Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслыг ЭХ ОРОНДОО ХИЙНЭ
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. Өнөөдөр Сайд Т.Мөнхсайхан эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих гэж байна.
Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг дөрвөн улсын эмнэлэгтэй гэрээ хийхээр ярилцаж байгаа талаараа онцоллоо. Тэрбээр Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг бүгдийг нь эх орондоо нэвтрүүлж дуустал хугацаа шаардана. Тэр хүртэл тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг эмнэлгүүдтэй гэрээ хийж, монголчуудад хямд үнээр үйлчлэх боломжийг нь олгох, Эрүүл мэндийн дэмжих сангаас олгодог эмчилгээний зардлын буцаан олголтыг нь тухайн эмнэлэг рүү нь шилжүүлдэг болох тогтолцоог бий болгохоор ажиллаж байна гэлээ.
Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ:
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг 1966 оноос эхлэн улсын хэмжээнд үзүүлж байгаа бөгөөд Монгол улсад хийгдэж буй нийт тархи, нуруу нугасны мэс заслын 80-с дээш хувь нь тус эмнэлэгт хийгдэж байна.
2014 оны байдлаар тус эмнэлэгт тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 4004 тохиолдол буюу 4 дахин нэмэгджээ. Үүнээс 900 орчим тархи, нугасны хавдар оношлогдсоноос гүний байрлалтай болон ховдлын хавдрууд 130, эдгээрээс гадаад улсад 30 орчим тохиолдол мэс засал эмчилгээ хийлгэхээр явсан байна. Тус баг нь БНТУ-д суралцаж ирснээр үндэсний хэмжээнд тархины судасны мэс заслын өндөр мэргэшсэн баг бүрдэх бөгөөд Тархи, нуруу нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулж, тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, тархины хавдартай үйлчлүүлэгчид гадаад улсыг зорих, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх зэрэг иргэнд учрах эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм.
Үр хөврөлийн удам зүйн оношилгооны аргуудын эмнэл зүй:
Манай улсын үр шилжүүлэн суулгах төв болон лабораториудын үйл ажиллагаа сайжирч байгаатай холбогдуулан үр хөврөлийг умайд суулгахаас өмнө хромосомын тоо ба бүтцийн өөрчлөлтийг генетик шинжилгээгээр тодорхойлсны дараа эрүүл үр хөврөлийг сонгон умайд суулгах шаардлага тэр хэрээр тулгарсаар байна. Үр шилжүүлэн суулгах ажилбарыг манай улсад улсын 1 (ЭХЭМҮТ), хувийн 4 лабораторид хийж байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төвд 2015 оноос хойш 1000 гаруй эхэд үр шилжүүлэн суулгах ажилбар хийж, 190 гаруй хүүхэд мэндлээд байна. Тиймээс ЭХЭМҮТ-ийн эмч нар үр хөврөлийн удам зүйн оношилгоог нэвтрүүлснээр үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болж байгаа хосын үр хөврөлд удамзүйн шинжилгээг хийх, эрүүл үр хөврөлийг сонгон эхийн умайд суулган, хромосомын тооны өөрчлөлтгүй эрүүл хүүхэдтэй болох боломжтой болохоос гадна Монгол Улсад үзүүлж байгаа үргүйдэл ба удамзүйн тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрэх юм.
Хавдрын оношилгоо, шинжилгээг баталгаажуулах молекул генетикийн шинжилгээ:
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Тус төлөвлөгөөний 2.3.4.1-д “Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан. Эмгэг судлалын шинжлэх ухаан нь анагаах ухааны суурь шинжлэх ухааны нэг бөгөөд эмгэг судлаач, эс судлаач эмч нар нь нотолгоонд суурилсан онош, дүгнэлтийг гарган, өвчтөний эмчилгээний асуудалд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог. Гэвч манай улсын олон иргэд хавдрын оношилгоо шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг хийлгүүлэхээр гадаад улсыг зорьдог. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс анатомийн эмгэг судлаач эмч, молекул генетикийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дээрх дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр нотолгоонд суурилсан онош, дүгнэлт гаргах, гадаад улс руу оношилгоо, эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.