Хоолны сонголтоо жаахан өөрчлөхөд л таны арьс илүү сайхан болно
Хоолны сонголтоо жаахан өөрчлөхөд л таны арьс илүү сайхан болох боломжтой. Бид арьсаа арчлахдаа аль болох хамгийн сайн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдаг. Их Британид гоо сайхны салбарт 2.3 тэрбум фунт стерлинг, Туркт 1.6 тэрбум ам.доллар эргэлддэг байна.
Гоо сайхны хагалгаа хийлгэх нь ч түгээмэл болов. 7.7 сая британи хүн ботокс гэх мэт гоо сайхны нэмэлт үйлчилгээ авчээ. Нийгмийн сүлжээнүүд дэх шүүлтүүртэй зургууд, зар сурталчилгааны төгс дүр төрх биднийг арьсандаа илүү анхаарахад хүргэж байна. Тэгвэл бидний өдөр тутам хэрэглэдэг бүх хүнс арьсанд шууд нөлөөтэй.
Гэхдээ арьсны бүх асуудлыг шийдэж чадах, ид шидийн хүнс байхгүй. Арьсанд эерэг нөлөөтэй хүнсний жагсаалт нь эрүүл хооллолтын зөвлөгөөтэй ерөнхийдөө ижил.
Омега 3-аар баялаг хүнс идээрэй.
Омега 3 тосоор баялаг хүнс арьсыг чийгшүүлж, үрэвсэхээс хамгаалдаг. Энэ тос хулд, туна, шар загасанд агуулагддаг тул долоо хоногт хамгийн багадаа нэг удаа загас идээрэй.
Мөн чиа үр, хушга, маалингын үр альфа-линолений хүчил агуулдаг. Эдгээр нь үрэвслийг бууруулж, цусны эргэлтэд эерэг нөлөөтэй.
Мөн омега нь эсийн мембраныг дэмжиж, арьсны чийгийг хадгалдаг. Гэхдээ энэ бүх үйл явц яаж өрнөдгийг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байна.
Шар, улбар шар, улаан өнгөтэй жимс
Шар, улбар шар, улаан өнгөтэй жимс арьс шинэчлэгдэх үйл явцыг дэмждэг, амин дэм, эрдэс бодис, антиоксидант агуулдаг. Лууван, чихэрлэг төмс, чинжүүнд бэта-каротин бий. Энэ нь бидний биед ороод А амин дэм болдог. А амин дэм нь ретинол болж хувирдаг байна.
Мөн арьс коллаген үйлдвэрлэхэд С амин дэм хэрэгтэй.
Шингэн зүйл сайн уугаарай.
Шингэн зүйл хангалттай уух нь арьсны эрүүл мэндэд нөлөөтэй. Ус, цай, кофе, жимсний чихэргүй шүүс, сүү уух хэрэгтэй. Өдөрт хоёр литр шингэн уух нь тохиромжтой.
Хүнснээс цайр авах нь чухал
Бидний биед цайр байдаггүй тул хоолоороо гаднаас авах нь зөв. Броколи, хясаа, буурцагт ургамал идээрэй. Цайр нь эсийг гэмтлээс хамгаалж, шарх хурдан эдгэхэд тусалдаг.
Цайр агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн сацуу хүнсээр дамжуулан цайр авбал батга, экзем, псориаз, архаг шархыг эдгээдэг.
Арьсанд сайн нөлөөтэй хүнснээс гадна муу нөлөөтэй хүнс ч бий. Энэ нь элсэн чихэр юм. Харин шоколад арьсан дээр батга гаргадгийг баталсан судалгаа байдаггүй бөгөөд bitter буюу хар шоколад арьсанд ач тустай юм байна.
Эх сурвалж: BBC