Орон нутгийн машин нийслэлд гурав хоновол 6000 төгрөг төлнө

Орон нутгийн машин нийслэлд гурав хоновол 6000 төгрөг төлнө

 

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ.

 

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотой нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог багасгахаар НИТХ-ын тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан юм. Энэ талаар НЗХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат “Улаанбаатар хот руу нэвтрэх Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваагаар нэвтэрч буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авна. Ингэхдээ, цахимаар төлбөр авахаар зохицуулсан. "Smart car" аппликейшнээр нэхэмжлэлийг илгээнэ” гэжээ.

 

Дээрх төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар, арчлалтад зарцуулах юм. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл багасах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen