Хятад, Оросын супер зэвсгүүд дайныг өөрчлөх үү?
Бээжин хотод болсон парадын үеэр Хятадын ардыг чөлөөлөх армийн пуужингуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Хажуугаас нь харахад зүү шиг урт, нарийн үзүүртэй, 11 метр урт, 15 тонн жинтэй энэ пуужингийн дээр "DF-17"гэж бичжээ.
БНХАУ Dongfeng гэж нэрлэсэн, дуунаас хурдан пуужингаа 2019 оны аравдугаар сарын 1-нд дэлхий дахинд танилцуулсан.
АНУ энэ зэвсгийг хөгжүүлж буй талаар мэдэж байв. 2019 оноос БНХАУ энэ зэвсгээ тасралтгүй сайжруулжээ. Одоо энэ пуужин дуунаас тав дахин хурдан буюу цагт 6208 км хурдална, маневр хийх чадалтай. Дайныг ч өөрчлөх боломжтой энэ зэвсгийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна.
Геостратегийн зөвлөл хэмээх бодлогын (тинк танк) байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн мэргэжилтэн Уилям Фрийр "Дуунаас хурдан пуужингууд улс орнуудын хоорондох өрсөлдөөний зөвхөн нэг хэсэг нь. Хүйтэн дайнаас хойш ОХУ, БНХАУ, АНУ-ын өрсөлдөөн ширүүссэн" гэжээ.
Бээжингийн цэргийн парадын дараа дуунаас хурдан пуужингийн технологи аюул учруулж болзошгүй гэсэн таамгууд хөвөрсөн юм. Энэ технологиор ОХУ тэргүүлж, араас нь БНХАУ, АНУ "нэхдэг" бол Их Британид энэ технологи байхгүй. Барууны орнууд дотоодын зөрчил мөргөлдөөнд илүү төвлөрсөн он жилүүдэд Бээжин, Москва олон жилийн турш батлан хамгаалах салбартаа ихээхэн хөрөнгө оруулжээ.
Мөн Израил Arrow 3 (сум) гэж нэрлэсэн, хамгаалалтын зориулалттай, дуунаас хурдан пуужинтай. Ираны эрх баригчид дуунаас хурдан зэвсэгтэй гээд өнгөрсөн зургаадугаар сард болсон 12 өдрийн дайнд ийм пуужин харваснаа мэдэгдэв.
Тэрхүү пуужин нь үнэхээр ч дуунаас хурдан байжээ.Гэвч маневрын ур чадвар нь учир дутагдалтай байсан аж. Хойд Солонгосчууд 2021 оноос хойш дуунаас хурдан пуужин бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байна. Тэд пуужин нь бэлэн болсон гэж мэдэгддэг.
Их Британи, Франц, Япон энэ технологид хөрөнгө оруулах болжээ. Харин АНУ "Хар бүргэд" пуужингаараа хятад, оросыг тогтоон барихаар оролдсоор. Гэвч олон мэргэжилтэн энэ салбарт БНХАУ, ОХУ хол түрүүлсэн гэж үздэг.
Цагт 1234 км-ээс хол зам туулах чадвартай зэвсгийг дуунаас хурдан гэх төрөлд оруулдаг. Одоогоор ОХУ-ын Avangard пуужин хамгийн хурдан буюу 33.313 км/цaгийн хурдтай. Гэхдээ энэ пуужин 14.806 км/цагийн хурдтай ниссэн гэх мэдээлэл ч бий. Энэ нь секундэд 3.2 км хурдтай байсан гэсэн үг юм.
Дуунаас хурдан пуужинг дагах, радараар илрүүлэх, хөөргөсөн эсэхийг нь урьдчилж мэдэх, зогсоох нь маш хүнд. Мөн бай руугаа шулуун замаар дайрдаггүй, маневр хийх чадвартай буюу чиглэлээ өөрчилдөг, хөдөлгөөн нь тогтмол бус. Иймд эдгээр пуужин ирээдүйн дайныг өөрчилж, аюул учруулж болзошгүй.
Баллистик пуужинг нуман хэлбэрээр хөөргөдөг тул хөдөлгөөнийг нь таамаглах боломжтой. Харин дуунаас хурдан пуужинг агаар мандал хүртэл өндөрт хөөргөж, тэндээс маш хурдтай доошилдог. Мөн радарт өртөхгүйн тулд харьцангуй нам дор, газартай ойрхон нисдэг пуужингууд ч бий. Газарт байрлуулсан радарууд (үл харагдах холын юмыг радио долгионы хүчээр харах төхөөрөмж) дуунаас хурдан пуужинг илрүүлэх чадваргүй аж.
Эх сурвалж: BBC