Уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бусыг “Эрчист Монгол” -д нэгтгэнэ
Төрийн өмчит уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус төрийн өмчит компаниудыг “Эрчист Монгол” компанийн удирдлагад нэгтгэнэ.
Мөн компаниудын чиг үүргийн давхардлыг арилгахаар Засгийн газар ажиллаж байна. Төрийн өмчийн хороонд бүртгэлтэй 122 компанийг 70 болгох боломжтой хэмээн ЗГХЭГ тооцоолжээ.
Гэвч толгой компани байгуулснаар асуудал шийдэгдэх эсэхэд УИХ-ын гишүүд эргэлзэж буйгаа илэрхийлж, удирдлага дахь компаниудаасаа “үйлчилгээний төлбөр” хэмээн их хэмжээний хөлс авдаг, мөн удирдлагын шатлалыг нэмэгдүүлэх эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлжээ.
“Эрдэнэс Монгол” ХК-ийг байгуулснаар төрийн өмчит компаниуд дахь ТУЗ-ийн давхардсан чиг үүргүүдийг арилгаж, тоог бууруулсан талаар баримтыг Н.Учрал сайд танилцуулсан.
Мөн 60 гаруй компанийг 31 хуулийн этгээд болгож, зохион байгуулсан болохыг дурдав. Харьяа компаниудын орлогыг толгой компани төвлөрүүлж, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлдэг талаар мөн тайлбарласан.
Энэ мэт зохион байгуулалтын үр ашиг, ач холбогдолтойн зэрэгцээ мега төсөл хэрэгжүүлэх, олон улсын хэлэлцээр хийхэд гол түшиц болдог талаар мэдээлэл өгөв. Иймд олон улсын сайн жишгээр уул уурхайн бус төрийн өмчит компаниудаа зохион байгуулалтад оруулах нь үр ашигтай, мөн авлигыг бууруулах чиглэлд ч ахиц гарна гэв.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд ил тод байдлыг хангаж, хөндлөнгийн аудит ажиллуулна гэжээ.