“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно уу”

“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй, ноцтой үйлдлээ зогсооно уу”

 

ШӨХТГ гэж Шадар сайдын мэдэлд байдаг Засгийн газрын тохируулагч агентлаг бий. Уг нь энэ газар иргэд, аж ахуйн нэгжүүдийн дундах “зохицуулагч” болох учиртай. Тус газар үүргээ “...Монгол Улсад аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах замаар хэрэглэгчийг чанартай бараа, ажил үйлчилгээгээр хангаж, тэдний эрхийг хамгаалахад оршино” гэж танилцуулдаг.Хуульд заасан үндэслэл, журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэдэг. Үүрэг нь тийм. 


Гэвч ШӨХТГ тойрсон шүүмжлэл сүүлийн үед тасрахаа болилоо. Хамгийн сүүлд л гэхэд Мэдээлэл, холбооны операторуудын ассоциациас тус газарт зориулж мэдэгдэл гаргажээ. Түүндээ “...Сүүлийн үед ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахдаа харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн үнэ тарифтай холбоотой мэдээллийг бүрэн гүйцэд судлахгүйгээр, салбарын зохицуулах байгууллагын санал, дүгнэлтийг авч үзэхгүйгээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх, хэрэглэгчийн гомдлыг сошиал сүлжээгээр цуглуулах гэх мэт албан бус үйлдлүүд гаргах болсон нь Засгийн газар, Ерөнхий сайдаас удаа дараа тунхаглаж буй “...Төрийн хяналт шалгалт нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх, санал зөвлөмж өгөх чиглэлийг баримтлана” гэсэн бодлоготой нийцээгүй, ёс зүйгүй, бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл болж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан шаардлагыг ШӨХТГ-т тус ассоциациас хүргүүлээд байна. Харилцаа холбооны технологийн хөгжил асар хурдтай шинэчлэгдэж түүнийг дагасан байнгын шинэчлэл, өндөр хөрөнгө оруулалт шаардагддаг, валютын ханшийн өөрчлөлттэй уялдан өртөг зардлыг ихээхэн өсгөж байгаа хэдий ч бид үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэлгүй өнөөг хүрсэн билээ. Өнөөдөр мобайл үйлчилгээний үнэ тарифын хувьд хамгийн хямд орнуудын жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд энэ бүх эрсдлийг дааж хэрэглэгчиддээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлийн салбараар тодорхойлж, төрийн цахим үйлчилгээ, нийгэм эдийн засгийн бүхий л салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт тавьж байгааг дэмжин ажиллаж, харилцаа холбооны хөгжлийг түүчээлэгчдийн хувьд тус ассоциацийн гишүүн операторууд төрийн цахим шилжилтийг алслагдсан бүс нутаг, багийн түвшинд, хотын гэр хорооллын бүсэд хүргэх, дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд өөрсдийн манлайлалыг үзүүлж байгаа билээ. Гэтэл зах зээл нь бүрэн либеральчлагдсан, үнийн ширүүн өрсөлдөөнтэй, салбарын зохицуулах байгууллага нь үнийг зохицуулалт хийдэг энэ салбарт бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдсан мэдэгдлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа түгээх нь олон нийтэд Өрөөсгөл ойлголт, хандлагыг бий болгох, харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн түвшинг үгүйсгэх, биенесийн тогтвортой байдлыг ганхуулах зэрэг сөрөг нөлөөтэй гэж бид үзэж байгаа тул гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр тус ассоциациас тууштай ажиллах болно” гэсэн байна. 


Ер нь энэ байгууллагад нэг муу жишиг тогтчихоод байгаа юм. Даргаар нь дандаа улс төрийн нэн хамаарал бүхий этгээдүүдийг томилдог. Нөгөөдүүл нь ШӨХТГ-ыг “улс төрийн оноо авах зэвсэг” болгож ашигладаг. Хэд хэдэн дарга нь тийм байсан. Өөрөөр хэлбэл, энэ газрын байцаагч нар асуудлыг ойлгодог ч дарга нь “чиглэл” өгч, аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлдэг. Түүгээрээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, цаашлаад улс төрийн хонжоо олдог явдал цөөнгүй. Энэхүү Мэдээлэл, холбооны операторуудын ассоциациас гаргасан мэдэгдэлд дурдсан асуудал ч цаанаа нарийн учир шалтгаантай болж таараад байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (7041)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen