Зеленский: Эх орныхоо газар шорооноос ганц сөөмийг ч өгөхгүй гэж дайтаж байна
-Уншигчаас ирсэн нийтлэлийг хүргэж байна-
Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Тухайн үед ах дүү Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад би гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна.
Харин Ардчилсан Монголынхоо зарим иргэдийг ойлгох ухаан дутаад цөхрөлөө барах дөхөх юм. Тэднийгээ дахин ятгахаар шийдээд танай сайтыг сонголоо. Хараал багахан урсгаж хүлцэн уншина уу.
НҮБ-ын Дүрмийн бараг оройд нь (2.4.) бичээтэй дархлаатай байна. “Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ” гэжээ.
Болохгүй л гэчихсэн байна. Аль II дайны дараа нутаг дэвсгэрийг улс төрийн зорилгоор, дайн өдөөгчийг шийтгэх маягаар хувааж байснаас хойш 80 жил өнгөрчээ. Гэтэл тэр түүхийг эргэж сөхөх гэсэн Трамп Цагаан ордонд морилон ирээд дэлхийг бужигнуулж, далимд нь Нобелийн энх тайвны шагнал хүртчих санаатай үзэж таарч байна.
ОХУ энэ дайныг өдөөсөн, одоо Украины нутаг дэвсгэрт террорист дайнаа үргэлжлүүлж байна.
Трамп гэдэг бол үнэхээр зөрүүд, бас даапаантай хүн юм. Даян дэлхийгээр тоглоод ч байгаа юм шиг, эсвэл дамшиглаад ч байгаа юм шиг. Дайн хийж байгаа Путиныг, эх орноо хамгаалж байгаа Зеленскийг шувтан алмайруулж ирлээ. Нөгөө хоёр алмайрахын хэрээр дэмжигчид нь дагаж хуйлраад л, Трампын бах тав ханасан янзтай. Би ийм л дүр зураг олж үзлээ, энэ хэдэн сард.
Саяхны, 7 хоногийн өмнөх жишээ. Трамп, Путин хоёр уулзах боллоо, уулзчихлаа гэмэгц л Орос ялж байна, Украин сөнөж байна, ялагдлаа, хохь нь, Америк суларлаа, сүйрлээ, Путины ялалт гээд манайхны зарим нь баахан хийрхлээ. Украйныг ялагдуулах нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ гэж би үзэхгүй байна.
Оросыг заавал ялуулах нь ч бас Монгол Улсын ашиг сонирхол биш. ОХУ энэ дайныг өдөөсөн, одоо Украины нутаг дэвсгэрт террорист дайнаа үргэлжлүүлж байна. Орос орон өөрөө ухсан нүхэндээ унахад тун ойртсон. Украиныг дэмждэг монголчууд тэр нүх рүү нь Оросыг түлхээд байгаа юм биш.
Энэ дайн Орост ялалт бус, ялагдал авчрахад тун ойртсон. Хэрэв энэ дайн Оросын эсрэг, Оросын бүтэлгүйтлээр дуусвал маргааш нь Хятад орж ирээд Монголыг эзлээд авна гэдэг бол бүр үлгэр, одоо тэгж тэнэгтдэг цаг биш, Хятад тийм түрэмгийлэл рүү хэзээ ч явахгүй гэж би баттай итгэдэг.
Харин эдийн засгийн “байлдан дагуулалт”-ынх нь пянг даах үндэсний чадавх, сөрөн тэсвэрлэх хүч чадал бидэнд байх ёстой, бий болгох ёстой.
Ажигласан зүйл. Нутаг дэвсгэрээр нь наймаалцах замаар дайн зогсоох нь Украины Үндсэн хуулиар хориотой, хэн ч нутаг дэвсгэрээсээ тасдаж харийн улсад өгч болохгүй гэсэн хуультай, Украины ард түмэн санал хураалтаараа шийднэ, хэзээ ч зөвшөөрөхгүй гэж Зеленский Трампад 7 сарын турш тайлбарлаж байна.
Цөхрөхдөө Цагаан ордны зууван танхимд тусгай самбар бэлтгүүлж Украины газрын зураг дэлгэж байгаад Трампад “газар зүй”- н хичээл заачих шиг боллоо. Маш нарийвчлан бүх деталийг нь ярьж өглөө. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрээ Путинд огт бэлэглэхгүй, тэгж болохгүй гэдгээ ухуулан таниулж энэ удаа чадлаа. Гэхдээ цаадхи нь нэг л өдөр 180 градус эргээд хадуураад эхлэнэ.
Газар зүйн анхны ойлголтгүй Трампын нүдийг нээх гэж Цагаан ордонд Финландын Ерөнхийлөгч Александр Стубб маш примитивээр (энгийнээр, болхиор) ухуулга хийлээ. Украины газар нутгийг авах гэсэн ОХУ-ын шаардлагыг ойлгохын тулд америкчууд Та нар хэд хэдэн томхон мужаа нэг дор алдаж байна гээд төсөөлөөд үз дээ.
Флорида, Жоржиа, Өмнөд Каролина, Умард Каролина, тэр ч байтугай Виржиниа мужуудаа орхиж, дараа нь Мэрилэнд рүү дөхнө гэх мэтээр төсөөл дөө” гэж ярьж байх юм. Украинд ийм л юм болоод байна гэсэн санаагаа тэр ярьж байна.
Одоо Трампыг ятгах дараагийн сэдэв бол Путин яагаад Украинд ийм их хонзонтой болчихсон юм бэ гэх сэдэв. Заавал ялж буулгаж авна гэж Путин цэргээ байлдуулаад бүтэлгүйтээд, цэрэг-армиа сүйтгээд дууслаа. Гэвч хонзон огт тасрахгүй. Ганц л хариулт байна.
Ойлгомжтой хариулт. Ардчилал эрх чөлөөний зам сонголоо, хөгжлийнхөө чиг баримжааг Европын интеграц гэж харлаа гэснийхээ төлөө л Украин Оросын эзлэн түрэмгийллийн хохирогч болчихсон. 2013-2014 оны үйл явдал Европын Холбоотой ассоциацын гэрээ байгуулахаас эхэлсэн. Тэр үед НАТО гэж яригдаагүй. 2014 оноос цус урссан.
Оростой хил залгаа бүх улс орон нутаг дэвсгэрээ алдахад хэзээд бэлэн байх ёстой, түүнд нь бэлтгэх хэрэгтэй юу?
Одоо тов тодорхой харагдаж байна. Орост суртал нэвтрүүлгийн заналхийлэл огтоос тасрахгүй. Украин гэж ард түмэн угаасаа байгаагүй, тэд бол орос, тиймээс тусдаа оршин тогтнох эрхгүй, устгавал таарна, зэвсгийг нь хураана, нацистуудыг нь шийтгэнэ, хөнөөнө, Европ Украинд тусалж болохгүй, Путин эзэлсэн нутгаа хэзээ ч буцааж өгөхгүй, үүрд Оросынх гэх мэт. Ална устгана, сөнөөнө гэсэн заналхийлэл бүр их.
Хүний нутгийг цэргийн хүчээр үхэл зовлон (нэг сая орос цэргийн шарил) тарин байж булааж аваад ОХУ-ын Үндсэн хуульдаа оруулаад баталгаажуулчихвал үүрд Оросынх болчихдог–XXI зуунд арай л хэтэрхий тэнэгтэж байх бус уу? Оростой хил залгаа бүх улс орон нутаг дэвсгэрээ алдахад хэзээд бэлэн байх ёстой, түүнд нь бэлтгэх хэрэгтэй юу?
Монголчуудын зарим нь Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгт тархиа нэвт угаалгаад, Украйн руу нялж нааж байгаа бүх хар хорыг зөвшөөрөөд дагаж дуурайж хараал урсгаад байвал Орос ялчихна гэж боддог бол хий горьдлого юм. Би Та нартаа Зеленский, Стубб нарыг хуулбарлаад жирийн нэгэн асуултыг газрын зургаар тавья. Би өөрөө монтажилсан.
ОХУ-тай хил залгаа баруун, баруун хойд аймгуудаас Орост хайртайчуудыг элсүүлээд Улаанбаатарынх нь эсрэг цэнэглээд босгочхож гээд төсөөлөөд үз дээ.
Эхлээд референдум явуулаад, дараа нь ОХУ-д аймгаараа нэгдэж орох хүсэлт Москва руу өгүүлээд, сүүлдээ Москва нь ОХУ-ын Үндсэн хуульд нөгөө аймгуудыг чинь ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гээд баталчихвал (зүгээр төсөөлөл шүү!) энэ “ОЯА” нар яах болж байна вэ гэж би айх боллоо.
Тэгээд Улаанбаатарт нь зөвшөөрөхгүй бол дайн хийчхээд манай нутагт байлдаад салахгүй, урвагчид ба 5-р цувааг монголчуудынх нь эсрэг ашиглаад, цус урсгаад байж байвал ямар байх вэ?
Т.ОтгонбаярМиний эвлүүлсэн газрын зургийг хар даа. Би ёрлож байгаа юм биш. Зүгээр л Та нарт энгийнээр ойлгуулах гэж байна.
Харьцуулалт хийлгэж байна. Энэ зургийг сайтар хар, таны сэтгэлд юу буух вэ? Украин гэдэг улс, Украины ард түмэн яг л ийм зүйлтэй тулгарчхаад эх орноо хамгаалан байлдаж байна.
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски 17 жилийн өмнө Тбилисид цуглаан дээр индрээс дэлхийд хандан “Өнөөдөр Гүрж, маргааш Украин...” –анхааруулж байв.
Түүний үг зөгнөл мэт сонсогдож байсан ч 2014, 2022 онуудад гарцаагүй нотлогдсон доо. Качиньски ингэж анхааруулж байсныхаа төлөөсийг амь насаараа Оросын нутагт онгоцтойгоо сүйрч төлсөн дөө.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)