Эрүүгийн хууль- Хоёр төсөл

Эрүүгийн хууль- Хоёр төсөл

 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр эх баригчид нь танихаа байсан. 400 гаруй зүйлтэй тус хуулийг баталснаас хойш 200 гаруй зүйлд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Танигдахын аргагүй болсон гэсэн үг.

Нийгмийн зохицуулалтын суурь хуулиудыг ийн ойр ойрхон өөрчилж байгаагийн уршгаар тус хуулийн үзэл санаа, философи алдагдаж, юу ч биш саармагжиж, уг чанараа алддагийн тод жишээ энд бий. Төр солигдох бүрд суурь хуулиудаараа оролдож, эрх зүйн шинэчлэлийг хазайлгаж иржээ. Хамтарсан Засгийн газар алдааг засаж энэ шинэчлэлийг хийхээр амласан. Харин түүнээс урьтаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хоёр төсөл яригдаж байна. Нэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн автор Х.Тэмүүжингийн төсөл бол нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийнх.

УИХ-ын хаврын чуулганаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн төслүүдтэй холбоотой олон чухал шийдвэрийг хууль тогтоогчид хэлэлцэнэ. Үүнээс гадна хүний эрх, хууль зүйн нарийн мэдрэмтгий олон сэдэв хөндөгдөхөөр байна.

Одоо тодорхой болсноор УИХ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой нэлээд хэдэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр байна. Эдгээртэй уялдаатайгаар Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад өөрчлөлт орно. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд яригдахаар байна. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг төсөл өргөн баригдсан бол нэг төсөл D parlamentad байршсан, удахгүй өргөн мэдүүлэхээр хүлээгдэж байгаа аж. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд өргөн мэдүүлсэн. Удахгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн хувилбараа өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа нь энэ.

13.14

Ч.Лодойсамбуу гишүүний өргөн мэдүүлээд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэг л заалттай. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэснийг хасах санал орж ирсэн. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх бол Үндсэн хуулийн заалттай хүний эрхийн баталгаа. Үүнийг үл тоож хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах асуудал байнга маргаан дагуулсан сэдэв болсон. 2020 оноос хойш ийм төрлийн 828 эрүүгийн хэргийн 548-ыг шийдвэрлэсэн. Гэхдээ ихэнх нь салсан нийлсэн гэр бүлийн маргаанаас үүдэлтэй мэдээлэлтэй холбоотой байдаг гэх. Хамгийн гол маргаантай асуудал бол энэ заалтаар шүгэл үлээгчид, сэтгүүлчдийг яллах эрсдэл. Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд Иргэний хуульд заасан үндэслэлээр нөхөн сэргээж, гэм хороо хариуцан арилгах боломжтой ч хуулийн давхардал үүсгэж эрүүгийн хуулиар давхардуулж зохицуулсан.

Ч.Лодойсамбуу гишүүний хувьд “Гүтгэлгийг гүтгэгч биш гүтгэлгэд итгэгчид л хүч оруулдаг гэдгийг хууль тогтоогч бид одоо ойлгохгүй бол нийгмийн оюун санаанд ахиц гарахгүй учраас энэ заалтыг хасъя”гэлээ.

Мэдээж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг өөгшүүлж болохгүй гэж үзэх олон хүн Эрүүгийн хуульд энэ заалт байх ёстой гэж үздэг. Харин эрхэм гишүүн энэ заалт үг хэлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн байдлыг дордуулан, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж байгаа учраас хасъя гэдэг саналтайгаар хуулийн төслөө өргөн мэдүүлжээ.

Хуулийн этгээдэд төрийн байгууллага хамаарахгүй

Ч.Лодойсамбуу гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлдөө 13.14-ийг шууд хасъя гэсэн бол Х.Тэмүүжин гишүүн боловсруулж буй төсөлдөө энэ зүйлд хуульчилсан тайлбар оруулах санал тусгажээ. Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ мэдээлэл түгээснийг илэрхийлж “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах буруу жишиг тогтон хэвлэлийн эрх чөлөөг боомиллоо гэдэг гол маргааны бай байгаа.

Гэтэл төрийн байгууллага, албан тушаалтан бол хуулийн этгээд биш. Хэрэв хуулийн этгээд зүгээс эрх зүйн харилцаанд оролцвол “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд л байх боломжтой. Гэтэл эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож байгаа нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдалтай холбоотой гэж үзэж байгаа учраас хуульчилсан тайлбар гаргах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ энэ зүйлд заасан “хуулийн этгээд” гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэсэн нэмэлт тайлбар оруулах саналтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, дигнити гэдэг ойлголт төрд хамаарахгүй гэдгийг тайлбараар оруулах нь. Сүүлийн хэдэн жил маргаан дагуулж байгаа энэ зүйл дээр хоёр өөр агуулгатай нэмэлт, өөрчлөлтийн төсөл яригдаж байгаа болохоор гол анхаарал татсан хэлэлцүүлэг энэ хэсэгт өрнөхөөр байна.

Эрүүгийн хариуцлага, ял албадлага

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин гишүүний боловсруулж буй хуулийн төсөл D parliament сайтад байршсан. Маш тодорхой хэдэн саналтай.

Үүний нэг нь Эрүүгийн хуульд байгаа эрүүгийн хариуцлага гэдгийг ял албадлагын арга хэмжээ гэж өөрчлөх санал.

Эрүүгийн хариуцлага хуульд гэдэг эрүүгийн нэр томьёог хэрэглэж улмаар бусад хуулиар энэ эрүүгийн хариуцлага гэх ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан. Эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахуунд “ял, албадлагын арга хэмжээ” гэсэн хоёр өөр агуулга, эрх зүйн үр дагавар бүхий ойлголт хамаардаг. Гэтэл нэгтгэж эрүүгийн хариуцлага хэмээн томьёолсныг өөрчлөхгүй бол Жрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэснийг ч эрүүгийн хариуцлага хүлээснээр тооцож хүний эрхийг дордуулж байна гэж үзжээ. Эрүүгийн хариуцлага гэдэг үг Эрүүгийн хуульд 58 удаа хэрэглэгдсэн бол бусад 44 хуульд бас тусжээ.

Субьектив ойлголт, үзэмжээр шийдэгдэх эрсдэл

Х.Тэмүүжин гишүүний боловсруулсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “нийгэмд аюултай” гэснийг хасах санал бичигдсэн.

Одоогийн мөрдөж байгаа хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. 2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт үзэл баримтлалаасаа ухарсан, Үндсэн хуулийн үзэл санаанаас гажуудсан, социалист эрүүгийн эрх зүй рүү явсны нэг нь энэ гэсэн шүүмж гардаг. Хуулийн төсөл боловсруулсан Х.Тэмүүжин гишүүн ч гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой. Эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилж болохгүй гэж үзэж байгаа учраас хасах ёстой гэсэн санал төслийг оруулжээ. танилцуулж, Хуулийн хуульчдаар хэлэлцүүлэх явцад энэ хууль дахь тодорхой хэмжигдэхүүнгүй, хүний эрх зүйн байдлыг дордуулах аюултай ойлголт үгсийг цэгцлэх шаардлагатай гэж олон хуульч ярьжээ. Илт худал, харгис хэрцгий, нийгэмд аюултай гэх мэт Эрүүгийн хууль дахь хэмжиж тогтооход хүндрэлтэй, субьектив ойлголтоор хэрэглэж болох үгсийг хасаж цэгцлэх шаардлагатай гэж хуульчид үзэж байгаа юм. Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн 21.9-р зүйлд өөрчлөлт оруулах асуудал энэ хуулийн төсөлд туссан байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen