МУГТ Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөх олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай улсаас Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумьяа тэргүүтэй 14 тамирчин барилдаж байна. Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумьяа шагналт долдугаар байр эзлэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурт ялагдлаа. Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан вазаари үнэлгээрээр ялан медалийн тавцанд зогсжээ.
Энэ жинд барилдсан Л.Өнөболд эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгажээ. 66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаандаа ялагджээ. Харин 57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр ”С” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Х.Каракаст ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Францын Р.Хелентэй таарсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдаж чадсангүй.
Энэ жинд Олимпийн аварга Бразилын Р.Силва алтан медаль хүртэж, дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль, Франц, Унгарын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.
Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр манай долоон жүдоч дэвжээнд гарснаас, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа шагналт долдугаар байр эзлэв. Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч тус тус барилдана. 73 кг-д 40 бөх барилдах бол 81 кг-д хамгийн олон буюу 48 бөх барилдана. Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр 14 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Бразил хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж, Испани, Франц, Молдав улс нэг аваргатай II-V байрт бичигдлээ. Япон, Азарбайжан, Гүрж, Монгол, Португал, ОХУ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалж байна.
Ж.Батсайхан