Шинэ сайд нарын нэрс ба зарчим

Шинэ сайд нарын нэрс ба зарчим

 

МАН-ын Их хурал ба давхар дээл

"УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл"-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж ҮХЦ-д хандсан. Тэдний үзэж байгаагаар Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. хэмээн заасан нь 39.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын  дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.  гэсэнтэй зөрчилдөж байна гэж үзээд ҮХЦ-д хандсан.

Цэцээс үндсэн хуулийн маргаан үүсгэх үндэслэлтэй гэж үзээд хүлээгээд авчихсан, хуралдааны тов оноос өмнө зарлагдах бололтой.

"Цаг хугацааны хувьд МАН-ын XXX Их хурал, ҮХЦ-д гаргасан давхар дээл-ийн маргаантай огтлолцож байх юм. Өчигдөрхөн хуралдсан МАН-ын Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 0,27 хувиас бусад нь дэмжээд намын дарга болгов.

"Намын даргаар ийм өндөр саналаар батлагдах нь цаг хугацааны асуудал байв уу? Цаагуур наагуур найруулсан тохироо байв уу? гэдэг нь анхаарал татаад байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэсэн сүртэй уриа лоозонтой эхэлж байв. Гэвч өндөр боловсрол нь хөрсөн дээр буусангүй юу, яав ийв гэмээрээр сайд нар нь салбараа толгой дараалан сүйрүүлж эхэлсэн гэхэд нэг их хол зөрөхгүй.

Энэ цаг үеэс л дан дээлтэй сайд нар жижигдэж, жингүйдэж байгаа талаар, бяр дутаж, баавар багадаж байгаа талаар хүний өөрийнгүй, гадна дотногүй жиргэцгээсэн. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тохироотойгоор МАХН-тай нэгдэж байгаагаа ч ил шулуун зарлаж байв. Дөнгөж өлгийдөж авсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс дан дээлтэй сайд нарыг салгах тухай яриа ч хүчийг авав.

"Энэ утааг май болгох ажлыг Ерөнхий сайд өөрөө гардан хийсэн гэж болно. Учир нь, түүнд ажил унагасан, шүүмжлэл дагуулсан салбарын сайдаа хэд л бол хэдэн удаа, тааллаараа өөрчлөх эрх нь байсан. Гэвч тэгэх бүр л гэдийж, хамгаалж, хаацайлсаар л байв. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйтэйдээ ч юм уу, эсвэл жудагтайдаа  дан  сайд нарыг хамгаалсан гэж үү? Дан дээлт сайд нарыг балбах тусам нөгөө талд   давхар дээл -ийн асуудал эрчээ авсаар л.

Ингэж тэгсээр ан цав гараад хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхдээ тулсан МАН-ын хагарал Их хурлынхаа өмнө жигтэйхэн намжмал болсон байх юм. Авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг хөөж тууна, авилгатай холбоотой асуудлаар би дахиж та нарыг өмөөрөхгүй гэх мэтчилэн заналхийлсэн, айлгасан өнгө аястай үгнүүд өөрийнх нь танхимын хэн нэгэнчүүдэд хаяглагдаад байгаа санагдах болов.

Намын даргын албан тушаал нэг талаасдан дээлтүүд-ийг хараалсан Ерөнхий сайдын овоо, нөгөө талаас давхар  дээлийг хүсэмжилсэн гишүүдийн хүлээлт хоёрын торгон огтлолцол дээр өлзий ерөөлтэй өрнөв.

Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг тийм ч амархан бөгөөд зөөлөн боорцог яав чиг биш. Гэвч золоор ч юм уу, золгүйгээр ч юм уу... сөрөг хүчний хоёр гишүүн маргаан үүсгэхээр өргөдөл гаргах юм. Угтаа бол эрх баригч намын сайд нар  байна уу, давхар байна уу сөрөг хүчнийхэнд тийм ч чухал биш л дээ. Саяхандаа, өнгөрсөн намар ч билүү дээрх маргааныг үүсгэгч нэг гишүүний талаар таагүй мэдээ сонсогдож л байв. Авилга албан тушаалын ч бил үү, юу билээ нэг хэрэгт шалгагдаж байгаа ч билүү ...За энэ бүхнийг нуршилгүйгээр цаашид асуудал хэрхэн өрнөх талаар бяцхан таамаглал дэвшүүлээд үзье.

Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэр их суудал дээр өөрчлөгдөж байсан тохиолдол ганц л удаа гарч байсан юм билээ. Тэгэхээр дунд суудлын хуралдааны шийдвэр ЛАНЖГАР” эд болж таарлаа. Хоёр гишүүний дэвшүүлсэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхэд  болоод байгаа заалтыг үндэслэлтэй байна гэсэн шийдвэр ҮХЦ-ээс гарвал УИХ цэцийн шийдвэрийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар хэдхэн хоногт л хэлэлцчихнэ. Тэгээд бүр хүлээгээд авчихна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг үгүй хийж, дан дээлийг давхарлах ийм л амархан.

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.   гэсэн заалт бий л дээ. Гэвч хуулийг засаж, өөрчлөөд цаашаа хурдлах шиг амархан зүйл эрх баригчдад үгүй. Өнгөрсөн хавар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах хүртэлх үе шат нийтдээ долоон минут үргэлжилсэн байдаг тун ойрын жишээг санаж байгаа биз дээ.

Асуудал нэгэнт энэ хүртэл явсан тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулиа л дагана даа гэхээс яахав.

Тэгвэл түүний танхимын дараагийн сайд нар хэн хэн байх вэ?

Нэр цохож, таамаг дэвшүүлэхээс өмнө МАН-ын цагаан байшингийн ойр орчмоор эргэлдэж байгаа чимээ шуугианыг чагналаа. Шинэ Засгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэхээс өмнө эхлээд тэд зарчмаа тохирсон бололтой. Үүнд:

Хоёр ба түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон, урьд өмнө сайдаар томилогдон ажиллаж байгаагүй бол нэн түрүүнд хүндэтгэн үзэх шалтгаан болно

 

Ор нь гарсан байнгын хороодын даргаар шинээр сонгогдсон гишүүд дундаас сонгоно

Урьд өмнө сайдаар томилогдон ажиллаж байсан гишүүд энэ удаад гомдоллох эрхгүй, хойш сууна. Тухайлбал, Гадаад харилцаа, Байгаль орчин, Барилгын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар сайд гэх мэтчилэн гишүүдэд хамаатай заалт;  МАХН-ынханд энэ удаад юу ч наалдахгүй. Учир нь тохиролцооны бичиг -т хамтарч оролцсон сонгуулийн үр дүнгээсээ бялуу хуваалтад оролцоно гэсэн заалттай юм билээ. Тэгэхээр тэдэнд 2020 оны сонгуулийн үр дүнг булаацалдах эрх үүсэхгүй гэсэн үг.

Эцэст нь фракцуудын эрх ашгийг ойролцоо тэнцүү хангана. Тухайлбал, Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Сү-ийн буюу МГУ-ийн фракц хэрчим ч бялуугүй хоцорсон. Ойролцоо тэнцүү гэдгийн цаад санаа нь Хүүкийн фракцад мэдээжийн хэрэг бялууны крем арай илүү оногдоно гэсэн үг л дээ.

Ингээд шинээр бүрэлдэх Засгийн газрын танхимын сайд нарын нэрстэй (таамаглал) танилцана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen