БНАСАУ-д хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ
СӨҮЛ. /Yonhap/. Япон, БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга авахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
БНСУ-ын Засгийн газар Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой гэж үзэж байгаа найман иргэн, долоон байгууллагыг хоригийн жагсаалтад оруулсан бол Японы Засгийн газар гурван байгууллага, нэг хүнд хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
“Тив алгасагч баллистик пуужин харвах зэргээр Солонгосын хойг төдийгүй манай гаргийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой сорилт учруулж буй Умард Солонгосын зүгээс цөмийн болон пуужингийн аюул занал өсөн нэмэгдэж буйд шийдэмгий хариу арга хэмжээ болгон цөмийн болон пуужингийн хөтөлбөрт хувь нэмэр оруулсан эсвэл Умардын эсрэг авсан хориг арга хэмжээнээс зайлсхийсэн найман хүн, долоон байгууллагын эсрэг дангаар нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэр гаргалаа” гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, хоригийн жагсаалтад оруулсан хүмүүсийн дунд Тайвань, Сингапурын тус тус нэг иргэн байгаа бол үлдсэн зургаа нь Умард Солонгосын иргэд байна.
Энэ оны тавдугаар сард засгийн эрхэнд гарсан БНСУ-ын шинэ засаг захиргаа Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ авах талаар гаргасан хоёр дахь шийдвэр нь энэ юм. Өнгөрсөн 10 дугаар сард БНСУ-ын Засгийн газар пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын 15 иргэн, 16 байгууллагад хязгаарлалт тогтоосон юм. Японы Гадаад хэргийн яамнаас гаргасан жагсаалтад “Korea Haegumgang Trading Corporation” болон “Korea Namgang Trading Corporation” худалдааны компаниуд, “Lazarus Group” хакерын бүлэглэл, Вьетнам дахь БНАСАУ-ын зэвсгийн аж үйлдвэрийн газрын төлөөлөгч багтжээ. Токиогийн хориг арга хэмжээний жагсаалтад Умард Солонгостой холбоотой 68 байгууллага, 72 хувь хүн байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг