“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэм энэ сарын 15-нд дуусна, Тэгээд юу болох вэ?
“Эрдэнэт үйлдвэр” төрийн 100 хувийн эзэмшилтэй, ТӨҮГ-ын статустай болоод жил долоон сар боллоо.
Энэ хугацаанд тус үйлдвэр Засгийн газрын шууд хяналтад онцгой дэглэмтэй явж ирсэн. Засгийн газар уг онцгой дэглэмийг 2019 оны гуравдугаар сарын 6, мөн оны есдүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар сунгасан байдаг.
Дахин сунгах боломжгүй. Цэцийн шийдвэр онцгой дэглэм тогтоохдоо үндэс болгосон хуулийг түдгэлзүүлсэн.
Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа энэ сарын 15 буюу Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр дуусна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шууд хяналт тэр өдрөөс хойш байхгүй болно. Тэгэхээр 2020 оны аравдугаар сарын 15-наас хойш “Эрдэнэт үйлдвэр”-т чухам юу өөрчлөгдөх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийг өөрчилсөн. Тус ажлын хэсгийн дарга ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг гаргаж, Шадар сайд Я.Содбаатарыг даргаар нь томилсон. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг нарийн бичгийн даргаар нь тавьсан.
Ажлын хэсэг нэг бус удаа хуралдсан талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн уг хурал, уулзалтуудын протоколыг нууцын зэрэглэлд оруулж байгаагаа албаны эх сурвалж хэлжээ.
Юутай ч Ажлын хэсэг ямар нэг шийдэлд хүрч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь эзэмшлийн асуудал хөндөгдөж мэдэхээр болсон байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын есдүгээр сарын 28-нд Орхон аймгийн иргэдтэй уулзахдаа “...Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, УИХ, Засгийн газрыг шахаж ажиллана” гэсэн нь ч үүнтэй холбогдож бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин