Шинэ хавдрын эмнэлгийг гадаадын зээл тусламжаар бус төсвийн санхүүжилтээр барина

Шинэ хавдрын эмнэлгийг гадаадын зээл тусламжаар бус төсвийн санхүүжилтээр барина

 

Манай улс шинэ хавдрын эмнэлэг барих талаар яриад зургаа дахь жил рүүгээ орж байгаа ч өнөөдөр дорвитой эхлүүлсэн ажил байхгүй, газраа л сонгосон гэхэд хилсдэхгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн арванхоёрдугаар 16-нд захирамж гаргаж, Хавдар судлалын үндэсний II төв эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсан байна. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтсан гэдгийг мэдээлж байсан юм. Тухайн үед 4-5 жилийн дараа монголчууд орчин үеийн хавдрын эмнэлэгтэй болно гэж мэдээлж байсан. Мөн тус эмнэлгийг нийт 526 тэрбум төгрөгөөр барина. Харин ирэх жил 40 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавьжээ.
СХД-ийн 34 дүгээр хорооны Найрамдалын аманд 95308 метр квадрат цогцолбор төв байгуулах бөгөөд тус эмнэлгийг 4-5 жилийн хугацаанд барьж дуусна гэж тооцоолж байсан. Тэгвэл манай улсын зураг төслийн компаниудад томоохон эмнэлгийн зураг төсөл хийж байсан туршлага байхгүй аж.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Хавдрын эмнэлэг барих асуудлаар ҮАБ-ын зөвлөмж гарсан. Өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн эх үүсвэрийн судалгаа хийсэн. Хавдрын эмнэлэг барих туршлага бидэнд маш бага. Зургийн компаниуд, Эрүүл мэндийн яам, анагаах ухааны салбарт ч туршлага байхгүй. Барилгын ажил руугаа ороод ирэхээр өөр сорилтууд тулгараад ирж байна.
Одоо дотоодын мэргэжилтнүүдийн хийсэн таван тусдаа объекттой зураг төсөл байна. Анагаахын салбарынхны эхлээд хоёр объект нь ашиглалтад орсон байхад болно гэсэн саналыг үндэслээд ирэх жилийн төсөвт 40 гаруй тэрбум төгрөг тавьсан. Гадаадын зээл тусламж хөөцөлдөж байгаа зүйл бий. Гэхдээ Солонгосын Эксим банк, Турк, Азийн хөгжлийн банкны зээлийг хөөцөлдөхөөр цаг хугацаа шаардаж байгаа учраас төсөв дээрээсээ шат дараатайгаар хийгээд явъя гэсэн шийдэлд хүрсэн" гэсэн юм.
Түүнчлэн шинэ эмнэлэг барьтал хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор 2025 оны төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Энэ нь одоогийн эмнэлгийн ачааллыг 20 хувиар бууруулахаар байсан ч бэлэн байгаа эмнэлгийн барилгыг худалдан авах ажил энэ жил хийгдээгүй байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen