Леброн Жэймсийн төрхтэй хүүхэлдэй үйлдвэрлэжээ

Леброн Жэймсийн төрхтэй хүүхэлдэй үйлдвэрлэжээ

 

Америкийн Mattel тоглоомын үйлдвэр барби болон кен хүүхэлдэйнүүдээрээ алдартай. Тус компани NBA-ын од тоглогч, Лос Анжелес Лейкэрс багийн тамирчин Леброн Жеймсийг дуурайлгасан кен хүүхэлдэйг шинээр үйлдвэрлэж танилцуулжээ.

Тус компани өмнө нь мэргэжлийн теннисийн спортын тамирчин Серена Уильямс, Наоми Осака, хөлбөмбөгчин Меган Рапино нарын дүрийг дуурайж гаргасан барби хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэж байсан. Харин энэ удаад анх удаа эрэгтэй мэргэжлийн спортын тамирчныг дуурайсан кен хүүхэлдэйг үйлдвэрлэсэн юм. Леброн NBA-ын аваргаас гадна олимпын хоёр алтан медальтай бөгөөд түүний спортод гаргасан амжилт төдийгүй ур чадвар, нэр хүндийг нь үнэлж хүндэтгэн ийнхүү кен хүүхэлдэйн дүрээр мөнхөлжээ. Mattel компанийн барби хүүхэлдэй хариуцсан дэд захирал Криста Бергер кен хүүхэлдэйн болон Леброны шүтэн бишрэгчдэд шинэ бэлэг барьж байгаадаа маш их баяртай байна гэжээ.

Леброн жинхэнэ амьдрал дээр 2 метр 6 см өндөр. Тиймээс хүүхэлдэйн загварыг бүтээхдээ бусад кен хүүхэлдэйнүүдээс нэг инч өндөр хийжээ. Мөн сагсанбөмбөгийн жерси өмсүүлэхийн оронд түүнийг тоглолтын өмнөх энгийн хувцастай байхаар загварыг нь гаргасан байна. Энгэртээ Леброн Жэймс буюу LJ гэсэн бичигтэй их сургуулийн хүрмийг хүүхэлдэйд өмсүүлжээ. Хүрэмний нэг ханцуйн дээр Леброны төрсөн муж Охайогийн тэмдэг, нөгөө ханцуйн дээр Леброны тоглолтын өмсгөлийн тоо болох 23 дугаарыг бичжээ. Мөн хүрэмний дотор өмсүүлсэн цамцан дээр түүний байгуулсан “We are family” сангийн нэрийг байршуулжээ. Мөн саравчтай малгай, чихэвч, нүдний шил, жижиг цүнх, пүүз зэргийг өмсүүлж зүүлгэсэн байна.

Mattel компани сүүлийн жилүүдэд барби, кен хүүхэлдэйнүүдээ олон төрлийн хэв маягтай үйлдвэрлэх болсон нь талархал шүүмжлэлийн аль алийг нь дагуулсаар ирсэн. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай худалдаа, татварын дайныг эхлүүлсэн нь тус компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Учир нь Mattel-ын үйлдвэрлэлийн 40 хувь нь Хятадад төвлөрдөг. Тиймээс компанийн тоглоом хүүхэлдэй зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөх, цаашлаад ханган нийлүүлэлт тээвэрт хүндрэл учирж болзошгүй гэдгийг урьдчилан сэрэмжлүүлээд байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen