Нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг эх орондоо эмчилдэг болно

Нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг эх орондоо эмчилдэг болно

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор нурууны мурийлт оношоор үзлэгт хамрагдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тухайлбал, 2019 онд 150, 2020 онд 174, 2021 онд 211, 2022 онд 376, 2023 онд 554 онош тавигдаж, уг оношоор 18 мэс засал хийгджээ. Түүнчлэн тус төвд хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог оношлогдох, цаашлаад энэ төрлийн мэс заслын тоо ч нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон дээрх өвчний эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой ГССҮТ-ийн эмч нарын баг тун удахгүй БНСУ болон БНХАУ-ын эмнэлгийг зорьж, суралцахаар мордох гэж байна.
Чиглэл чиглэлээрээ амжилттай суралцаж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас хасуулах зорилго өвөртөлж буй ГССҮТ-ийн эмч нарын багийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж авч уулзан /2024.10.18/ ихийг сурч, эмчилгээ үйлчилгээгээ эх орондоо богино хугацаанд нэвтрүүлэхийг захилаа.

Нурууны хүнд хэлбэрийн мурийлтын үеийн мэс заслын эмчилгээг суралцах БНСУ-ын Кореа их сургуулийн "Ансан" эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй буюу аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, эмнэлгийн хамтын ажиллагаанд тулгуурласан үйлдвэржилтийн платформыг бий болгож, дотоодын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн салбарт тэргүүлдэг байна. Харин БНСУ-ын Сунчинхён их сургуулийн Бүчён эмнэлэг нь орчин үеийн эмнэлзүйн төвүүдэд нэн ховор байдаг томографын эмчилгээний төвтэй аж.

Эмч нар сургалтад хамрагдсанаар нурууны төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй хүзүү, сээр, бүсэлхий нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг мэс заслын аргаар Монгол Улсад эмчилдэг болохоос гадна нурууны бусад мэс засал “O-Arm болон Navigation system”-ийг нэвтрүүлнэ. Мөн  хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ, хүүхдийн ясны хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний арга техникт суралцах юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen