“Цагаандэл уул-Өлзий” боомтыг хоёр улсын жишиг боомт болгоно

Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтыг хоёр тал хоёр улсын жишиг боомт болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын алба хооронд “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Тус боомтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар боллоо.

“Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээг байгуулж замын зураг төслийг хийж байна.

“Ийнхүү боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой юм”гэдгийг Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар тэмдэглэн хэлсэн юм.

“Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах гэрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Тиан юунь болон албаны бусад хүмүүс оролцож, ӨМӨЗО-ны боомтын албаны дарга Сэ Цэн болон Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нар гарын үсэг зурж баталсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen