Ц.Батнайрамдал: Дэлхийн үүслээс эхлээд нүүдэлчин монголчуудын өв соёлыг харуулахыг хичээлээ

Ц.Батнайрамдал: Дэлхийн үүслээс эхлээд нүүдэлчин монголчуудын өв соёлыг харуулахыг хичээлээ

 

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам албан ёсоор ёслол төгөлдөр эхэллээ.
Тэгвэл иргэд олон нийт, наадамчин олны хүсэн хүлээдэг наадмын нээлтийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж, найруулсан Ерөнхий найруулагчийн сэтгэгдэлийг хүргэж байна.
Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: Үнэхээр агуу ард түмэн юм. Ийм сайхан ард түмний өв соёлыг энэ сайхан ард түмнийхээ эв нэгдлийн баталгаа болсон, үндэсний бахархал болсон, дархлаа болсон наадмыг нээх хувь тохиол олгосон төр түмэн, түмэн арддаа маш их баярлалаа.
Монголын ард түмэн бол эхнээсээ нүүдэлчин язгуурын өв соёлыг дэлхийд гаргах бүрэн боломжтой. Өв соёлоо тээгээд орчин үеийн техник технологи, шинэчлэлийг хийгээд, урлаг соёлыг хөгжүүлээд явахад дэлхийд гарах бүрэн боломж байгаа гэдгийг энэ наадмынхаа нээлтээр харуулах гэж зорьсон. Тэгээд та бүхний сэтгэлд нийцсэн бол  үнэхээр төр түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бага ч гэсэн биелүүллээ гэж баярлаж байна. 
-Энэ жилийн хувьд хэчнээн уран бүтээлчид оролцсон бэ?
-Нийтдээ 21 аймгийн язгуурын өв тээгчид болон найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл нийтдээ 1300 гаруй уран бүтээлчид оролцож, өнөөдөр үндэснийхээ өв соёлоор бахархаж, дэлхийн үүслээс эхлээд балар эртний хүмүүсийн аж байдал, ахуйн байдлаас нүүдэлчин монголчуудын язгуурын өв соёлыг харуулах гэж гурван сарын турш хөдөлмөрлөсөн. Энэ хүч хөдөлмөр маань ийнхүү биеллээ олж байгаад маш их баяртай байна. 
-Наадмын найруулгын зохиол дээр хэн ажилласан юм бэ?
-Наадмын найруулгын зохиолыг МҮОНРТ-ийн радиогийн редактор, Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын шагналт Цэнд-Аюуш гэж залуу яруу найрагч зохиолыг нь бичсэн. Үүндээ “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэйгээр нүүдэлчин монголчууд өнөөдөр байгаль эх дэлхийгээ шүтэж, байгаль ахуйгаараа дэлхийн даяаршлын үед хүн төрөлхтний энх амгалан, энх оршихуйн төлөө дараагийн сайн сайхан руу уриалан хөтлөх нэгэн хөтөч нь болж явах боломж байгаа шүү гэдгийг бид бүхэн энэхүү үзүүлбэрээрээ үзүүлж байна.
-Орой нээлтийг давтаж үзүүлэх юм билээ?
-Анх удаа Монголд, өнөө орой 22:00 цагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ шөнийн нээлт болох гэж байна. Тиймээс техник технологи хөгжиж буй энэ эрин зуунд дэлхийн бусад хотуудад болдог үндэсний их баяр наадмын нээлт шиг нээлт хийх боломж олдлоо.
-Хоёр жил дараалан том наадам зохион байгууллаа шүү дээ.
-Юм гэдэг их учиртай байдаг юм байна. Төрсөн нутгийнхаа 100 жил, Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жил, мөн Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн ерөнхий найруулагчаар ажилласан. Тэгээд энэ их өндөр төрийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллах босгыг давж явсан юм болов уу гэж нутаг усныхандаа маш их баярлаж байна. Ингээд их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуут, Баяндэлгэр сумынхандаа маш их баярлалаа. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen