М.Намуун "Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цом" тэмцээний аварга боллоо

М.Намуун "Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цом" тэмцээний аварга боллоо

 

18 дахь удаагийн "Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цом" тэмцээн ОХУ-н Нижневартовск хотод 2021 оны арванхоёрдугаар сарын 06-11-ний хооронд боллоо. Нижневартовск хотын Самотлор спорт цогцолборт Монгол, Киргиз, Казахстан, Азербайжан, Армени, Украин, Беларусь, Польш, Швед, Латви, Чили, Эстони, Кипр, Гвиней, Сьерра-Леоне, Узбекистан, ОХУ зэрэг 16 орны 139 боксчин эрэгтэй 13, эмэгтэй 6 жинд өрсөлдлөө.
Тэмцээний алтан медаль хүртсэн боксчдод Олон улсын хэмжээний мастер цол олгосон.

 

Эхний  өдөр:
Эрэгтэйчүүдийн -57 кг жинд Гантөмөрийн Лундаа Оросын Руслан Мирзоевтой тун тэнцүүхэн тулааныг үзүүлж, шүүгчдийн 1-4 гэсэн саналаар ялагдсан.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Азийн залуучуудын хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт Эрдэнэдалайн Мичидмаа Тажикистаны  Самадова Мичгонатай таарсан. Манай боксчин эхний үед урагшаа довтлон, оноо түүж ажиллаж байсан ч дараагийн үеүдэд хэмнэл удааширч, хөл дээрээ ажиллах нь багасаж, улмаар өрсөлдөгч нь тоглолтыг хянаж, санаачилгыг гартаа авч ажилласаар Монгол боксчин маань ялагдлаа.  

 

Хоёр дахь өдөр:
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Азийн аваргын хүрэл медальт Балсангийн Мөнгөнсаран Оросын Татьяна Барзартай тулалдан, солгой өрөлттэй, хойд гарын савсан цохилттой өрсөлдөгчийг илт давуу тулаанаар буулган авч 5-0-ээр ялалт байгууллаа.
-60 кг жинд дэлхийн өсвөр, залуучуудын аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Монхорын Намуун Тажикийн Шойра Зулкайнаровааг илүүрхэн 5-0-р итгэлтэйгээр ялснаар хагас шигшээд шалгаран медалийн болзол хангаж, 09-ний орой Оросын Карена Кужелеватай мөнгөн медалийн төлөө тулалдах болсон.

 

Мөн энэ жинд Азийн залуучуудын хүрэл медальт Баттөрийн Золжаргал Оросын Дарья Дмитриеватай тулалдан, яг л дэвжээний эзэн мэт хөл дээрээ зайгаа мэдрэн ажиллан илүүрхсэн тоглолт гарган, 5-0 гэсэн оноогоор ялалт байгууллаа.
Эрэгтэйчүүдийн -51 кг жинд Азийн аваргын хүрэл медальт Орхонтунгалагийн Өнөболд Оросын улсын аваргын хошой хүрэл, Бүх оросын Универсиадын мөнгөн медальт якут гаралтай Евгений Мартыновтой тулалдан, манай боксчны хувьд хөлийн ажиллагаа илт дутмаг байсан ба  орос боксчин өрөлтөө баруун, солгойгоор ээлжлэн сольж, орж гарсан, хурдтай олон угсраа цохилтоор манай боксчныг давамгайлж, 4-1 гэсэн саналаар ялалтаа баталгаажууллаа.

 

Гурав дахь өдөр:
-57 кг жинд Азийн аваргын хүрэл медальт Балсангийн Мөнгөнсаран 09-ний орой тэмцээний хагас шигшээд Оросын Яна Мисчеринатай мөнгөн медалийн төлөө тулалдлаа. Хөх булангаас гарсан Орос боксчин нэлээд хүнд цохилттой нэгэн бөгөөд тоглолтын хоёр, гуравдугаар үед сульдаж сууж эхэлсэн бол манай боксчин сийрэгхэн ажиллаж, оноо түүсээр ялалтаа авч, алтан медалийн төлөө шигшээ тулаанд шалгарлаа. Манай боксчин шигшээд Тажикстаны Самадова Мичгонатай тулна, тажик боксчин эхний тулаанаар манай Эрдэнэдалайн Мичидмааг ялж, урагшилсаар гарч ирсэн нэгэн билээ. Шигшээ тулаан 11-ний орой Улаанбаатарын цагаар 15:00 цагаас болно.

 

-60 кг жинд дэлхийн өсвөр, залуучуудын аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Монхорын Намуун 09-ний орой Оросын Карена Кужелеватай мөнгөн медалийн төлөө тулалдав. Оросын эмэгтэй боксчин эхний үед нэлээд ширүүн өрсөлдөөнийг гаргаж байсан авч О.Намуун хоёр, гуравдугаар үед санаачилгыг гартаа авч, 5-0 гэсэн шүүгчдийн саналаар ялалтыг баталгаажууллаа. Манай мастер алтан медалийн төлөө шигшээ тулаанд Чилийн боксчин Валентина Бустамантетай 11-ний өдрийн /УБ-н цагаар/ 15:00 цагаас тулалдана.
Энэ жинд Азийн залуучуудын хүрэл медальт Баттөрийн Золжаргал 09-ний орой Чилийн Валентина Бустамантетай мөнгөн медалийн төлөө тулалдлаа. Өмнөд америк боксчин нэлээд нуруулаг, бахим, хүнд цохилтоо биеэрээ орж хийдэг, хөлийн ажиллагаа сул нэгэн байсан ба манай залуу мастер эхний үеддовтолгоонуудыг нь сөрсөн цохилтоор хариулан оноо авч ажиллаж байсан боловч хоёрдугаар үед битүү хамгаалан гар дээрээ хүнд цохилтуудыг авснаар ажиллагаа нэлээд суларч, төгсгөлийн үед дэвжээний шүүгчээс Б.Золжаргалыг  хоёронтоо тоолон улмаар тулааныг зогсоосноор манай залуу мастер уг тэмцээний хүрэл медаль зүүх боллоо.

 

Тав дахь өдөр:
-57 кг жинд Азийн аваргын хүрэл медальт Балсангийн Мөнгөнсаран 11-ний орой тэмцээний алтан медалийн төлөө шигшээ тулаанд Тажикстаны Самадова Мичгонатай туллаа, эхний хоёр үед монгол боксчин илт илүүрхэн, солгой өрөлттэй, чигээрээ дайрч ажилладаг тажик боксчныг яалтгүй хожиж явсан, төгсгөлийн үед өрсөлдөгч боксчин өрөлтөө сольж, хөлийн ажиллагааг идэвхжүүлсэн хэдий ч манай боксчин оновчтой цохилтоор цохилтын тоо илүү байсан боловч шүүгчдийн саналаар тажик боксчин ялалт авснаар Балсангийн Мөнгөнсаран мөнгөн медалийн эзэн боллоо.

 

-60 кг жинд дэлхийн өсвөр, залуучуудын аваргын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Монхорын Намуун алтан медалийн төлөө шигшээ тулаанд Чилийн боксчин Валентина Бустамантетай 11-ний өдрийн /УБ-н цагаар/ 15:00 цагаас тулалдан илт илүүрхсэн тулааныг гарган 5-0 гэсэн саналаар ялагч болон Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цомын тэмцээний аварга гэсэн цолтой болж байна.
Ингээд Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цомын тэмцээнд Монголын боксчдын Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай багаас 3 эмэгтэй боксчин тухайлбал 60кг-О.Намуун алтан медаль, 57кг-Б.Мөнгөнсаран мөнгөн медаль, 60кг-Б.Золжаргал хүрэл медаль зүүлээ.
Ер нь ОХУ-ын Ханты-Мансийск тойргийн Белоярск хотноо Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цомын тэмцээн 2002 оноос олон улсын хэмжээнд зохиогдсоноос хойш нэлээд хэдэн жил болжээ. Тус тэмцээнийг Сибирьд  газрын тосыг анх нээсэн геологич, тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Социалист хөдөлмөрийн баатар Фарман Салмановын дурсгалд зориулан зохион байгуулсан түүхтэй ажээ. Энэхүү тэмцээнд монголын боксчид амжилттай оролцож, 2011 онд 49 кг-д ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ, 52 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба нар хүрэл медаль, 2012 онд 49 кг-д ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ, 56 кг-д Лондоны Зуны Олимпын мөнгө, Дэлхийн аваргын мөнгө, Дэлхийн Оюутны аварга, 2009 оны Азийн аваргын хүрэл, Азийн Залуучуудын АШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт нар мөнгөн медаль зүүж байжээ. 2013 онд 51 кг-д Азийн Наадмын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг Нефтитэй орнуудын боксын Дэлхийн Цомын тэмцээний мөнгөн медаль, нэлээд хожуу 2017 онд 60 кг-д Оюунбилэгийн Мөнхсайхан хүрэл медаль хүртсэн байна.

 

Бэлтгэсэн Хувцагааны  Баттулга
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen