер нь хэн бэ, ёс жудагтай юу, улс орныг авч явж чадах уу" гэдгийг сонгогчдын нэлээд нь бодолцдог болжээ.
-Төрийн зөв, хуулийн зөв, хүний зөв гурваас нийгмийн хөгжил шалтгаалдаг гэж нэгэн философич хэлсэн байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой юм. 1999 онд Үндсэн хуульд оруулсан "дордохын долоон өөрчлөлт"-ийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулж байсан танаас энэ удаагийн өөрчлөлтийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй. Энэ бол улс орны хөгжлийн бодлогын төлөө нийтээр хүлээн зөвшөөрсөн, бүгд адил тэгш дагаж мөрдөх ёстой ариун зүйл. Гэтэл манайхан Үндсэн хуулиа өөрчлөх гээд байн байн зүтгүүлдэг. Энэ нь төр, засгийн эрх баригчид улс орныг удирдаж чадахгүй, өөрсдийн гаргасан алдаа завхарлыг Үндсэн хууль руу чихэж, хаацайлах гэсэн башир арга төдий юм. Зарим улстөрчийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад гар, бие оролцсон гэдэг нэр төр олж авах гэсэн явцуу бодол санаа ч байна. Энэ удаагийн өөрчлөлтийн сүүдэрт эдгээр зүйлүүд мөн л ажиглагдаж байгаа. Түүнээс биш өдгөө манай нийгэмд хамгийн чухлаар тавигдаж буй монголчуудын ёс суртахууны асуудлыг хүртэл энэ удаагийн өөрчлөлтөд тусгаж өгсөнгүй. Япончууд өнөөдөр дэлхийд гайхагдсан ард түмэн болсон гол шалтгаан нь ерөөсөөл ёс суртахуун. Гайхамшигт өвөг дээдсийн үеийнх шигээ өндөр ёс суртахуунтай ард түмэн болох боломж бидэнд ч бий. Гэтэл өөрийн гэсэн онцлогтой төрийн бодлогыг Үндсэн хуульдаа залахгүй байгаа учраас энэ бол нийт монголчуудад, Монголын нийгэмд төдийлөн ач холбогдолтой өөрчлөлт хийгдэхгүй гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийн үеэр миний ганц нэг шавь намайг оролцохыг урьсан ч би зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл намайг Төрийн ордонд болсон тэр хэлэлцүүлэгт сууж байгааг харсан хүмүүс "Нарангэрэл багш үүнийг дэмжиж байгаа юм байна" гэж ойлгоно. Тиймээс УИХ-ын гишүүн шавь нартаа хандаж "Хэрэв та нар 1999 оных шиг Үндсэн хуулийг дордуулсан өөрчлөлт хийх юм бол би яг түрүүчийнх шигээ Үндсэн хуулийн цэцэд хандах ёс суртахууны эрхтэйгээ үлдэе дээ" гэж хэлээд гаргасан.
-Уран зохиолд элэгтэй, зохиолч юм уу, сэтгүүлч болох хүсэл сонирхолтой байсан таныг аав тань хүчээр шүүгч болгосон гэдэг. Эцэг хүн үр хүүхдийнхээ амьдралын томоохон үйл явдлыг шүүн дэнслэх дархан эрхтэй шүүгч нь байдаг байх. "Аавын минь сонголт аргагүй зөв байжээ" гэж бодогдсон үе бий биз?
-Монголын хуульч эрдэмтдийн дотроос анх удаа Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдох хувь заяа надад тохиосон. Тухайн үед сонгуулийн дүнг сонсоод "Миний аавын шийдвэр их холыг харсан, үнэхээр гайхалтай шийдвэр байжээ. Эцэг хүн үр хүүхдийнхээ хувь заяаг ингэж л шийддэг байх нь ээ" гэж бодож билээ. Тиймээс өөрийн хүүхдүүдийнхээ хувьд ч аавынхаа дайтай шүүгч нь байх юм сан гэж хичээж ирсэн.
Ер нь хууль хэл шинжлэлтэй их холбоотой. Сайн хуультай байхын тулд хууль зүйн нэр томьёо маш тодорхой, ойлгомжтой, эх хэлнийхээ агуулгатай нийцсэн байх ёстой юм. Тийм ч учраас том хуульч эрдэмтний хийх ёстой нэг гол ажил нь хууль тогтоомжийг үндэсний болоод дэлхий нийтийн нэр томьёотой нийцүүлэх явдал байдаг. Миний хувьд сүүлийн 30-аад жил энэ ажилд багагүй цаг зав зарцуулжээ. Нөгөө талаар хууль бол хүссэн хүсээгүй тухайн улс орны түүх, түүхэн сургамжтай салшгүй холбоотой байдаг. Тиймээс хуульч хүн эх орныхоо өвөрмөц онцлог, түүхэн сургамж, алдаа, оноог сайн судалсны үндсэн дээр хуулийг яаж боловсронгуй болгох вэ гэдэг гаргалгааг олдог. Энэ бүхнээс бодохоор зохиолч, сэтгүүлч болох гэж байсан хүүгээ аав минь их зөв замд оруулжээ гэдгийг одоо л бүрэн ойлгож байна даа.
-Эрдмийн ажил бичих сэдвээ сонгоход тань хүртэл таны аав шууд нөлөөлсөн гэдэг байх аа?
-Тийм ээ (инээв).
-Өнөө цагт хүүхдэдээ үг хэлдэг аав, ээж цөөрлөө, үүнээс болж хүмүүжил орхигдож байна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүд үр хүүхдээ нэг их үглэж янших хэрэггүй юм. Харин өдөр тутмын үйлдэл болгоноор хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх нь чухал. Техник технологийн хөгжил дэвшлийг дагаад сүүлийн үед хүмүүс ажлаа тарж ирэнгүүтээ үр хүүхдүүдтэйгээ харилцахаас илүүтэй гар утсаа оролдоод суучихдаг нь туйлын буруу үлгэр дуурайл болж байна. Ийм хайнга хэнэггүй байдал нь хүүхдүүдийн ёс суртахууны хүмүүжилд ихээхэн сөргөөр нөлөөлж, эцэг, эхчүүдийгээ тэд мөнгө өгдөг "саалийн үнээ" л гэж хардаг болсон гэхэд хилсдэхгүй.