Ховд аймгийн иргэд боловсрол, бүсчилсэн хөгжлийн заалтуудыг онцоллоо

Ховд аймгийн иргэд боловсрол, бүсчилсэн хөгжлийн заалтуудыг онцоллоо

 

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.26/ Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.Тэрбээр уулзалтын эхэнд “Ард түмнийхээ итгэлийг авч Ерөнхийлөгч болвол эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, монгол айл бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ” хэмээн онцолсон. Үргэлжлүүлэн шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох ёстой. Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотголоо. “Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо.
ҮАБЗ-ийн гишүүдийн дундах үл ойлголцол арилж, төрийн хар хайрцагны бодлого батжина.Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй субьект.
Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих учиртай. Ерөнхийлөгч нь УИХ, Ерөнхий сайдтай эв эеийг сахиж, хүчээ нэгтгэж байж цар тахлын хүнд үеийг гарз хохирол багатай даван туулах, улс орны өмнө тулгамдсан бэрхшээл, сорилтыг шийдэх, том төсөл хөтөлбөрүүдээ бодитой ажил болгох бүрэн боломжтой. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд 4-12 жил шаардлагатай. Эцэст нь хэлэхэд түмэн олон минь талцал хуваагдалгүй амгалан тайван байх ёстой” гэлээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, уул уурхайн боловсруулах хүнд аж үйлдвэрүүдийг дэмжинэ гэж тусгасан юм. Ховд аймгийн залуучуудын зүгээс 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “ХХI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллах заалтыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг сайшаалтай хүлээн авч байлаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад оролцсон Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Одонбаяр “Намайг Х.Одонбаяр гэдэг. Би 18 настай. “Ховд” их сургуулийн оюутан. Монгол Улсын иргэний хувьд анх удаа сонгуульд оролцох гэж байгаадаа баяртай байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт Монгол хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, тэгш боломжоор бүрэн хангаж, малчин хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарна гэсэн нь хөдөөгийн оюутан надад маш их таалагдсан. Ховд аймаг Улаанбаатар хотоос 1500 км-т оршдог. Залуус бидэнд тэр бүр нийслэл хотыг зорьж, элдэв боловсролын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцоод байх боломж байдаггүй. Тэр утгаараа зарим мэдээллээс хоцрох үе цөөнгүй гардаг. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт зааснаар хүн бүр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлж чадвал залуус, дүү нар илүү сайхан сурч боловсрох боломжтой болно гэдэгт итгэж байна. Үеийн залуустаа хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen