Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи
Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох хэлэлцээрийг нэр бүхий компаниудтай эхлүүлээд байгаа. Энэ асуудлаар MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалаас өнөөдөр /2025.09.22/ сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногоос эхлэн нүүрсний томоохон орд эзэмшигч компанийн удирдлагатай хэлэлцээр эхлүүллээ. Ухаахудаг ордыг стратегийн орд гэж үзэн, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал яригдаж байна. Харин танай компанийн зүгээс арай өөр тайлбар хийдэг. Ухаахудаг орд стратегийн ордод хамаарах уу. Та бүхэн энэ ордыг ямар зарчмаар авсан юм бэ?
-Одоогоос 17 жилийн өмнө тухайн үеийн Засгийн газартайбид Тавантолгойн бүлэг ордын төрийн эзэмшлээр есөн удаагийн хэлэлцээр хийж, өнөөгийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа буюу Тавантолгойн бүлэг ордын зургаан лицензийн таван лицензийг төрд өгсөн. Энэ нь ордын нийт нөөцийн 96 хувь юм. Бид үлдсэн 4 хувийн нөөц буюу Ухаахудаг дээр бүтээн байгуулалт хийгээд 16, 17жил болж байна.
Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг нь Ухаахудаг. Энэн дээр бид тухайн үедээ Засгийн газартай хэлэлцээ хийгээд хуулийн хүрээнд нийт эзэмшлийн 96 хувийг төрд өгсөн байгаа.
-Одоо бол Засгийн газар үлдэгдэл 4 хувийг нэмж авна гэж яриад байгаа. Энэ 4 хувийг төрийг залилаад авчихсан мэт ойлголт төрүүлэх нь ч бий?
-Тэр бол худлаа мэдээлэл, зориудаар худлаа мэдээлэл цацсан гэж ойлгож байгаа. Тухайн үедээ төрийн бүх байгууллагаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гараад дөрвөн сар хэлэлцээ хийсний эцэст төрийн эзэмшлийг өгсөн. Албан ёсны төрийн байгууллагынх нь бичиг баримт байгаа. Стратегийн ордын хүрээнд тухайн үеийн хууль номын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувь байх ёстой гэсэн хуулийг бид давуулан биелүүлж 96 хувиа өгсөн. Ямар ч маргаангүй хууль номын дагуу хийсэн гэрээ.
-Өнгөрсөн хугацаанд танайх энэ орд дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ. Анх Засгийн газартай хэлэлцээр хийх үед ямар нөхцөл байдал үүсч байсан бэ?
-2007 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаад стратегийн ордод улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 50 хувь хүртэл эзэмших ёстой, хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулалтаа хийсэн бол 34 хүртэл хувь байх ёстой гэсэн хууль гараад тэрний дагуу 50 хүртэл хувиа өгөх ёстой байсан, түүнийгээ давуулан биелүүлж өгсөн.
Түүнээс хойш бид ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Говийн бүсэд авто зам, баяжуулах үйлдвэр, сургууль цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалт хийсэн. 2024 оны эцсээр гаргасан 15 жилийн үйл ажиллагаанд ойролцоогоор 2.6 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 6.2-ын заалт гээд байгаа нийт байгалийн баялгийн 50+1 өгөөж нь ард түмэн хүртэх ёстой гэдэг заалтыг бид сайн биелүүлсэн. Ухаахудаг гэдэг өгөөжийн 70 хувь буюу 2.6 их наядыг ард түмэндээ өгсөн байна гэдэг тайлан гарч байгаа.
-Ухаахудаг бол Тавантолгойн ордын өрөм нь гэж яриад байгаа үнэн үү?
-Тийм юм байхгүй, тэр бол худлаа. Тавантолгойн ордын өрөм нь Баруун, Зүүн цанхи шүү дээ. Тавантолгойн бүлэг орд нийт 6.4 тэрбум тоон нүүрсний нөөцтэй байсан, биднийг лиценз эзэмшиж байхад. Дараа нь хөрөнгө оруулалт хийгээд 7 тэрбум гаруй тонн нөөцтэй болсон. Үндсэн өрөм нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Баруун, Зүүн цанхи. Хамаагүй том үйл ажиллагаа явуулж байгаа орд.
-Хэлэлцээ эхэлчихсэн танай компани оролцоод явж байна уу?
-Ажлын хэсэг нь байгуулагдаад хэлэлцээ эхэлчихсэн явж байгаа. Ерөнхий сайд өнөөдөр аж ахуй нэгжийн удирдлагуудыг дуудаад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодит ажил хэрэг болгох, Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ илүү өгөөжтэй байлгах талд аж ахуй нэгжүүд хамтарч ажиллаж гэрээ хэлэлцээр хиймээр байна гэдгийг бид дэмжиж байгаа.
Яагаад гэвэл уул уурхайн баялгийг эдийн засгийг томруулах буюу , нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрсэн, яаж 10 мянган ам.долларт хүргэх вэ гэдэг нь нийтийн зорилт. Бодитой ажил болгохын тулд экспорт ахиухан хийх ёстой, хөрөнгө оруулалт татах ёстой. Дотоодоор зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Хөрөнгө оруулалтыг хааш нь татаж эдийн засгаа томруулах вэ гэхээр уул уурхайн салбар шүү дээ. Уул уурхайн салбартаа стратегийн орд гэж юу байх юм, хөрөнгө оруулагч нар ордод хөрөнгө оруулалт хийчихсэн байтал гэнэт төрд авна гэвэл бүгд айж үргээд хөрөнгө оруулалт хийхгүй болно. Энийг цэгцлэх гэж байна уу гэж ойлгож байгаа.
Ажлын хэсэг байгуулагдаад, Ерөнхий сайд өнөөдөр хүлээж аваад уриалж байна. Уриалгыг хүлээж авч байгаа, яагаад гэвэл Үндэсний баялгийн сан гэдгийг бодит ажил хэрэг болгох ёстой. Ялангуяа байгалийн баялгийг ашиглаад өгч байгаа татвар ард иргэдэд ахиу очдог байх ёстой. Нөгөө талаасаа өгч байгаа татвар үр өгөөжтэй байх ёстой.
Тэгэхээр хөрөнгө оруулагч талдаа ч хүлээн авахуйц, улс төр талдаа ч боломжтой хэлэлцээр хийнэ гэж найдаж байна.
-Хэлэлцээрийн үеэр та юуг тодотгох шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Тоглоомын дүрэм ойлгомжтой байх ёстой, тогтвортой байх ёстой. Тоглоомын дүрэм гэдэг нь хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийгээд сайн орд байвал ямар татвар авах юм, яаж тогтворжуулах юм, Хөрөнгө оруулалтын гэрээгээ барьдаг байх ёстой. Стратегийн орд гэдэг чинь юугаа хэлэх юм, цаашдаа стратегийн орд гэж байх юм уу үгүй юм уу гэдгээ тодорхой болгохгүй бол нэг улстөрч нэг Засаг гарч ирээд танайх стратегийн орд мөн байна аа, 34 хувиа авна гээд байвал энэ эрсдэлтэй салбар луу хөрөнгө оруулахгүй шүү дээ. Бид нар өнгөрсөн 34 жил хөгжиж байгаа орны зам тууллаа. Хөрөнгө оруулагчтай маргаантай маргаангүй янз бүрийн л асуудал байсан байх. Цаашдаа урагшаа харж амьдрахын тулд стратегийн орд гэж юуг хэлэх юм, стратегийн орд гэж байх юм уу, гадных ч бай, дотоодынх ч бай ойлгомжтой болгох ёстой. Ямар ч хөрөнгө оруулагч орон нутагтаа, ард иргэддээ төр засагтаа аль болохоор өгөөжийг 50-иас дээш хувь өгөхийн төлөө бүгд ойлгож байгаа,хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Гол нь төр хэлсэн тохирсон, хөрөнгө оруулалт хийхээс өмнө тохирсон зүйлээ л мөрддөг, хэрэгжүүлдэг байх ёстой.
-Тодруулбал стратегийн орд дээр таны байр суурь ямар байгаа юм?
-Би бол стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин бол томъёоллоор үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд гэж томъёолсон байдаг санагдаж байна. Одоо эдийн засаг томорч байна, илүү томрох хэрэгтэй байна. Тэгэхээр стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу гэж боддог. Тэр нь уран гэх юм уу, газрын ховор гэх юм уу. Гарцаагүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор. Бүтээгдэхүүнээр заагаад томъёолохгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт бүгд стратегийн орд байна гэхээр хөрөнгө оруулагч нар ордынхоо нөөцийг тогтоочихсон ч гэсэн томруулахаас айдаг гэж байгаа, томорчихоор төр авчихна гэдэг айдастай учраас тэр. Үүнийг төр эргэж харж өөрчлөх ёстой гэж боддог.
-Төрийн дарамт шахалт ямар байдаг вэ. Өнгөрсөн хугацаанд Ухаахудагаа авкя гэдэг жагсаал цуглаан ч зохион байгуулагдсан. Төрийн захиалгатай гэдэг хардлага ч явсан.Төрийн хэлэлцээр ширээний ард гэхээс илүү улстөржиж, танайхыг шахсан байдлаар явж байна гэж харагдаж байгаа?
-Өнгөрсөн хугацаанд биднийг гэрээ хэлэлцээрт уриагүй, дуудаагүй. Бид нар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байгаа. Уул уурхайн салбарт аж ахуй эрхэлж байгаагийн хувьд хэлэлцээр хийхэд бэлэн, үр өгөөжтэй, бодит шийдэл олъё л гэж бодож байгаа. Бодит шийдэл гэдэг нь уул уурхайгаас ард түмэнд өгөөж очдог, мэдрэгддэг, улсын төсөвт ахиухан татвар хураамжаа төлж эдийн засагт дорвитой нэмэр болдог, хөрөнгө оруулагч нар хүлээж авахуйц шийдэл байх ёстой. Ийм хэлэлцээр хийнэ гэвэл бид бэлэн. Зөвхөн нэг орд, нэг аж ахуй нэгжид зориулсан биш бүх аж ахуй нэгжид ижил үйлчилхүйц ийм шийдэл олоход хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гээд явж байгаа. Хэлэлцээр эхэлсэн явж байна.
-УИХ-ын сонгууль бүрээр танай компани улстөрчдөд маш их хэмжээний мөнгө хандивладаг. Үүнийг MCS төрийн толгойд байна гэдэг. Ямар зорилгоор улстөрчдөд хандив өгөөд байдаг вэ?
-Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг. Хуулиараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид аж ахуй нэгж тэдэн төгрөг өгнө гээд заасан байгаа. Хуулийн хүрээнд л өгч байгаа, хандив. Нэг аж ахуй нэгж 30 сая төгрөг хүртэл гэж заасан байдаг. Групп компанийн хувьд гурван компани өгөхөд 90 сая болно. Нэг гишүүнд нийлээд 90 сая төгрөг өгч болно.
Хэрэв бичиж байгаа шиг улс төрд нөлөөлөх зорилго байсан бол ил өгөхгүй байх л даа. Намыг нь үл харгалзаад хулгай хийхгүй, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлнэ, нийгмийн төлөө зөв ажиллана гэсэн хүнд л хандив өгч байсан. Хандив өгсөн улстөрчдөөсөө бид хэзээ ч ингээд өгөөч тэгээд өгөөч гэж гуйж үзээгүй, гуйх ч үгүй. Би өмнө нь хэвлэлээр хэлж байсан, бизнесийн эрх зүйн орчинг эрүүл байлгаад өгөөсэй, татварын орчныг зөв байлгаасай, хөрөнгө оруулалтыг татахуйц эрх зүйн орчин зөв бүрдүүлээд өгдөг улстөрч олон болоосой гэдэг үүднээс л хандив өгч байгаа шүү дээ.