Н.Номтойбаяр: Нөгөө лаг эх оронч чинь эх орноо зараад хаясан байна лээ

Н.Номтойбаяр: Нөгөө лаг эх оронч чинь эх орноо зараад хаясан байна лээ

 

Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга хийлээ.


-УИХ-аас сая Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томиллоо.  Энэ хүн өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласан гэж та дүгнэж байгаа вэ?

-Энэ хүн анх 2019 оны намар Улсын ерөнхий прокуророор томилогдсон. Хэсэг хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар Германд эмчлүүлэхээр явж, орлогч С.Алиманцэцэг Улсын Ерөнхий прокурорын газрыг удирдаж байсан. С.Алиманцэцэг прокурор бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхтэй шууд хамаарал бүхий холбоотой.  Мөн Нийслэлийн прокурорын газрын дарга байсан Ш.Нямдорж гээд нэг хулгайч байгаа ш дээ. Та нар мэднэ. Түүний удирдлага доор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, бид бүгдийн маш сайн таних лифтэнд оцогнодог Б.Баасанцогт, түүнтэй хамааралтай шүүх прокурорын том сүлжээ ажиллаж байсан.

Энэ сүлжээ Х.Баттулгын удирдлага дор ажиллаж байсан гэж би үздэг. Энэ сүлжээ одоо нуран унасан. Нуран унагаасан хүн нь Б.Жаргалсайхан прокурор.

Нэг талдаа эргэлзээтэй байгаагийн зааг нь хуулийн өмнө ноён нуруу заагаад байгаа юм шиг, нөгөө талдаа эс үйлдлээрээ ноёны өмнө бөхөлзөөд байгаа юм шиг эргэлзээ гарсан. Тодорхой хугацааны дараа ирсэн.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бол миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьж байсан. Гэсэн ч хувийн сэдлээр хандаж хэрхэвч болохгүй.

Нэгэн цагт тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөдрийн Ерөнхийлөгч маань хууль шүүхийн байгууллага нэг хүнээс хамааралтай байгааг чуулган дээр маш тодорхой хэлж байсан. Иргэд юу хүсдэг вэ гэхээр хууль хүний царай харахгүй байх, үр дүнд нь шударга ёсыг л хүсэж байгаа.

УИХ-аас дөнгөж сая Ерөнхий прокурорыг улираах шийдвэр гаргалаа. Хууль хүний царай хардаггүй энэ тогтолцоог бүрдүүлээрэй, хуулийн өмнө ноён нуруутай байгаасай  л гэж хүссэн. УИХ аас хамаарах олон ажил бий.

Тухайлбал, Прокурорын мөрдөнг дахин сэргээж, дэргэд нь байгуулах шаардлага бий. 2015 онд хуулийн хүрээн дэх зөвшилцөл дунд маш ноцтой алдаа гарсан. Тэр алдааг гаргасан хүн нь би мөн үү гэвэл мөн.

Прокурорын мөрдөнг сэргээх ёстой. Хоёрт, шүүх хурал дээр өмгөөлөгч, прокурор эн тэнцүү эрх зүйн статустай болмоор байгаа юм, гэх мэтчлэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бий.

Прокурор нөлөөнд автдаггүй байх хэрэгтэй. Нөгөө талдаа нөлөөлөх гэж оролдсон Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон хүн байсан. Тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Төрийн ордны зүүн жигүүрээс хууль хяналтын байгууллагынхан үүрэг даалгавар авч хүн ялладаг байдал үүссэн ” гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Бидэнд хууль санаачлах эрх байна, энэ дээр ажиллана.

-Улсын ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэж байхад олон гишүүн дэмжиж, ханарлаа. Хэлж байгаа үг нь хүртэл цаанаа нэг налсан. Айдаг юм уу, яадаг юм. Харин та хурц үг хэлсэн.  Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байсан болохоор уур хүрсэн үү?

-Би үнэнээ л хэлсэн.  Айгаад байх юу байдаг юм. Гэхдээ мэдэхгүй юм, айх шалтгаантай болоод л айдаг байлгүй.  Надад бол Авлигатай тэмцэх газрын дарга нь байна уу, Улсын ерөнхий прокурор нь байна уу, цагдаагийн дарга нь байна уу, айгаад байх зүйл огтхон ч байхгүй. Аливаа хуулийн асуудал үүсгэсэн бол би өөрөө хоншоортойгоор өргөдлөө өгчихдөг хүн ш дээ.  Бөлдөгдүүлсэн юм надад байхгүй.

-Удаа дараа хуулийн байгууллага дээр удирдлагыг нь улирааж байна. Боловсон хүчний хангалттай нөөц байхгүйгээс үү аль эсвэл нутаг ус харж томилгоо хийгээд байна уу?

-Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч  санал болгосноор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцсөнөөр ороод ирж байгаа. Сонголтгүй орж ирж байгаа. Ер нь цаашдаа Улсын ерөнхий прокурорын томилгоог олон нийтэд ил тод өрсөлдүүлэх зарчмаар хэн нэгэн хүнээс үл хамаарах байдлаар шийдэх нь зөв.

2019 оноос эхлэлтэй 2020 оны хөл толгойгоо олохоо больчихсон, шүүх, хуулийн хяналтын байгууллагын хонгилоор гулсаж ороод хонгилдуулж байсан хүний хувьд би үнэхээр гомдолтой байдаг.  Яагаад гэхээр бүх шүүх процессоор нь явсан.

Адаглаад надаас гэрчийн мэдүүлэг аваагүй, нотлох баримтаа шалгуулах боломж олгоогүй. Шуудхан л 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд, өмгөөлөгчгүйгээр шүүгээд таслаад явсан.

Эцсийн дүндээ Улсын дээд шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм асуудал  дээр ууртай байхгүй, гомдохгүй гээд яах юм бэ. Гэхдээ энэ асуудалд би хувийн сэдлээр хандаж болохгүй.

Яг одоо бол хууль хяналтын байгууллага болон Улсын ерөнхий прокуророос ноён нуруутай байх цаг үе үүсээд байна. Маш олон улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал, Х.Баттулгатай холбоотой ноцтой асуудал үүсч байна. Өнөөдөр ил болоогүй ч маш олон УИХ -ын гишүүн дээр шууд болон шууд бус хамаарлаар хэрэг үүсчихсэн явж байгаа шүү дээ.

Намайг үг хэлэхийн өмнө 32 гишүүн байв уу. Дургүй хүргээд байсан юм нь, “Ах аа намайг бодоорой” гэсэн шиг юм яриад байна лээ. УИХ -ын гишүүн өргөсөн тангарагтаа л үнэнч байх хэрэгтэй шүү дээ.

-Анх Улсын ерөнхий прокурорт санал болгож, томилуулсан хүн нь Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар шалгагдах болж байгаа Х.Баттулга гишүүн. Томилсон хүнийхээ нөлөөнд автахгүй гэх баталгаа байна уу?

-Б.Жаргалсайхан прокурорын эмчлүүлж байгаад ирсэнээс хойш хийсэн ажлыг нь харахад нэг их тийм нөлөөнд автаагүй болов уу гэсэн хувь гишүүний итгэл үнэмшил төрсөн. Хууль эрх зүйн орчинд адармаатай асуудлууд зөндөө бий. Шүүх дээр ч тэр,  прокуоро дээр ч тэр, хууль хүчний байгууллага дээр ч бий.

-Стратегийн орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал дуулиан дагуулсан хэвээр байна. Та юу хэлэх вэ?

-Хуулийн өмнө бүгд л тэгш байя. Хэн нэгэнд таатай байдлаар онцгойлон ханддагаа больчихоё. Орд газраа хятадуудад зарчихаагүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа эрхлээд явъя гэсэн хүмүүс нь эсрэгээрээ яллуулж,  баалуулж байдаг. Эх орончийн дүрд тоглосон нь  эх орноо зарсан байна лээ шүү дээ. Яах аргагүй эх орноо хятадуудад зарсан л байна лээ ш дээ. Н.Учралын ярьсан 507 хуудас бүхий материал дээр байж л байна лээ. Тэрийг нь би харсан. “Мин Шинь” гэдэг Хятадын компанид зараад л хаясан юм билээ.  Гэтэл эх орноо зарсан нөхөр эх оронч үндэсний баатар мэт явж байдаг.  Энийгээ л больчих хэрэгтэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Идеальное сочетание эстетики и функциональности.
    Мебель премиум [url=http://www.byfurniture.by]http://www.byfurniture.by[/url] .

    11 April 2025 08:20