Ж.СҮХБААТАР: Б.Жаргалсайхан та ард түмний мөнгийг авчихаад эргүүлж төлөхгүй байж битгий томор
Хөгжлийн Банкны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Буян компани болон Б.Жаргалсайхантай холбоотой чанаргүй зээлийн талаар авч хэлэлцлээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Б.Жаргалсайхан нийтдээ 14 тэрбум төгрөгийн зээл авсан. Хүү нэмэгдүүлсэн хүүтэй нийлээд 17.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. 2014 оноос хойш есөн жилийн хугацаанд огт төлөлт хийгдээгүй байна. Уг зээлийг найман хувийн хүүтэй авсан байна. Хөгжлийн банк, Голомт банк хооронд байгуулагдсан 2013 оны Төсөл санхүүжүүлэх гэрээний 5.2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон. Урьд нь авч байсан 2012 оны нэгдүгээр сарын 13-нд хоёр тэрбум төгрөг, 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр 9.9 тэрбум төгрөг хүүгүй авч байсан байна. Та төрийн хайрыг их хүртжээ. Гишүүн байхдаа та хамгийн дээд тал нь хоёр хувийн хүүтэйгээр авч байсан байна. Энэ хүнийг шүүхэд өгдөггүй юм уу, банк нь шүүхэд өгдөггүй юм уу. Та энэ зээлээ хэзээ төлөх вэ?
Б.ЖАРГАЛСАЙХАН: Би энэ хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Би шүүх хурал биш хэлэлцүүлэг гэж бодож ирсэн. Би өөрийг чинь УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэдэх ч урьд нь ямар ажил эрхэлж байсан талаар огт мэдэхгүй. Та урьд өмнө ямар ажил эрхэлж байсан талаар танилцуулаач. Би шүүх хуралд ирээгүй та битгий айлга. Би бол УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд нэг ч тендер авч үзээгүй, нэг ч улсын өмч хөрөнгийг хувьчлалаар авч байгаагүй. Ажиллаж байх хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг танай нам авсан байхад буцаан авч Эрдэнэт үйлдвэрт өгч байсан. Төмөртэй, Хустайн ордын лицензийг Хятадуудад өгчихсөн байхад хураан авч байсан.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Өөр асуудал ярилгүй шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу. Та авсан зээлэндээ нэг ч төгрөг төлөөгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ та 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Үүнийгээ төлөөгүй муу зээлийн ангилалд орчихсон байхдаа дахин зээл аваад тэрийгээ төлөөгүй байна.
Б.ЖАРГАЛСАЙХАН: Та аж ахуй эрхэлж 10 хүнд цалин өгч үзээгүй байж хэзээ ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй. Та нар нэг банкны алдагдлыг л ярьж байна. Бусад банкыг шалгавал бүгд доошоо цөмөрчихсөн байгаа. Би анх 1995 онд гадаадаас зээл аваад хоёр үйлдвэр оруулж ирж барьсан. Танай намын нөхдүүд над руу маш их дайрч доромжилсон. Бүр Лондонгийн арбитрын шүүхэд хүртэл хандсан. Хөрөнгө оруулахаар доромжлоод байдаг.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хууль гэж гарсан. Энэ хуулиар гэрч бол асуултад хариулах, тайлбар өгөх үүрэгтэй болохоос гэрч дээр чөлөөт мэтгэлцээн үзүүлэх ажиллагаа байхгүй. Монголын ард түмний татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжигдсан Хөгжлийн банкны санхүүжилтийг олон компани олгосон. Бодлого нь буруу байснаас манай улс дампуурах шахлаа. Энд олон хүн ажил хийсэн байж болох ч цөөн хэсэг нь энэ улсынхаа нөхцөл байдлыг муутгах нөхцөл байдал үүсгэсэн. УИХ-ын гишүүн байхдаа хүүгүй зээл авсан. Та битгий томор. Татвар төлөгчдийн мөнгийг авч бизнес хийнэ гэж ямар юм байх вэ. Энэ хүнийг гаргах хэрэгтэй. Ард түмний мөнгийг хулгайлж авчихаад эргүүлж төлөхгүй байж ичихгүй ингээд суугаад байх юм.
Б.Энхбаяр: Сүүлийн есөн жилд нэг ч төгрөг төлөөгүй. Голомт банкны төлөөллийг сонсьё. Энэ хүн ямар эрх дархтай болохоороо ингээд зээлээ төлөхгүй байгаа юм бэ.
Б.ЖАРГАЛСАЙХАН: Би ирэхгүй байж болох байсан. Шинэ зөв зүйл эхэлж байна гэж бодоод ирсэн. 1990 оноос би бизнес хийж эхэлсэн. Устөрийн албан тушаал хашиж байхдаа би хувийн юмыг оролддоггүй байсан. Буян гэх компани өөрийн гэсэн захирлуудтай хэдий ч би тайлбар тавихаар ирлээ. Би тэнд захирал биш. Яагаад бидний ажил болохгүй байна. Би аль ч намын талд орох гээгүй байна. МУ хөгжье гэвэл аж үйлдвэрээ хөгжүүлэх л хэрэгтэй. Бид нар одоо нэг зүйлийн зааг дээр байна. Цаашдаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар явах уу, хувийн хэвшил дээр тулгуурласан нийгэм эдийн засгийн амьдралыг цогцлуулан хөгжүүлж авч явах уу гэдэгт байна. Өнөөдөр зөвхөн хувийн хэвшлийн талаар ярьж байгаа нь зөв. Нэг удаа ингэж шүүх цаг болсон. Монголчууд мөнгө зарж үзээгүй. Биеэ дааж аж ахуйн ажил хийж үзээгүй. Зөвхөн сэтгэлийн хөдөлгөөндөө автагдаад бизнес хийнэ гээд явж байгаа хүмүүс бий.