Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

 

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор тавигдаад байна. “...Удаан үргэлжилж буй энэ маргаан эцэстээ улс төрийг ч хөдөлгөөнд оруулсан” гэж зарим хэсэг нь үздэг.

Ялангуяа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Ухаахудагийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийг томилж байв. О.Алтангэрэл “…Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2008 онд гуравдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан гэрээ гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэж мэдэгддэг байв.

Харин “М-Си-Эс" группийн захирлуудын зөвлөлийн дарга, тухайн үед “Энержи ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга байсан Ж.Оджаргал 2025 оны гуравдугаар сарын 24-нд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаанд оролцох үеэрээ “…Засгийн газартай зөрчилдөөд байгаа юм байхгүй. Үндэсний баялгийн сангийн хуулийг бүрэн дэмжиж байгаа. “Энержи ресурс” 2008 онд Засгийн газартай гэрээ хийсэн. Тавантолгойн ордын зургаан лицензийнхээ тавыг нь төрдөө өгчихсөн. УИХ батлах ёстой байсан эсэхийг хэлэх субьект бид биш" хэмээсэн байдаг.

Ямартай ч 2008 оны эхээр, тухайн үеийн Засгийн газар Ухаахудагийг Тавантолгойгоос тасалж “Энержи ресурс”-т үлдээсэн. Үүний өмнөх харилцан тохиролцох уулзалтыг хэд хэдэн удаа хийсэн.

Хоёр дахь удаагийн уулзалт нь 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд ҮХЯ-ны хурлын зааланд болжээ. Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Хэлтсийн дарга Ж.Ганбат, ҮХЯ-ны Газрын дарга Х.Бадамсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Н.Байлыхүү, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Д.Зоригт, ТЭХЯ-ны Газрын дарга Б.Ганбаатар, ТЭХЯ-ны ахлах мэргэлжилтэн Ш.Батренчин нар, “Энержи ресурс”-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Моннис” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, “Энержи ресурс” ХХК-ийн дэд захирал Ц.Батжаргал, тус компанийн хуулийн зөвлөх Ц.Үүрцайх нар оролцжээ. Өдрийн 11:30-д эхэлсэн уулзалт 13:00 цагт өндөрлөсөн байна.

Түүгээр, эхний уулзалтаар тохирсон ёсоор “Энержи ресурс” ХХК-иас Тавнтолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийсэн ажил, гаргасан зардлын талаарх танилцуулгыг “Энержи ресурс”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нар хийжээ. Тэд “…Нийтдээ 8.2 тэрбус төгрөг төслийн ажилд зарцуулсан. Мөн тодорхой хэсгийг нь энэ жил зарцуулахаар төлөвлөж байгаа” гэжээ.

Түүний дараа Үйлдэр худалдааны сайд Х.Наранхүү “…“Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө зарж хийсэн хайгуул, судалгаа, өрөмдлөгийн ажлуудыг хийх шаардлага үндэслэл, төсвийн хөрөнгөөр өмнө нь хийгдэж байсан хайгуул, судалгаа, өрөмдлөгийн ажлуудаас юугаараа ялгаатай болохыг судалж үз” хэмээн Засгийн газрын Ажлын хэсгийнхэнд даалгасан байна.

Ингэхдээ “…Нэн ялангуяа дэд бүтцийн чиглэлээр хийгдсэн ажлуудыг давтан хийх шаардлага байсан эсэхийг тодруул” гэж Ажлын хэсэгт багтсан ТЭХЯ, ҮХЯ-ныханд даалгажээ. Мөн, энэ харьцуулсан дүгнэлтийг хийхдээ “Энержи ресурс” ХХК-иас ажлын тайлангаа холбогдох этгээдэд танилцуулж хамтран ажиллахыг хүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen