Украины дрон ОХУ-ын томоохон цөмийн цахилгаан станц дээр унасны улмаас гал гарчээ
Өчигдөр буюу ням гарагт ОХУ Украины харвасан дрон буюу нисгэгчгүй онгоцыг устгах зорилгоор буудсан нь Курск муж дахь томоохон цөмийн цахилгаан станц дээр унаж, гал гарчээ.
Оросын талаас дор хаяж 95 дроныг устгасан гэж мэдээлжээ.
Украины хилээс 60 км-ийн зайд орших тус станц дээр унасан дрон нь дэлбэрэхдээ дамжуулагчийг гэмтээж, станцын хүчин чадлыг 50 хувиар бууруулсан гэв.
Украины Засгийн газрын харьяа Худал мэдээлэлтэй тэмцэх төвөөс “ОХУ Украиныг цахилгаан станцад нь зориудаар цохилт өгсөн хэмээн суртал ухуулга хийж байна” хэмээн шүүмжилсэн байна.
Тус цахилгаан станцын хэвлэлийн албанаас мэдээлснээр бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галыг шуурхай унтраасан гэжээ.
НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлаг гал гарсан талаарх мэдээллийг мэдсэн ч бие даан баталгаажуулах боломжгүй гэв.
Уг агентлагаас Орос, Украины талуудад цөмийн байгууламжуудын ойролцоо дайралт хийхгүй, хянуур байхыг олон удаа уриалж буй.
Өчигдөр мөн Украин Зөвлөлт холбоот улсаас гарч, тусгаар тогтнолоо зарласны 34 жилийн ойн өдөр тохиосон.
Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський өөрсдийн эрх чөлөөний төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байх болно хэмээгээд “Украин бол хохирогч биш, харин тэмцэгч” гэжээ.
Эх сурвалж: Reuters