МАХН-аас "босоо" Ганбаа нэр дэвших үү?

МАХН-аас "босоо" Ганбаа нэр дэвших үү?

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гурван субъект буюу МАН, АН, МАХН гэсэн улстөрийн гурван нам бий. Тэд нэр дэвшигчээ тодруулсан ч зарим нэгэнд нь бартаа тээг их байх шиг байна. МАН болон АН-ын нэр дэвшигчдийн хувьд айдагаа авдрандаа хийчихэв бололтой. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх гээд босгон дээр нь бүдэрчихлээ. "Танай эхнэр чинь эмэгтэй хүн юм аа даа” гэдэг шиг түүний СЕХ дээр бүдрэх шалтгаан угаас тодорхой байсан. Үүнийгээ нам нь ч, нэр дэвшигч нь ч төсөөлж гадарлаагүй явсан уу гэвэл түүн шиг худал үгүй болно. Гэвч тэр Сонгуулийн хуулийн заалтыг сөрж сонжихоор шийдсэн бололтой. Угаас СЕХ-ны бүртгэл дээр унахаа мэдэж байсан учраас үүгээр далимдуулан улстөр хийж, өрсөлдөгч хүчнүүдээ хараар будаж шунхдаад авъя, аль эсвэл тохиролцоо хийж томоохон хожоо гаргах хожмын зорилго ч байсан уу. Ер нь нэг иймэрхүү сөрдөг, үүнээс ашиг хонжоо хүлээдэг тактик угаас улстөрд хуучин танил шиг харагдаж байж ч магад.

 

МАХН-ыхан бүртгэл бүтэлгүйтнэ гэдгээ мэдэж байсан учраас бүр өмнө нь МАН-ын цагаан байрны гадаа жагсаал цуглаан хийж, улстөрөөр уухилаад авсан билээ. Одоо ч гэсэн МАН-ын байрны гадна майхан сав бариад арайтай л "унагаа зэллэчихээгүй” байна. Урд хөл бүдэрсэний төлөө хойт хөлийг нь ороолгов гэдэг шиг СЕХ-ны шийдвэрийн төлөө МАН-ын байрны үүдэнд майхан хөсгөө буулгачихсан харагдана лээ. Бай-гаа байтугай банзаа ч онодоггүй энэ мэт сумыг тэд байн байн харвах дуртай билээ. Уг нь Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг МАН биш Сонгуулийн Ерөнхий хороо гаргасан. Тийм болохоор үүний төлөө хэн нэгнийг буруутгах гэж байгаа бол тэр шийдвэр гаргасан СЕХ-ныхоо гадаад очиж жагсвал зүйтэй биш үү. 

 

МАХН-ын өнөөгийн илэрхийлэл одоогоор нэг иймэрхүү байна. Н.Энхбаярын нэрийг бүртгэсэнгүй гээд Монголд ган гачиг нүүрлэчихгүй. Өөрөөр хэлбэл ингэснээр МАХН-ын хувьд бүх зүйл дуусч Ерөнхийлөгчийн сонгуулийн боломж алсраад явчихаж байгаа хэрэг огтхон ч биш.

Сонгуулийн хуулийн 143 дугаар зүйлд "Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд ... санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэсэн заалт буй. Энэ бол дахиад нэг болмж хуулиар хүлээж байна гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зохионбайгуулах хуваарь ёсоор энэ сарын 17-ны өдөр нэр дэвшигчийг нийтэд зарлах учиртай. Тэгэхээр одоо үлдээд байгаа хоёр хоногт багтаан дараагийн хүнийхээ нэрийг дэвшүүлж СЕХ-нд өргөн барих эрх нь хуулиар нээлттэй байна гэсэн үг. Харин энэ боломжийг МАХН-ынхан чулуу болгож чадах эсэх нь тодорхойгүй байна.

 

МАХН нам энэ сарын 4-ний өдрийн бага чуулганаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэгчээ тодруулах үеэрээ "Н.Энхбаяр бол манай цорын ганц хувилбар. Хоёрдогч гэж байхгүй" хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ энэ бол улстөрийн л ов мэх байсан байх. Нөгөөтэйгүүр нийгэмд өгч буй шахалт шаардлага нь ийм байсан биз. Тус намыг УИХ-д төлөөлдөг О.Баасанхүүгийн халаасанд МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой найман хүний нэр байгаа тухай урьд нь дуулдаж байсан. Энэ утгаар нь авч үзвэл Н.Энхбаярын шилийг хараад зогсч байгаа хэд хэдэн хүн байж таарах гээд байна. Одоо тэдгээр хоёрдугаар цувааныхан гарч ирэх боломж бүрдэж байна.

 

Харин тэр хүн хэн байж болох вэ. Энэ намын фонон дээр гоцолж байгаа хүний нэг нь мань   "босоо" С.Ганбаатар. Түүний гүйдэл суудал ийшээ чиглээд удаж буй. Өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр тэр бас л гоцолж байгаа харагдана билээ. Төрд хэрэгтэй зайран, гандан буураагүй яваа гэдгээ сануулаад л байна. Тэрбээр "МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" гэсэн байр суурь илэрхийлсэн. МАХН-д хоёр дахь хувилбар бий, тэр нь С.Ганбаатар гэсэн санааг тэр илэрхийлчих шиг болно билээ. Ингэхээр энэ хүн Ерөнхийлөгчийн албыг цээжиндээ багтаачихсан яваа юм шиг байна. Угаас эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хорвоо юм чинь, юуны буруу байхав.

МАХН-аас нэр дэвших хүний өөр нэг хувилбар нь өөрөө тодроод ирлээ. Хуульч С.Нарангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэсэн утгатай албан бичгийг намыхандаа илгээсэн тухай мэдээлэл байна. Тэрбээр академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гэсэн тодотголтой.

 

Цаг хугацааны хувьд нуман тулгуурт орсон, "хоног хугацаа давчуу хойтох ажил их” ийм үед тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ойрын магадлалтай хүн гэвэл энэ хоёр л байна, одоогоор.

 

Гэвч дараагийн хүнийг нэр дэвшүүлэх асуудлаар МАХН-ын хувьд одоогоор нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй байгаа бололтой. Нөгөө талаасаа энэ нь хоёрдугаар зэргийн асуудал юм шиг байна. Тухайлбал, энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Яг одоо нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн зүйл яригдаагүй байгаа” гэсэн тайлбар өгсөн бол МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж: "Хуулиар өөр нэр дэвшигчийг бүртгүүлэх асуудал нээлттэй. Гэхдээ МАХН яг энэ асуудал руу тулж очоогүй байна” хэмээжээ. Тус намын гишүүдийн байр суурийг харвал эхний ээлжинд СЕХ-ны шийдвэртэй тэмцэж, "алдааг” нь засч залруулна гэсэн байр суурь түлхүү явж байх шиг байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ "Бид эхний ээлжинд Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, тэмцэнэ” гэсэн бол яг иймэрхүү санааг УИХ-ын гшүүн асан Ц.Оюунбаатар мөн илэрхийлсэн. Тэгэхээр МАХН-ын хувьд Н.Энхбаяраа эцсийн нь хүртэл зүтгүүлэх, тэмцлийн хэлбэрийг илүүд үзэж байгаа бололтой.

 

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалаар "туг тахьчихсан” МАХН-ын хувьд энэ удаагийн хүрд эргүүлэх боломжоо хэр ашиглахаас Монголын улстөрийн зураглалд өнгө будаг нэмэх эсэх нь шалтгаална. Ялалт, ялагдал гэхээсээ илүүтэй нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэдэг намын нэр хүнд, зэрэг зиндааг тодотгох том хүчин зүйл гэдгийг тэд эрхбиш тооцож байгаа байх.

 

 

 

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/129e62d0a

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen