Ц.АМАРБАЯСГАЛАН: АМЬДРАЛЫН МИНЬ УТГА УЧИР БОЛ ТУЛААНЫ УРЛАГ
Энэ удаагийнхаа "Өглөөний зочин" буландаа мэргэжлийн кикбокс, мутайбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгаланг урилаа. Тэрбээр Монгол, Японы хамтын үйл ажиллагааны гүүр болсон "Шинобү групп"-ийг үүсгэн байгуулсан юм. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Шинобү Файтинг-2017" тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хэрэв андуураагүй бол энэхүү тэмцээнийг өмнө нь "Имприал" нэрээр зохион байгуулдаг байсан байх аа?
-Тийм ээ, өмнө кикбоксын төрлөөр "Имприал" нэртэй тэмцээнийг зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс шагналын санг нь өсгөсөн. Тиймдээ ч нэрийг нь өөрчилж "Шинобү Файтинг" болгосон.
-Өөрөөр хэлбэл, тэмцээний цар хүрээ өргөжсөн гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Гэхдээ "Имприал"-ыг жилд ганцхан удаа зохион байгуулдаг том тэмцээн байсан болохоор төсөв мөнгө их ордог байсан. Учир нь, тус тэмцээнийг зохион байгуулахдаа гаднын олон тамирчныг урьж оролцуулж, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаардаг байсан гэж ойлгож болно. Харин энэ тохиолдолд манай улсын тамирчид олноороо оролцох боломж хомс байсан юм. Харин нэрийг нь өөрчилж "Шинобү Файтинг” болгосноор дотоодын олон тамирчныг тэмцээндээ оролцуулах боломжтой болсон.
-Энэ жилийн "Шинобү Файтинг-2017” тэмцээний эхний шат өнгөрсөн бямба гарагт болсон. Харин хоёр дахь шатны тэмцээн нь энэ сарын 17-нд болох гэж байна. Тэмцээнийхээ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Шалгарсан найман тамирчин маань хасагдах журмаар тулалдана. Энэ сарын 10, 17, 24-нд шалгаруулалтаа хийх юм. Өмнө нь бол өдөр өдөрт нь хасаад явдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг тамирчин гурван тулаан хийж байж аварга болно гэсэн үг. Өдөрт гурван тулаан хийнэ гэдэг маш хэцүү. Бэртэл их гарна, ядарна. Ядарсан хүнээс үзүүштэй тоглолт гардаггүй. Энэ нь тамирчдад маань хүндрэлтэй байдаг.
Тиймээс бид тэмцээнээ долоо хоногийн зайтай гурав хувааж хийдэг болсон. Тэгвэл үр дүнтэй сайхан тоглолт болно. Тамирчдад хүртэл сөрөг нөлөө багатай. Бас энэ тэмцээнийг эхний өдөр үзэж чадаагүй хүмүүс дараагийн өдөр нь үзэх боломжтой. Тамирчдын хувьд кёкүшинкай каратэ, кикбоксийн, Монгол зоноос урлагийн тамирчид байна.
-Та ярилцлагынхаа эхэнд "Шинобү Файтинг-2017” тэмцээний шагналын сан өндөр гэж хэлсэн. Шагналын сан өндөр байх нь ямар ач холбогдолтой вэ?
-Хамгийн гол нь, энэхүү тэмцээнийг олон удаа зохион байгуулж, тэмцээнээс төрөн гарсан тамирчдаа алдаршуулахыг хүсэж байна. Гадаад, дотоодын олон тэмцээнд "сойх" боломжтой болсон. Улмаар дараа, дараагийн хүүхдүүд тэдэн шиг мундаг хүн болох юмсан гэх нууцхан хүсэл, мөрөөдөлтэй болно шүү дээ. Энэ ч утгаараа хүүхэд, залуус энэ төрлийн спортоор хичээллэж, өөрийгөө ялан дийлэх чадварыг олж авах болно.
-Тэгвэл өөрийгөө ялан дийлэхээс гадна тухайн тамирчинд өөр ямар төлөвшлийг өгдөг вэ?
-Өөрийгөө ялан дийлсэн хүн хэзээ ч буруу зам руу ордоггүй. Дайчин, хүнтэй харилцах харилцаа сайн болно. Түүнчлэн хүнийг хүндлэх чадвар нь хүртэл өөр болдог. Бидний хийж байгаа юм ганцхан тамирчин бэлтгэх биш. Нийтийн биеийн тамир, нийтийн эрүүл мэндийг хөгжүүлэх том зорилтыг тавьж ажиллаж байна.
-Кикбоксын холбоод их байдаг гэж сонссон. Танайх бусад холбооноос зохион байгуулдаг тэмцээнээс юугаараа ялгаатай юм бэ?
-Тийм ээ, кикбоксын төрлөөр олон холбоо бий. Тэр болгоноос сонгон шалгаруулалт хийж, манай тэмцээнд шилдгүүд нь ордог гэж ойлгож болно. Бас Монголдоо шагналын сан өндөр тэмцээн гэдгээрээ онцлог л доо. Харж байхад Монголд олон холбоо, олон ч аварга байна. Бүгд л жижигхэн тэмцээнд ороод аварга болчихсон. Гавьяа шагналыг нь харахаар аваргууд хэдий ч гадаадын тэмцээнд очоод тулалдахаар чаддаггүй. Тиймээс бид "Шинобү Файтинг-2017” тэмцээнээс Монгол Улсаа төлөөлж чадах чадварлаг тамирчин гаргаж авах, нөгөөтээгүүр тэдний чадварыг чанаржуулах зорилгыг тавьж байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таныг анх тулааны спортод хөл тавьж байсан үеийн түүхийг сонсмоор байна. Дээр нь энэ спортод таныг "дурлуулсан" багш нарын тань тухай уншигчид мэдэхийг хүсэж байгаа байх?
-Амьдралын минь утга учир бол тулааны урлаг юм. Аж амьдралыг минь залгуулж өгсөн буянтай спорт. Тиймээс л энэхүү спортыг хөгжүүлэх гээд зүтгээд байгаа юм би. Тулааны урлагаар хичээллээгүй бол өдийд буруу замаар орчихсон ч байх байсан юм бил үү.
-Буруу зам гэдэг нь ямар утгаараа тэр вэ?
-Шууд утгаараа. Энэ спортоор л би өөрийгөө төлөвшүүлсэн. Анх Дархан-Уул аймгаас каратэгийн кимоно үүрээд л гарсан. Халаасандаа 10-хан мянган төгрөгтэй хотод ирж байлаа. Тэр үед манай клуб подвалд байрлаж байсан. Тэнд над шиг Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирсэн залуус нэг үзэл бодолтой байсан. Бүгдээрээ байрлаад бэлтгэл сургуулилтаа хийж, спортынхоо гарааг эхлүүлж байлаа. Тэр үед бид Монголын хамгийн анхны "Цагаан бар” гэж хамгаалалтын компанийг Чинзориг багштайгаа нийлж байгуулсан. Тэндээсээ санхүүжиж, цалингаа авч амьдралаа залгуулдаг байсан санагдана.
-Та хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа "Уг нь малгай цуглуулах хоббитой байсан. Одоо бол сайн тамирчин цуглуулахыг зорьж байна” гэж ярьсан байна билээ. Өнөөдөр тэрхүү зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Манайх "Шинобү Файтинг Фитнесс” 2008 онд байгуулж байсан. Түүнээс хойш фитнесс болон тулааны спортыг холбосон. Дээр нь тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна фитнессээ олон улсын стандартад оруулах гэж зүтгэх явцад бэлтгэлийн систем бий болсон. Тулааны урлаг гэхээрээ хүн яаж цохих вэ, хүнээс яаж хамгаалах вэ гэх маягаар урлаг биш тал руугаа заагаад байна.
Фитнесс гэхээрээ булчингаа яаж хөгжүүлэх үү гэсэн зүйл байна. Ийм хоёр салангид юмыг бид хослуулж зааснаараа кикбоксоор хичээллэдэг 200 гаруй гишүүнтэй болсон. Түүний 130 гаруй нь эмэгтэй. Тамирчид гэх юм бол манай дээр кикбоксын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө хүрэл медаль, сонирхогчийн дэлхийн аварга, олон улсын аварга нар түлхүү төвлөрдөг. Одоо бол жаахан системтэй байх хэрэгтэй. Замбараагүй биш. Нэг системтэй, нэг зорилготой явах хэрэгтэй.
-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн 130 гаруй нь эмэгтэй гэлээ. Эмэгтэйчүүдийн кикбоксоор хичээллэх, сонирхох шалтгаан нь юу байна вэ?
-Маш олон шалтгаан бий. Нэгт нийгэм өөрөө их бухимдалтай байна. Ийм үед хүмүүс спортоор хичээллэснээр дотроосоо уур бухимдлаа гаргаж, дээр нь богино хугацаанд биеэ тэгш хөгжүүлж байна. Хүн харахад тулааны урлаг гэдэг хурдтай хөдөлгөөн хийгээд байгаа боловч иог шиг, бясалгал шиг тайвшруулдаг. Хамгийн гол нь эмэгтэйчүүд стрессээ тайлах гэж хичээллэж байна.
Бас нэг зүйлийг хэлэхэд ажлаа хийгээд явж байхад хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд хамаг хувцас, цүнхээ үүрээд амьсгаадчихсан, яарчихсан, гүйгээд орж ирдэг. Тэрийг хараад би их урам авдаг.
-Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл би тэр хүмүүст бэлтгэлдээ яарах тийм гоё сэтгэл өгч чадаж байна шүү дээ.
-Ингэхэд тантай холбоотой бүх зүйл "Шинобү” нэртэй байдаг шүү дээ?
-Тийм шүү. "Шинобү” бол өөрөө их гоё нэр л дээ. Ханз нь их философитой.
-Ямар утгатай юм бэ?
-"Шинобү” гэсэн нэртэй эмэгтэй хүн олон байдаг юм билээ. Бас том самурайнууд "Шинобү” нэртэй. Сүүлийн үеийн том якуза, мафын бүлэглэлийн боссууд "Шинобү” нэртэй байх жишээтэй. Ханзаар нь харах юм бол бамбайн доор хүний зүрх рүү сэлмээр дүрж байгаа зураглал харагдана. Тэр юу хэлж байна гэхээр зүрх рүү чинь сэлмээр дүрсэн ч тэвчээртэй бай гэсэн утга учиртай. Японд очиход энэ нэрийг клубын захирал надад өгч байсан.
Тэр клуб маань Японы төв клуб бөгөөд 40 жил аварга төрөөгүй. Хамгийн сүүлчийн аварга нь Шинобү гэдэг хүн байж. Тэгээд л "Дахиад аварга төрнө өө” гэж бэлгэшээж энэ нэрийг өгсөн. Түүнээс нь хойш би жилийн дараа аварга болж байсан даа.
-Монголын кикбоксын спортын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Хятад, Орос, Монгол хүн тулалдахад Монгол хүн аварга болох магадлал маш өндөр.
-Шалтгаан нь?
-Цусанд нь байдаг. Гэхдээ Монгол хүн аварга болоход ашиг байна уу, байхгүй.
-Яагаад ашиггүй гэж вэ?
-Монгол хүн аварга болоход Оросоос хүн ирж үзэх үү, Хятадаас хүн ирж үзэх үү, цөөхөн монголчууд л очно. Хятад хүн аварга болоход хэчнээн хүн тухайн зохион байгуулж байгаа газарт нь ирэх вэ.Сошиалаар хэдэн хүн хүлээж авах вэ ч юм уу, ийм том бодлого ард нь байдаг. Үүнийг манай спортынхон ойлгохгүй Монгол нь илүү хүчтэй, аварга болж чадна гэж ойлгоод байгаа юм. Тиймээс бид цаашид энэ спортыг системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл үүнийг яаж өөрчлөх вэ. Яавал энэхүү спортыг хөгжүүлэх вэ. Та юу гэж бодож байна?
-Тэр чинь бидний бодлого. Дэлхийд том тулааны урлагийн тэмцээний үзэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тийм болохоор үзэгчдийн сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Гарч байгаа тамирчид маань гоё дүр төрхтэй, бие бялдар сайтай, дэвжээн дээр гарахад өөрийн гэсэн аятай, өмсгөлтэй, гарахдаа ямар нэг тавилттай байх хэрэгтэй. Энэ чинь том контент л гэсэн үг, бүх талаар нь хөгжүүлэх хэрэгтэй.
-Мэдээж танд цаашид бодож, төлөвлөсөн олон ажил бий л биз дээ?
-Би анх 2008 онд Монголд ирээд жижигхэн өрөө түрээслээд, ханыг нь нураагаад, ринг зоогоод фитнесс байгуулах ажилдаа орж байлаа. Дараа нь зүүн дөрвөн замд тулаантай хослуулсан жем байгуулсан. Хоёр жилийн өмнө Зайсанд нүүж ирлээ. Ингээд ахиад л яваад байна. Бид одоо юу хийх гэж байна вэ гэхээр спортыг анагаах ухаантай хослуулсан жем барих юм. Зураг төслийн ажил дээрээ явж байгаа. Хүний эд эсийг задлан шинжлээд зөвлөгөө өгдөг. Та одоо ийм жинтэй байна, таны булчингийн татах хүч ийм байхад түлхэх хүч ийм байна. Тэгвэл ийм хугацааны дараа ийм жинтэй, ийм булчингийн хөгжилтэй болж болно гээд бүх юмыг тооцож гаргаж чаддаг болно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Р.Мөнхзаяа