Б.Болороо: Сайд солигдонгуут ажлаасаа гарсан

Б.Болороо гэх эмэгтэйн таван минутын бичлэгийг та фэйсбүүк хуудсаар аялж яваад олж үзсэн биз ээ. Төрөлхийн тархины саажилттай ч арван жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн. Гэвч өдийг хүртэл хүссэн ажилдаа орж чадалгүй яваа тухай хэлсэн байдаг. Гэхдээ түүний бичлэгийн зорилго нь өөрөө ажилтай болохыг голчлоогүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, энгийн иргэн хоёрын дундах хана, хэрмийг нураах. Гудамжаар алхахад нь хүмүүс айж цочдоггүй, шоголдоггүй, ажил хийе гэхэд чадварыг нь харгалзан авдаг нийгмийн төлөө дуу хоолойгоо гаргаж буйгаа хэлсэн байдаг. Өдгөө түүний бичлэг хэдэн зуун мянгаар шэйрлэгдэж, одоо ч түмэнд түгсээр л байна.

Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуугарч, зоримог алхам хийсэн Буянжаргалын Болороо гэх бүсгүйтэй хэсэг хором ярилцсан ярилцлагаа хүргэе.


-Юуны өмнө Буянжаргалын Болороо гэх эмэгтэй хаана мэндэлсэн, хэдэн настай, сургуульд хэрхэн орсон талаар нь асууя. Бичлэг үзээд арван жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн гэдгийг дуулаад бахархаж суулаа?

-Намайг Буянжаргалын Болороо гэдэг. Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэгт мэндэлсэн. Төрөхийн хүндрэл, эмч хариуцлага алдсанаас болоод тархины саажилттай төрсөн юм билээ. Би уг нь ихэр байсан юм билээ. Эмчийн хариуцлагагүй байдлаас болоод ихэр маань эндсэн. Харин намайг сэвчээгээр хатгаж авснаас болоод нугасандаа гэмтэл авч саажилттай төрсөн.

Таван настайдаа би уншиж бичиж сурсан. Мянга дотор боддог байсан. Хэдий тийм ч өвчнөөсөө болоод явж чадахгүй, сургуульд сурах боломжгүй гэсэн. Тэгээд долоон настайдаа дөнгөж алхаж сураад сургуульд орсон. Ээж маань "Би чамайг эрүүл хүүхдүүдтэй л сургана. Өөр шиг чинь хүүхдүүдтэй суралцуулахгүй. Ийм ухаантай хүүхэд өөрөөсөө илүү, эрүүл хүүхдүүдтэй сурч байж амжилтад хүрнэ” гэсэн. Ээжийнхээ зүтгэлээр Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд орж байлаа. Мэдээж анх ороход хүүхдүүдээс эхлээд багш нарын хандлага хүртэл сонин байсан. Хүүхдүүд учрыг нь нарийн мэдэхгүй учраас их шоолдог. Нэгдүгээр ангид ороод эхний хоёр өдөр хүүхдүүд их шоолсон. Гэтэл гурав дахь өдрөөсөө шоолохоо огт больсон. Яасан бэ гэсэн чинь сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багш нар ангиудаа хуваарилж аваад миний талаар ярьж өгсөн юм билээ. "1Д ангид Болороо гэдэг бие муутай хүүхэд шилжиж ирсэн. Та нараас илүү ухаантай, багшаасаа илүү хурдан уншдаг мундаг хүүхэд. Огт шоолж болохгүй” гэж ойлгуулсан юм билээ. Тэгээд анги хамт олон, гэр бүлийнхэн маань намайг бүгд дэмждэг болоод ирэхээр ямар ч хүндрэлгүй болсон. Сурахад сайхан болсон.

Есдүгээр анги төгсөхөд улаан шугамаар жагсаадаг даа. Би нэгдүгээрт жагссан юм. Тэр үед газруудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яриа хийлгэхээр намайг их дууддаг байсан. Тэр болгонд очиж уулзахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэхээр хэцүү байдалтай харагддаг. Гэрт нь нэг л хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бол хэзээ ч баян тансаг амьдарна гэж байдаггүй. Тиймээс л энэ бүгдийг хараад аравдугаар ангидаа зорилгоо бат тодорхойлсон.

"АРВАН ЖИЛИЙН ШАРГУУ БОЛОРОО ИХ СУРГУУЛЬД Ч ЭРГЭН ИРСЭН”

-Энэ үеэс л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллах хүсэл, зориг төрж байв уу?

-Тийм. Арван жилд байхдаа л энэ тухай бодож эхэлсэн. Арван жилийн сургуулиа төгсөх дөхөхөд ээж маань намайг тооны ангид сурдаг болохоор энэ чиглэлээр явахад асуудалгүй гэж байсан. "Нэг байгууллагад нягтлангаар орчихвол хүний нүдэнд их өртөөд байхгүй. Хүмүүс ч төвөгшөөхгүй амар” гэж ээж хэлж байсан юм. Тэгэхээр нь "Би яагаад өөрийгөө бусдаас нуух ёстой юм. Заавал нуугдаж ажиллах ёстой юм уу” гэж уурлаж байсан. Гэнэт зөрүүд зан маань хөдөлсөн үү, багаасаа бодсон бодол минь хүчтэй илэрсэн үү ямар ч байсан тухайн үед сайн чаддаг тоогоо бус нийгмийн чиглэлийг сонгосон.

11 дүгээр ангидаа МУИС-ийн аль ангид сурвал хүмүүсийн дуу хоолой болох вэ гэдгийг судалсан. Тэгээд улс төр судлаачийн ангийг сонгохоор шийдсэн. Миний хувьд 1998-2008 онд арван жилийн сургуулиа төгсөөд 2008 онд МУИС-ийн улс төр судлаачийн ангид элсэж орсон. Эхний улиралд биеэ бариад, мэддэг чаддаг юмаа гаргаж чадахгүй нэлээн явсан. Гэтэл нэг өдөр лекц тараад явж байтал ээж маань "Миний охин сургуулиасаа гарах уу. Чи дээд сургуульд сурахгүй ч гэрээрээ сурч чадна” гэдэг юм байна. Би ч "Яасан бэ ээж ээ” гэсэн чинь "Танай ангийн чинь хэдэн хүүхэд чамайг тэнэг мангараар нь дуудаад. Тэнэг мангар юм чинь ард ирээд суучих юм гээд босоод явлаа” гэж хэлээд мэлмэртлээ уйлсан. Тэгэхээр нь миний бүр шар хөдөлсөн. Би өөрөө ээжийгээ гомдоож, уйлуулж үзээгүй байтал өөр хүн ингэнэ гэж юу байдаг юм гэж бодсон. Ингээд хоёрдугаар улирлаас хичээж, мэрийж эхэлсэн. Арван жилдээ шаргуу хичээллэж, онц сурдаг байсан Болороо эргэн ирсэн. Сурлагаараа цойлоод гараад ирэхээр нөгөө хүүхдүүдийн хандлага огт өөрчлөгдсөн. Ер нь хүн өөрийгөө л харуулахгүй бол доромжилж, басамжлах хандлага зөндөө байдаг.

-Арван жилд ч, их сургуульд ч онц сурсан Болороо охиныг "амьдрал” хэрхэн угтаж авав?

-Сургуулиа төгсдөг жил уг нь нэлээн хэдэн ажлын санал ирсэн. Гэхдээ би өөрөө нэг юманд зорьсон бол түүнээс өөр зүйл нүдэнд харагддаггүй юм уу даа. Тухайн үед ч, одоо ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллахыг хүсдэг. Найзууд маань ямар сайндаа "Хамгаалагч Болороо” гээд намайг нэрлэчихсэн.

Тэгээд 2012 онд их сургуулиа төгсөөд дипломоо бариад л явсан даа. Тухайн үед шинэ Засгийн газар ч байгуулагдсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам гэх мэтчилэн олон газраар явсан. Эхэндээ ч ажил олгогчид онц төгссөн, мундаг охин байна гээд ярина. Даанч хөгжлийн бэрхшээлийг маань мэдэхээрээ "Хүн авсан” гэх хариу хэлнэ. Биеэрээ очоод уулзахаар хөгжлийн бэрхшээлийг маань хараад "Нэлээн хүндрэлтэй юм байна. Чи бараг ачаалал дааж чадахгүй байх” гэдэг. Уг нь их сургуульд онц сурна гэдэг чинь өөрөө ачаалал дааж чаддагийн илрэл юм биш үү. Гэтэл ийм зүйлийг ойлгохгүй хүмүүс ажил олгоод байна гэхээр хэцүү санагддаг.

-Хэдий саажилттай ч байнга эмчилгээнд орж, өвчин тусаад байдаггүй биз дээ?

-Цоо эрүүл. Хамрын ханиад ч бараг тусдаггүй. Гаднах байдал, хөдөлгөөн л ингэж харагддаг болохоос биш цоо эрүүл. Ямар ч эмчилгээнд ордоггүй. Угаасаа тархины саажилт гэдэг өвчин их хэцүү. Хөдөлгөөн нь тархиндаа удирдагддаггүй. Энгийн хүн бол нэг юм бодоход тэр хөдөлгөөнөө хийж чадна. Гэтэл би гараа өргөе гэж бодсон ч тархиндаа сайн удирдагддаггүй. Бусад биеийн хүчний ажлыг хийж чадахгүй ч оюуны хөдөлмөрийг бол сайн хийж чадна.

-Дипломоо барьж явсаар олон хаалга мөргөсөн юм байна. Тэгээд анх хэзээ, хаана ажилд орж байв?

-2012-2014 он хүртэл дипломоо барьж олон ч газраар явж, хаалга мөргөсөн. Хүсэл зорилгодоо хүрэхийн тулд зориг гаргаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хандаж олон удаа хүсэлт тавьж байсан. Би үнэн байдлаа л хэлдэг. Арван жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн. Компьютерын бүх програм дээр ажиллах чадвартай. Хэлний түвшин сайн гэх мэтээр өөрийгөө танилцуулдаг. "Миний туйлын зорилго ийм байна. Би танай яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэст орж ажиллах хүсэлтэй байна” гэж бичдэг. Ер нь зовлонг нь мэддэг хүн л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бодитой юм хийж чадна. Түүнээс биш зүгээр нэг хүн асуудлыг шийдэж чадахгүй. Гэвч хариу ирүүлээгүй л дээ.

Харин 2014 онд гэнэтийн тохиолдлоор яаманд ажиллах боломж олдсон. Тухайн үед олон газар анкет бөглөөд цөхөрсөн. Юу ч гэсэн бичиж үзье гэж бодоод тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэвлэлийн албаны дарга н.Базар гэж хүн рүү юу ч гэсэн хүсэлт бичье гэж бодоод бичсэн. Гэтэл өөдөөс их уриалгахан хандсан. "Сайд маань хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулъя гэж хэлдэг. Сайдтайгаа зөвлөлдье. Уг нь орон тоо байхгүй. Гэхдээ нэг ширээ нэмээд, албан тушаал нэмэхэд чадахгүй зүйл байхгүй” гэсэн. Ингээд би 2014 оны дөрөвдүгээр сард ажилд орсон. Хэдий өмнө нь над шиг хүнтэй ажиллаж байгаагүй ч их тусалж дэмждэг байсан. Ингээд яамны хэвлэлийн албанд жил орчим ажилласан. Тэгээд сайд солигдоод бүтцийн өөрчлөлт хийхэд ажлаасаа гарсан. Тэрнээс хойш хүний эрхийн байгууллагад орж ажиллахаар нэлээн явсан ч хаалга мөргөсөөр байгаад таарсан.

Гэхдээ энэ хугацаанд гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон. Одоо охин маань хөхнөөсөө гарч байгаа учраас ажил төрөлдөө эргээд анхаарлаа хандуулж байгаа юм. Харин сая миний оруулсан бичлэгийн дагуу хэд хэдэн хүн ажлын санал тавьсан. Гэхдээ би өөрөө тэр ажилд орохгүй. Бусад хөгжлийн бэрхшээлтэй хүнд зуучлах замаар явж байна.

"БИЧЛЭГЭЭ ФЭЙСБҮҮКТ ОРУУЛАХАД ЗОРИГ ХҮРЭХГҮЙ НЭЛЭЭН УДСАН”

-Ямар ажлын санал тавьж байна?

-Ихэвчлэн гар ажиллагаа шаардлагатай, мужаан, засварчин гэх мэт санал ирсэн. Гэхдээ миний хувьд өвчнөөсөө болоод гар ажил хийх боломжгүй л дээ. Оюуны хөдөлмөрийг бол асуудалгүй хийнэ. Компьютер дээр сууж ажиллах боломжтой. Дээрээс нь миний зорилго огт өөр.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй залуус их байна. Ялангуяа интернэт орчинд бичиж байгаагаас нь харахад их сургууль төгссөн ч ажилд авахгүй байна гэж их ярьдаг. Тиймээс би гэртээ суугаад, хэн намайг ажилд авах бол гэж сууснаас өөрөө юм хийе гэж бодсон. Нэг хэсэгтээ зориг хүрэхгүй байсан л даа. Гэсэн ч хүүхэдтэй болсон хүн чинь "охиныхоо ирээдүй, амьдрал, бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө яадаг юм” гэж өөрийгөө зоригжуулаад бичлэгээ фэйсбүүктээ тавьсан. Цаашид ч гэсэн бичлэгүүдээ оруулна. Дараагийн бичлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар энийн иргэдэд зөв ойлголт хүргэх тухай юм.

-Бичлэг хийх санаагаа хэзээ гаргав. Бичлэгээ яг тавих гэхээр зориг хүрэхгүй нэлээн удсан байх нь ээ?

-Миний хувьд өмнө нь фэйсбүүктээ олон удаа энэ талаар нийтлэл бичиж байсан. Гэвч техник технологи хөгжиж, даяаршихын хэрээр залуус дөрөв, таван өгүүлбэрээс цааш уншихаас залхуурдаг болсон шүү дээ. Нэг л их сунжирсан урт юм бичихээр унших хүн байдаггүй. Бичлэг дээр ярьсан бүх зүйлийг өмнө нь нийтлэл дээрээ бичиж байсан. Тэр текстүүдээ цэгцэлж, эмхлээд бичлэг хийсэн. Бичлэгээ хийчихээд оруулах зориг хүрэхгүй нэлээн явсан. Сонгуулийн өмнө оруулах гэхээр хар, цагаан пи ард дарагдах байх гэж бодсон. Тэгээд сонгуулийн дараа оруулахаар хүлээсэн.

-Анхны сэтгэгдэл хэнээс ирэв?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд надтай холбоотой байдаг. Тэр эцэг эхчүүдийн төлөөллөөс "Зөв алхам хийсэн, зоригтой байна” гэж дэмжсэн байсан. Бичлэг оруулаад эхний гурван өдөр газар аваагүй. Сүүлдээ фэйсбүүкийнхээ тохиргоог public болгоод, олон гишүүнтэй группүүдэд тавьсан. Сүүлийн үед олон хүнд хүрч, хүмүүсээс урмын мессеж, коммент их ирдэг болсон. Зарим нь төрийн бус байгууллага /ТББ/ байгуулахад зөвлөх санал ч ирсэн. Сүүлийн үед иймэрхүү ажилтай явж байна.

-Одоо бичлэгийг хэчнээн хүн шэйр хийж, үзсэн байна вэ?

-Одоогоор 8000 гаруй шэйр, 360 мянга гаруй хүн үзсэн байна.

-Эцсийн үр дүнг юу гэж харж байна вэ?

-Энэ жил УИХ-д хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн гарлаа. Эмэгтэй хүний нүдээр улс орныг харахад огт өөр. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал өмнөх парламентуудад дандаа орхигдсоор ирсэн. С.Эрдэнэ сайд л стратеги төлөвлөгөө гаргаж ирсэн. Гэвч стратеги төлөвлөгөө гаргасан ч түүнийг хэрэгжүүлэх байгууллага, түүнд хяналт тавих тогтолцоо байхгүй учраас үр дүнгүй байна. Тиймээс үүнд эмэгтэй гишүүд анхаарч, зориглож гар бие оролцож, байгууллага бүрд хуулийн хэрэгжилтийг хяналт болгож тавимаар байна. Бичлэг маань эмэгтэй гишүүдийн сонорт хүрсэн гэж найдаж байна. Гэхдээ хүмүүс сэтгэлээсээ надад тусалж байгаа. Бичлэгийг маань гишүүдийн фэйсбүүк рүү холбож, олон гишүүнтэй групп руу оруулаад зургийг нь над руу явуулдаг. Өмнө нь энэ ажлыг өөр хүн зориглож хийгээгүй, би эхлүүлж байгаа учраас эцсийг нь хүртэл зүтгэнэ. Цаашид төлөвлөсөн 2-3 бичлэг бий. Мэргэжлийн студид бичлэгийг маань хийж өгөх санал ч ирсэнд баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.

-Гадуур явахад хүмүүсийн хандлага мэдээж хэцүү байдаг байх. Ямар хандлагыг нэн тэргүүнд өөрчилмөөр санагддаг вэ?

-Ер нь над шиг хүмүүс гадуур явахаар бусдын хандлага их хэцүү. Мэдрэл муутай мангар хүн, эсвэл өрөөл татанхай учраас тархи толгой нь ажилладаггүй гэж боддог. Гэтэл над шиг өвчин, зовлонтой хүн жилээс жилд нэмэгдэж байгаа. 1000 төрөлт тутамд хоёр хүн тархины саажилттай төрдөг болсон гэх судалгаа байна. Тэр хүн бүр миний зовлонг давтана гэхээр үнэхээр харамсалтай. Их, дээд сургуулиа хэчнээн онц дүнтэй төгссөн ч хөгжлийн бэрхшээлээсээ болоод ажлын байргүй болох тохиолдол зөндөө байна. Тиймээс цаашид олон хөгжлийн бэрхшээлтэй хүний сайн явах үүд хаалгыг нээж өгөх юмсан гэж чин сэтгэлээсээ боддог.

"МИНИЙ ГЭР БҮЛ ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛТАЙ”

-Түрүүнд гэр бүл зохиож, хөөрхөн охинтой болсон гэж байсан. Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Нөхөртэйгээ эчнээ танил байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, хурал дээр зөндөө таардаг байсан. Тэгээд 2014 оноос уулзаад гэр бүл зохиосон. Нөхөр маань төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй. Гэхдээ намайг бодвол хөгжлийн бэрхшээл хамаагүй бага. Хийж чадахгүй зүйлгүй. Би өөр шигээ саажилттай хүнтэй суусан бол хоёулаа юм хийж чадахгүй хэцүүдэх байсан л даа. Харин нөхөр маань бэрхшээлийн хувьд надаас хамаагүй хөнгөн. Үндэсний биеийн тамирын сургуулийг эмчилгээний аргазүйчээр төгссөн. Даанч ажилд орох гэхээр гарыг нь хараад ажилд авдаггүй. Одоо бол нөхөр маань гэртээ хүүхдээ хардаг. Би бэрхшээлээсээ болоод хүүхдээ тэвэрч ч чаддаггүй. Тэврэнгүүт гар, бие чангараад хүүхдээ унагаах гээд байдаг болохоор нөхөр маань л хүүхдээ авдаг.

-Одоогоор хоёулаа ажил хийхгүй байгаа юм байна. Тэгэхээр санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Манай ээж л шийддэг. Ээж маань үсчин хийдэг. Өдрийн орлогоор нь л болдог. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй гэх утгаараа сарын 140 мянган төгрөгийн группийн мөнгө авдаг. Үнэнийг хэлэхэд энэ мөнгө юу ч болдоггүй. Нэг хил хонины мах ямар үнэтэй билээ. Хувцас хунар, идэж уухаас эхлээд хэрэгцээ их. Одоо нэг хөөрхөн хүүхэд гараад ирлээ. Хувцас хунар, памперснаас эхлээд асуудал их.

Бичлэг хийснээс хойш ажилд оруулъя гэж олон хүн хандсан. Би хэлсэн л дээ. Өөрөө ажлын байртай болох гэж бичлэг хийсэн биш. Ажилтай болъё гэж бодсон бол өмнөх ажлынхаа хүмүүстэй холбогдоод суудал бөглөөд явж болно. Гол нь энэ бичлэгээр хүмүүст хүрсэн, далайцтай юм хийхийг хүссэн.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen