Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл

Нөхөртөө үүрэх ёстой хариуцлагыг нь үүрүүл

 

Нөхөр бид хоёр хамт амьдраад 4 жилийг ардаа үджээ. Аль аль нь оюутан байх үедээ танилцаж байсан ч манай хүн томоохон шалтгааны улмаас сургуулиасаа 2 жилийн чөлөө авснаас 4-р курсээ энэ жил төгсөх юм. Харин миний хувьд их сургуулиа төгсөөд 3 жил болжээ. Энэ хугацаанд мэдээж ажил төрөлтэй болохоос гадна эцэг, эхүүдийнхээ тусламжтайгаар өөрсдийн гэсэн гэр оронтой болсон. Тусдаа гарч өөрсдөө биеэ дааж амьдрахыг дагаад санхүүгийн байдал том асуудал болж хувирсан юм.

Мэдээж хэрэг оюутан хүн хичээлдээ явна, зуны амралтаараа дадлагаар ажиллана гээд мөнгө олох ажил хийх боломж огт гарсангүй. Харин гэр орны ажлаа хийнэ, цалингаа аваад төлбөрүүдээ төлнө, хоол хүнсний зүйлсээ авна, өмсөх хувцсаа зохицуулна гээд бүх л зүйл миний толгой дээр байлаа. Гэхдээ мэдээж эр хүн л болсон хойно хааяа хааяа мөнгө олж болох ажил олдвол хийчихдэг байсан ч тэр нь хангалттай байсангүй.

Энэ байдал нэлээн хэсэг хугацаанд үргэлжлэхэд ёстой л нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг болж ирлээ. Байдал ийм чигээрээ удаан үргэлжлэх тусам миний тэвчээр барагдаж, сэтгэлээр унах, амархан бухимдах гээд байдаг болов. Ойлгомжтой шүү дээ. Ажилдаа яваад ядарсан хүн гэртээ орж ирэхэд заримдаа хоол хийсэн байна, заримдаа хийгээгүй байна. Гэр орон бохир, хиртэй хувцас овоорсон байх бөгөөд хэсэгхэн зуур амарсан болоод л тэр бүгдийг эхнээс нь хийж дуусгана. Маргааш өглөө нь ахиад эртлэн босч ажилдаа гарна.

Цалин буумагц тог, байр, интернэтийн мөнгөө өгөөд нөхрөө дагуулаад хоол хүнсээ цуглуулна. Үлдсэн жаахан мөнгөнийхөө талыг яаралтай авах шаардлагатай жижиг сажиг хувцас авахад зарцуулаад л дараагийн цалин хүртэл хэрэглэх унааны мөнгө л үлдэнэ. Найз нөхдийн төрсөн өдөр, ойр ойрхон болох баяр ёслолууд дарамт мэт л мэдрэгддэг болсон байлаа. Энэ үед нөхрийн минь хийж байгаа зүйл нь хичээлдээ явна, орой ирээд компьютер ширтэнэ.

Эхэндээ орой очих болгонд халуун хоолтой, гэрээ цэвэрлэчихсэн байдаг байсан хэдий ч сүүлдээ түүний энэ байдал нь өөрт нь ч гэсэн утгагүй зүйл мэт санагдаж байсан байх. Гэрийн эзэн хүн байж эхнэрээрээ ажил хийлгэж өөрөө гэр орны ажилтай зууралдана гэдэг. Тэгээд л сэтгэл санаагаар унаж, надтай адилхан зан ааш нь өөрчлөгдөж байгаа нь бага багаар ажилагдаж байлаа.

Миний хувьд ч бас өөрийгөө улам бүр ууртай болж, юм л бол нөхөртэйгөө муудалцдаг болсон байгаагаа мэдэж мэдэрч эхэлсэн болохоор ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй байгааг ойлгосон юм. Удаан бодож тунгаасны эцэст хүн жаргах гэж л амьдардаг болохоос өөрийгөө ч өөрөөлийг ч зовоож амьдрах биш шүү дээ гэж бодон дараах 2 шийдвэрийг гаргасан юм:

1. Сүүлийн үед өөртөө огт цаг зав гаргахаа больсон байгаагаа анзаарсан. Сайхан хувцаслаж, нүүрээ будаж, хумсаа ч сайхан засуулж, будах дуртай байсан хүн чинь цэвэрхэн бол болоо гээд л гартаа таарснаа өмсчихдөг, үс гэзгээ ч зүгээр л базаад боочихдог, найз нөхөдтэйгөө ч ховорхон уулздаг тийм хүн болж хувирсан байсан юм. Тийм болохоор эргээд өөрийгөө сэргээж, цаг гаргаж, найз нөхөдтэйгөө ойр ойрхон уулздаг болох шийдлээ.
2. Дараа нь өөрийнхөө яг одоо юу хүсэж мөрөөдөж байгаагаа тодорхойлж гаргасан. Нэг үгээр өөрийгөө сонссон гэж хэлж болно. Ингээд дотор хүн маань юу гэж хэлсэн бэ гэхээр өөрийгөө жаахан амраа, эрх чөлөөг мэдэр, хамгийн их дурлаж байгаа яг одооноос туршиж үзье гэсэн санаагаа хэрэгжүүл гэсэн юм. Яг одоогоор дурлаж байгаа зүйл маань юу байна гээд бодоод үзтэл аялал зугаалгаар явах, сайн гэрийн эзэгтэй болох, гоёл чимэглэлийн зүйл хийж сурах, хэлний түвшингээ ахиулах гээд өөрийгөө хөгжүүлэх зүйлс байлаа. Эдгээрийг хийхийн тулд надад хангалттай цаг зав хэрэгтэй. Ингээд ажлаасаа гарахаар шийдлээ. Ажлаасаа гараад нөхөртөө өөрийнх нь үүргийг нь даалган өгч би гэрийн эзэгтэйн үүргээ хүлээн авав. Мэдээж ингэж шийдэх амаргүй байсан. Хоёул хоёулаа орлогогүй болчихвол яах вэ? гэдэг асуудал байнга л бодогдоно. Гэхдээ л бид хоёрын амьдралд ямар нэг зүйл буруу байгаа нь, өөрчлөлт хэрэгтэй байгаа нь мэдрэгдээд байсан болохоор зоригтой шийдсэн.

Намайг ажлаасаа гармагц мэдээж хэрэг нөхөр маань одоо ямар нэг зүйл бодох хэрэгтэй болж гэдгийг ойлгосон байх. Энэ нь ч өөрт нь таалагдаж байх шиг байсан. Ингээд бид хоёрын байр солигдлоо. Би гэртээ байж эзэгтэйн үүргээ гүйцэтгэнэ, найз нөхөддөө зав гаргана, нөхрийнхөө заваар хоёулханаа аялалаар явдаг болж ирсэн. Харин нөхөр маань юу хийдэг болсон бэ гэхээр ахынхаа машиныг чөлөөтэй үед нь таксинд явна, танидаг хүмүүсийнхээ хийдэг ажилд нь туслаж хөлс авна, англи хэлэндээ сайн учраас хүнд орчуулга хийж өгнө гэх зэргээр арга саам сүвэгчилж, үүргээ маш сайн биелүүлж эхлэсэн шүү.

Ингээд л бид хоёрын жинхэнэ эхнэр, нөхөрийн зөв харилцаа бий болж эхлэсэн. Миний хувьд өглөө нөхрөө хичээл, ажилдаа гарахад нь цэвэрхэн хувцас, өглөөний цайтай гаргаж, орой ирэхэд нь халуун хоол, цэвэрхэн гэр, гал халуун үнсэлттэй хүлээнэ. Бас хийсэн ажил бүрийг нь магтаж, түүнийгээ улам илүүг чадна хэмээн урамшуулна. Энэ нь бид хоёрт хоёуланд нь аз жаргалыг мэдрүүлж байна. Дээрээс нь би хоол хийх сонирхолтой учраас өдөр бүр өөр өөр сайхан хоол хийж сурч байгаа.Харин нөхөр маань одоо л жинхэнэ утгаараа өөрийгөө гэрийн эзэн гэдгээ мэдэрч, хичээж байгаа. Олж байгаа орлого нь ч бид хоёрт хүрэлцээтэй байгаа учраас урьдынхаасаа хавьгүй илүү болсон. Одоо бид хоёр бас нэгэн том аз жаргалаа хүлээж байна. Хэдхэн сарын дараа бид хоёр бяцхан үрээ өлгийдөж авна.

Чи ч бас яг одоо дарамт мэдэрч, өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа бол юунаас ч айж санаа зоволгүй, зоригтойгоор шийдвэр гаргаад нэг үзээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen