МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө
Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтад 2024 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг яриа хэлэлцээнд урьж, анхны уулзалтаа 2025 оны 9 дүгээр сарын 19, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Стратегийн ач холбогдол бүхий ордын ойлголтыг анх 2006 онд "Ашиг малтмалын тухай" хуулиар тодорхойлж, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан.
Энэ нь 2015 онд нэгээр нэмэгдэж, 16 орд болсон бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх саналыг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр нийт 39 ордын асуудлыг Засгийн газарт даалгаснаас хойш эдүгээ 18 жил өнгөрчээ.
Тус тогтоол батлагдсанаас хойш 12 жилийн дараа Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж заажээ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэж заасан.
Гэвч уг заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах, ямар хувилбар нь илүү бодитой, оновчтой байх талаар нэгдсэн ойлголтыг бий болгож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн орчин нь тодорхой бус хэвээр байгаа явдал нь Монголын уул уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс салбарынхаа үйл ажиллагааг анхааралтай ажигласаар ирлээ.
Ялангуяа Үндсэн хуулийн дээрх нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах үед, хууль тогтоогчийн зүгээс хүсэл зорилгоо УИХ-ын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тодорхой илэрхийлсэн байдаг.
Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд, төрийн эзэмшлийн асуудлыг хүчээр тулган шийдэх бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх нь төрийн эрх ашигт нийцэхээс гадна хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёны ашиг сонирхлыг хамгаалж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хэлэлцээрийн ширээний ард хоёр талдаа тэгш эрхтэйгээр байр сууриа илэрхийлж, тодорхой зарчим болоод урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдэлд хүрэх нь стратегийн ордуудын ашиглалтад тогтвортой байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой.
Энэ нь нэг талаас улсын төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг баталгаажуулах, нөгөө талаас компаниудын бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Иймд компанийн эрх ашгийг харгалзан үзэхийн зэрэгцээ салбарын тогтвортой хөгжил болоод эдийн засгийн үр өгөөжийг бодитой нэмэгдүүлэх, цаашлаад улсын төсвийн тогтвортой байдлыг хангах нь стратегийн ордуудыг зохистой ашиглах бодлогын үндсэн орилго байх ёстой гэж үзэж байна.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь салбарын төлөөлөл дүрэмд заасан зорилгынхоо хүрээнд тус салбарт хариуцлагатайгаар манлайлан ажиллаж буй гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан, уулзалт хэлэлцээрийн үйл явцад ажиглагчаар оролцон, хэлэлцээрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхийг ажиглах боломж нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэж байна.
Холбогдох мэдэгдэл, хүсэлтийг албан бичгээр илгээх болно. Уг хэлэлцээрийн үр дүнд олон жил үл ойлголцсон асуудлууд нэг талдаа гарч, хувийн өмчид төрийн хувь эзэмшлийг тогтоохоос илүү боломжит бусад хувилбаруудыг хэлэлцэн талууд ойлголцолд хүрнэ хэмээн найдаж байна" гэв.