“Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал болов

“Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал болов

 

Монгол Улсын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран "Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2017.02.21/ Төрийн ордонд зохион байгуулав. Хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэв.

Хууль зүй, дотоод хэргийн С.Бямбацогт хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагт байна.” хэмээн манай орны эдийн засгийн дотоод, гадаад амьдралын өнгө төрхийг тодорхойлсон билээ. Энэ зорилгыг хангах, биелүүлэх эрх зүйн үндсийг хөгжүүлэх чиглэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон олон арга хэмжээгээр хэрэгжих юм. Эдийн засгийн амьдралын үндсэн хүчин зүйл нь уг харилцааны оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн зохицуулалтын тогтолцоо байдаг бөгөөд энэ асуудлын агуулгыг бид өөрийн орны хөгжлийн чиг хандлага, олон улсын эдийн засгийн харилцааны нийтлэг зүй тогтлыг харгалзан тодорхойлох ёстой. Эл зорилгыг хангах хүрээнд Арбитрын хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж эхлэх гэж байна.” хэмээн онцлов.

Түүнчлэн "Арбитрын энэхүү хууль нь арбитрын ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт өөрөө Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд бие даасан эрх зүйн салбарыг бүрдүүлж байгааг илэрхийлсэн танин мэдэхүйн шинжтэй томоохон арга хэмжээ боллоо. Бизнесийн харилцааны оролцогчид хүсэл хүсэл зоригийн дагуу гэрээ хэлэлцээрээ байгуулахын хамт уг гэрээнээс үүссэн асуудлыг шийдвэрлэх субьект, шийдвэрлэх журам, хэрэглэх хууль тогтоомжийг өөрсдөө тодорхойлох эрх зүйн боломжийг энэ хуулиар бүрэн олголоо. Энэ нөхцөл байдал нь манай улсын арбитрын үйл ажиллагаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартад бүрэн нийцэж байгааг харуулж байгаа юм. Ингэснээр манай оронд зөвхөн дотоодын төдийгүй бусад орны бизнес эрхлэгчид өөрсдийн эрх, ашиг сонирхлоо баталгаатай хамгаалуулах эрх зүйн орчныг энэхүү хуулиар бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт, компаний үйл ажиллагааг эрхлэх, бизнесийн аливаа гэрээ хэлцлийг хийх, түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг арилгах зэрэг асуудлыг нийтийн худалдааны нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах боломжтой болсон юм. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон сонгох явдал нэмэгдэх эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна. Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулах нь энэ хуулийн гол онцлог юм.” гэж С.Бямбацогт хэлэв.

Үргэжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Арбитрын тухай хууль: Үзэл баримтлал” сэдвээр, Сидлей Аустин хуулийн фирмийн партнер Давид Рони "Арбитрын тухай хууль: Олон улсын арбитрын ажиллагаанд хэрэглэх асуудал” сэдвээр, Эм Ди Эс Хаан Лекс хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав "Арбитрын тухай хууль: Шинэлэг, давуу тал” сэдвээр, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа "Арбитрын тухай хууль: Монголд бизнес эрхлэхэд үзүүлэх эерэг үр нөлөө” сэдвээр, Монгол дахь Америкийн худалдааны танхимын дарга Жэймс Лиотта "Арбитрын тухай хууль: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах эерэг үр нөлөө” сэдвээр тус тус илтгэл тависан юм.

Хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон бусад албаны төлөөлөл оролцлоо.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen