"Дан дээл"-тэй сайд нарын дадлагажихыг улсаараа хүлээж л суух уу?!

"Дан дээл"-тэй сайд нарын дадлагажихыг улсаараа хүлээж л суух уу?!

 

Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй сайд нарын тоог хязгаарласан. Уг санаа нь их зүгээр л дээ. Эрх барьсан намынхан “...Сайд болно” гэж зодолдоод, намаа хагалаад, тэгээд тэр нь төрийн хэрэг болоод явчихдаг. Тэрийг үгүй хийх байжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр “...Шинэ Засгийн газар  гарч ирэх бүртээ хоёр том зовлон үздэг. Нэг нь орон тоо цөөлөх, хоёр дахь нь "хүмүүсээ" байршуулах. Энэ хоёр хадны дундуур хохирол амсалгүй гарсан Засгийн газар үгүй. Асуудал тогтолцоондоо байгаа. Төрийн албыг улс төрийн сонгуулийн занганаас гаргаж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том хожоо гарах учиртай, уг нь” хэмээн “жиргэж” байв.Өөрөөр хэлбэл, сайд нар улс төрийн ашиг сонирхлоос ангид байж, ажлаа гялалзтал хийх ёстой гэсэн гол агуулгатай байв.
 
Засгийн газар ингэж улс төрийн зуйгуул хэллэгээрээ “дан дээл”-тэй сайд нартай болчихсон юм.
 
Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “дан дээл”-тэй голдуу сайд нартай Засгийн газар байгуулагдсан. Зохих хүндрэлүүд үүссэн. У.Хүрэлсүхээс засгийг залгамжилж авсан Л.Оюун-Эрдэнэ ч танхимаа “дан дээл”-тэй сайд нараар бүрдүүлсэн. Тэдний танхим 11 сар ажиллалаа. “Дан дээл”-тэй сайд нартай холбоотой шүүмжлэл, хэл ам тасардаггүй.
Ядаж байхад энэ Засгийн газрын сайд нар COVID19 цар тахалтай үзэлцэж байна. Хүнд, чанга цаг үе. Тэр хэрээр сайд нар сайн ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайд нараас нэлээд шалгуур шаардаж байна гэсэн үг.
Одоогийн “дан дээл”-тэй сайд нарыг харах нээ, яахын аргагүй салбарын хүн байгаад байдаг. Ажилдаа туршлагатай. Мэргэжлээрээ амжилттай ажилласаар ирсэн. Гэвч олонх нь жулдаад болж өгдөггүй. Хаа сайгүй сайд нартай холбоотой шүүмжлэл өрнөж байна.Тасрахгүй шүү.
Уг нь хэрэндээ ажиллаад байх шиг байгаа юм. Угаасаа зүгээр суудаг сайд гэж байхгүй л дээ. Даанч аргаа болохгүй, мунгинасаар, эцэстээ ажлаа ч, засгаа ч нураах шахдаг. Сүүлдээ “...Энэ яам ер нь хэрэг байна уу” гэтэл унагаж байгаа харагдах юм.
Лав энэ Засгийн газрын Зам, тээврийн сайд, УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Соёлын сайд гээд шүүмжлүүлсээр байгаад салбартаа лай ч болж мэдэхээр болоод байгаа юм.
 
Сар гаруйн өмнө Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “...Ер нь чадахгүй юм байж албан тушаалд яасан дуртай болчихсон юм. Ажлаа хийж чадахгүй хүмүүсийг чөлөөлөөд явмаар байна. Тэр хариуцлага тооцох хүмүүст нь тооцооч. Амьдрал, улс орныхоо нөхцөл байдлыг мэдэхгүй” гэж хатуухан хэлсэн. “Дан дээл”-тэй сайд нарыг хэлж буй хэрэг.
 
Тэгэхэд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “...Хариуцлагын асуудлын тухайд Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Сайд нартай холбоотой шүүмжлэл нэг талаас гарахаас өөр аргагүй. ЗГХЭГ-ын даргын хувьд Засгийн газрын ажлын аппарат. Ерөнхий сайд, шадар сайдын урдуур орж захираад байж болохгүй. Тэгвэл хоёр, гурван Ерөнхий сайдтай болчихно. Гэхдээ хүндэрсэн үед зохицуулаад явж байгаа.
Миний ямар шийдвэр гаргаж, хэрхэн ажиллаж байгаа нь харагдахгүй байгаа учраас ингэж хэлж байж магадгүй. Тээвэрчдийн асуудлыг өчигдөр шийдсэн. Түлшний асуудлыг би хариуцан ажиллаж байгаа. Их хүндэрсэн үед орж ажиллана уу гэхээс сайд нарын ажил руу ороод юм бүрийг удирдаж болохгүй. Залуу сайд нар сайжрах хүртэл хугацаа хэрэгтэй байх. Сайжраад явах байх гэж найдаж байна. Иргэдийн шүүмжлэл ч буруу биш. Гэхдээ өмнөх Засгийн газрууд энэ Засгийн газар шиг хүнд нөхцөлд ажиллаж байгаагүй. Тиймээс залуу сайд нар самгардах явдал их байгааг үгүйсгэхгүй” гэж хариулж байв.
 
Эндээс үзэхэд, энэ “дан дээл”-тэй сайд нар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид ч төвөг болдог бололтой. Тиймээс мань эр “...Сайд нартай холбоотой шүүмжлэл нэг талаас гарахаас өөр аргагүй”, “...Залуу сайд нар самгардах явдал их байгааг үгүйсгэхгүй” гэж шуудхан дуугарч байна гэж ойлгогдлоо.
Харин Ц.Нямдорж даргын “...Залуу сайд нар сайжрах хүртэл хугацаа хэрэгтэй байх” гэснийг ойлгосонгүй.
Одоо тэгээд Төрийн яам гэдэг газар, Төрийн сайд гэдэг албан тушаал “дан дээл”-тэй сайд нарыг дадлагажуулдаг болж таарах нь уу. Тийм байх ёсгүй л дээ.
Тэгээд ч тэднийг дадлага туршлага хуримтлуулж, зангараг суухыг нь хүлээдэг цаг нь одоо биш. COVID19-өөс улбаатай эдийн засгийн их хямрал айсуй. Айсуй ч гэж, бид хэдийнэ өртөөд эхэлчихсэн. Энэ том хямралыг дэлхийн бусад улсын адил яаж давах вэ гэдэгтэй тулчихаад байна.
Тэгэхээр олон нийт “дан дээл”-тэй сайд нарт итгэж найдаж байгаа юу, үгүй юу гэдэг чухал юм. Энэ нь ганц ганц асуултаар хэмжигдэнэ. Цаашид шатахуун хомсдуулахгүй гэж Г.Ёндонд  итгэж байна уу. Шахмал түлш таслахгүй гэж Н.Тавинбэхэд найдаж байгаа юу. Хил нээнэ, хаахгүй дээ гээд Б.Батцэцэгт итгэх үү. Үгүй л болов уу даа.
Дээрээс нь данхайсан бүтцийг бөглөөд суучихсан агентлагийн дарга, ТӨҮГ-ын дарга нэртэй сулбайсан нөхдүүдийн асуудлыг ч ярих цаг болсон.
 
Харин оронд нь ажлыг яаж ийгээд амжуулдаг сайд, дарга нарыг “олж” тавих цаг иржээ.
Тэгэхгүй бол “дан дээл”-тэй сайд нарын дадлагажихыг хүлээсээр улсаараа сөхөрч мэдэх нь.
Ер нь бол сайд нар “дан дээл”-тэй байх давуу тал бий боловч сул тал нь илүү олон юм байна. Сая УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад “дан дээл”-тэй сайд нар гишүүдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг авах тал дээр дутмаг байгаа нь харагдаж байна лээ. Энэ бол захын жишээ л дээ. 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч 2017 онд анх удаа Ерөнхий сайд болж танхимаа бүрдүүлчихээд “Хүрэлсүх сайд нараа 100 хувь УИХ-аас бүрдүүллээ, давхар дээл өмслөө, тохиролцоонд  орлоо гэх  шүүмжлэл ихэд  байна. Энэ бол байх ёстой эрүүл шүүмжлэл гэж би үзэж байна. Шүүмжлэлийг ажлаараа харуулж засах болно. Би давхар дээлийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар дээл бол ажил хийх боломж хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгож буй шалгуур гэж үзэн сонголтоо хийсэн” гэж байв. Ийм цаг үед энэ нь хэрэгтэй болж таарлаа.
Үүнийг “дан дээл”-тэй сайд нар өнгөрсөн жил гаруйн хугацаанд яаж ажилласнаараа, өнөөдрийн байж байгаа царайгаараа нотоллоо. Ер нь тэгээд “...”Давхар дээл”-тэй сайд нар нь дээр” гэсэн хандлага нийгэмд суучихсан байна. Улс төрийн хүрээнд бол бүр хүчтэй яригдаад эхэлсэн байна лээ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen