МОНГОЛООС ЯВАХ МОНГОЛ ЗАЛУУСЫН МӨРӨӨДӨЛ БОЛЖЭЭ

МОНГОЛООС ЯВАХ МОНГОЛ ЗАЛУУСЫН МӨРӨӨДӨЛ БОЛЖЭЭ

 

Дэлхийн халуун цэгүүд буюу дайн дажинтай африк, орхи Дорнодын хэд хэдэн улсын иргэд өнөөдөр буурал тивд аз үзэгдсэн хэдий ч өдөрт хэдэн зуу, хэдэн мянгаараа дүрвэн очиж байна.  Арга ч  үгүй биз. Нэгэн дунд сургуулийн сурагч хичээлдээ яваад ирэхэд нь амьдарч байсан газар нь бөмбөг дэлбэрч, гэр орон, гэр бүлийнхэн нь амь үрэгдсэн дүр зургийг хараад  хамаг тэнхээгээрээ орилж буй 10 орчим насны хүүгийн зураг дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүрийг нэг хэсэгтээ чимсэн.


Дэлхийн  нөгөө талд ийм л эмгэнэлтэй  зүйлүүд өрнөж байна. Харин энд энх тайван амар амгалан Монгол улсын иргэд тэр дундаа хөдөлмөрийн насны ид ажиллаж, хийж бүтээх насны залуус  маш залуухан иргэд гадаад улс руу бараг л дүрвэж байна. Тодруулбал энэ сарын 6,7,9-ний өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй залуусаас авах хэлний шалгалтын бүртгэл  улс орон даяар явагдаж дууслаа.  

Гэтэл энд бүртгүүлэхээр ирсэн хүмүүсийн дунд багахан хэмжээний дайн шахуу зүйл боллоо. Залуус хонон өнжин, дугаарлаж урдуур хойгуураа хүн оруулахгүй гэсэндээ нэгнийгээ хэлэхийн муугаар хэлж, сүүлдээ гар зөрүүлсэн тохиолдол ч гарчээ.   Залуусын хувьд ингэж алалцаж байж Солонгос явах нь ганц л шалтгаантай. Тэд сайхан амь драхыг л хүсэж байгаа. Өнөөдөр Монгол улс бараг л дампуурлын ирмэгт ирж, сүүлийн гурав дөрвөн жил хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал эрс уруудсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, харин гар дээрх цалин нь бахь байдгаараа. Бүтэн сар ажиллаж авсан цалин нь автобус унааны мөнгөндөө зарцуулагдаж, хоол  хүнсэндээ хагас дутуу хүрэхтэй үгүйтэй урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь БНСУ-д очиж ажиллах болж байна. 

Эдгээр залуус "Эх орондоо, хайртай хүмүүстэйгээ хамтдаа ажиллаж амьдрах хүсэл хүн бүрт байгаа. Гэтэл наад зах нь цалингаа хурааж, амьдралаа босгох ямар ч нөхцөл боломж байхгүй. 

Гэтэл сүүлийн үед маш олон газрууд үүд хаалгаа барьж, том газрууд нь байсхийгээл цомхотгол хийж байна. Гэтэл бид зээлтэй, зээлээ төлж чадахгүй орон байраа алдаад, өрөнд ороод дуусч байна. Одоо энд гайгүй амьдарч буй залуус ээж аавын хүчинд тусдаа гарч, амьдралаа залгуулж байгаа бол боломж тааруу айлын хүүхдүүд өөрсдийн цалингаар амьдралаа авч явах боломжгүй байна” хэмээн ам уралдан  яг адил зүйлийг ярьж байна. 

Дашрамд сонирхуулахад, солонгост ажиллаж буй монгол иргэдийн өдрийн цалин ажлын хүнд хүчрээс хамаарч харилцан адилгүй байгаа аж. Эмэгтэйчүүд жирийн нэг үйлдвэрт 8 цагаар 50, 12 цагаар 80 мянган воноос эхэлж байна. Харин эрчүүдийн хувьд өдрийн цалин 100-200 мянган вон байна. Хамгийн хүнд хүчир барилгын ажлын өдрийн цалин 200 мянган вон хүрдэг аж. Энэ цалинг л хүсэж Монгол залуус өнөөдөр эх орноосоо дүрвэж байна. 

Энэ жилийн тухайд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд эрс өссөн талаар бүртгэлийн ажилтан бидэнд мэдээлсэн юм. 2015, 2016 онд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 4000-5000  орчим иргэн л бүртгүүлж байсан бол энэ жил 8000 гаруй болж өссөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт гэж байлаа. Энэ нь зам, барилга зэрэг олон ажлын байр зогссонтой холбоотой байх талтай гэх мэдээллийг өглөө.

Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen