Сонинд "од" болсон өвөө

Сонинд "од" болсон өвөө

 

“Соёмбо" сонины редакцаар мэнд мэдэж, сонин дуулахаар байнга зочилдог ахмад буурлууд цөөнгүй. Залуу сурвалжлагч бид, тэднийг орж ирэхэд нь алт шиг үгнээс нь сонсох гэж, хийж байгаа ажлаа түр орхих нь ч олонтаа. Тэдгээр ахмадуудын нэг нь Монгол Улсын гавьяат багш, чөлөөнд байгаа дэд хурандаа Ц.Төвөө гуай юм.
“Агтны хариу жилдээ, Аяганы хариу өдөртөө” гэдэг шиг цай уух зуураа өвөө нь сонинд гарч “од" болж байлаа даа гэх. Сонинд бол сонин, содон зүйл л нийтлэгддэг. Учир юусан билээ хэмээн түүнтэй яриа дэлгэв.
 
 
 
Тэрбээр 2013 оны долоодугаар сарын 13-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадамд оролцож явлаа. Төрийн дээд шагнал болсон одон, медалиудаар дээлийнхээ энгэрийг “хуяглаж", үндэсний дээлээрээ гангарсан хэсэг нөхдөд хүч нэмэн талбайгаар алхахад түүгээр явж байсан гадаадынхан төдийгүй Монгол хүн бүрийн нүдийг тэрбээр хужирласан хэрэг. Энэ үед аадар бороо гэнэт асгарч, хүн бүр л борооноос зугтаж, нөмөр бараадах гээд гүйлдэж л дээ. Харин юуг ч ажралгүй хээв нэг алхаж явсан түүнийг гэрэл зурагчид хальсандаа мөнхөлжээ.
 
 
 
Дараа жилийн “Дээлтэй монгол” наадмын үеэр өнөөх санамсаргүй авахуулсан гэрэл зураг нь “Усан бороо байтугай, суман бороог ч үл тооно” хэмээх нэртэйгээр борооны дуслууд мэт цахим орчинд цацагджээ. Хэдийнээ хэн бүхний танил болсон Ц.Төвөө гуай ч өөрийнхөө тэрхүү гэрэл зургийг хараад ихэд омогшиж. Ингээд гэрэл зургаа эх хувиар нь хаанаас олж авах тухай бодол толгойд нь эргэлджээ. Эрлийг сургаар гэдэгчлэн “Ардчилал” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ү.Одбаярыг олж уулзсан байна. Гэрэл зурагчин залуу ч гавьяат багш Ц.Төвөөтэй нүүр тулгарсандаа ихэд олзуурхаж “Гэрэл зурагчдын дунд зарласан уралдаанд энэхүү гэрэл зураг тэргүүн байр эзэлж, чамлахааргүй шагналыг дагуулж ирсэн дээ” гэж хэлээд гоёмсог жаазанд хийж, гэрт нь хүргэж өгчээ. Дараахан нь Ц.Төвөө гуай “Өдрийн сонины” сурвалжлагч Л.Батцэнгэлтэй хэсэгхэн хором хөөрөлдсөний маргааш "Усан бороо байтугай суман бороонд ч ажрахгүй” хэмээх нийтлэл “Өдрийн сонинд” гарсан байхыг хамаатан садан, үр хүүхдүүд нь үзээд сонинд гардаг “од" өвөөтэй боллоо гэж цаашлуулах нь тэр. Ахмад буурлаас үг сонсохгүй бид хаа хүрэх билээ. Тэд ч залуу үеийнхэндээ туршлага, сургамжаа хуваалцах үүрэгтэй. Түүний тухай уншигч танаа цухас танилцуулъя.
Монгол Улсын гавьяат багш, чөлөөнд байгаа дэд хурандаа Ц.Төвөө нь малчин ард П.Цээпилийн хоёрдахь хүү болон 1937 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт мэндэлсэн аж. Малчин айлын хүүхдүүдэд хийх ажил мундах биш. Багаасаа ажил, хөдөлмөрт шамдан аав, ээждээ тус дэм болж явсаар бага, дунд сургуулиа төгсчээ. Улмаар үеийн хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотыг зорьж, УБДС-д 4 жил номын дуу сонсч, 1958 онд сургуулиа түүх, нийгмийн ухааны чиглэлээр дүүргэн нутагтаа багшлахаар эргэж очив. Ажил хөдөлмөрийн гараагаа Хяргас сумын дунд сургуулиас эхлэхээр очиход нь Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх сурагч байсан гэнэ. “Баянаа миний сурагч байсан юм. Тэрбээр удалгүй Малчин сумын долоон жилийн дунд сургуульд шилжсэн дээ. Өлсөж цангах, өлдөж, даарахыг ч мэдэхгүй сүрхий өлчир, аливаад тэсвэртэй хүү байсан” хэмээн бахдалтай өгүүллээ. Ц.Төвөө гуайг олон ч хүүхэдтэй багш, шавийн барилдлагатай болж, сурган хүмүүжүүлэх ухаанд суралцаж, овоо дөртэй болж байх үед нь буюу 1960 онд Улаанхуаран дахь Бага дарга нарыг бэлтгэх сургуулийн батальонд номын багш, тасгийн захирагчаар томилжээ. Бичиг үсэг үл мэдэх хугацаат цэргийн алба хаагчдад “А” үсэг заасан буянт үйлсээс нь эхлэн түүний цэргийн дарга болох их зам дурайсан нь мэдээж. 
 
 
 
Бичиг үсгийн өндөр соёлтой, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бусдыгаа манлайлсан түүний хичээл зүтгэлийг тухайн үеийн дарга нар гярхай ажиглаж, 1962 онд ЗХУ-ын Алс Дорнодын Цэргийн ерөнхий дээд сургуульд итгэл хүлээлгэн явуулсан байна. Сургуулиа амжилттай төгсч ирээд Улиастайд Ардын Армийн 096 дугаар тусгай бригадын салааны даргаар томилогджээ.
 
 
 
Ангийн захирагч түүнд итгэл, хариуцлага хүлээлгэдэг учир тэдний итгэлийг алдах эрх байсангүй. Нэг өдөр армийн генерал Б.Дорж, Ц.Төвөөгөөс хэдэн асуулт асууж, мэдлэгийг нь шалгав. Генерал “...Бас яах вэ, залуу офицерууд иймэрхүү хариулаад зогсч байвал болж байна шүү” гэж хэлээд зөрөөд өнгөрчээ. Хэд хоногийн дараа “Улаан-Од” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ө.Сэнгээ ирээд л таны зургийг авна, ажлын туршлагаас тань хуваалцаж, сонинд нийтэлнэ хэмээн хэсэг ажил болжээ. Тэр нийтлэл “Улаан-Од” сонины 1967 оны долоодугаар сарын 11-ний өдрийн № 56 дугаарт гарснаар анги, салбартаа бусдыгаа манлайлан ажилласан дэслэгч Ц.Төвөөд хугацаанаас нь өмнө ахлах дэслэгч цол олгож, түүн шиг ажил хөдөлмөртөө идэвх зүтгэлтэй ажиллахыг уриалж байв. Ц.Төвөө гуай сонинд олонтаа нийтлэгдэж “Од” болсон бөгөөд энэ удаад “Соёмбо” сониныхоо зочны хойморт уригдсан нь энэ юм. Чөлөөнд байгаа дэд хурандаа Ц.Төвөө нь 1970-1973 онд ЗХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцаж төгссөн бөгөөд 1973-1977 онд ЦНДС-ийн Ерөнхий цэргийн кафедрын дарга, 1977 оноос БХЯ-ны Цэргийн гаднах сургалтын хэлтэст ахлах мэргэжилтэн, 1981 оноос УБДС-ийн оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн 1983-1988 онд Политехникийн дээд сургуулийн оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн Орлргч даргаар үр бүтээлтэй ажилласан байна. Ахмад буурлын үгийг сонсох, тэднээсээ суралцах зүйл бидэнд их бий.
 
Фронт Бадам
 
Увс аймгийн Давст сумын харьяат Лааган овогт Чогдоны Тогтох нь Москва хот дахь Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургууль төгссөн кино зураглаач мэргэжилтэй хүн. Ч.Тогтох маршал Ю.Цэдэнбалын таван ангит, Н.Батмөнхийн тухай гурван ангит баримтат уран сайхны кино бүтээсэн юм. Кино зураглаач Ч.Тогтох 1986 оны тавдугаар сарын 8-ны өдөр Увс аймгийн төв Улаангом хотоос 16 км-ийн зайнд орших Тээлийн боом гэдэг газар хаваржиж байсан Энгэлийн Бадам гэдэг 83 настай эмээгийнд очиж зургийг нь авчээ. Энэ эмээ фронтод 1000 хонь, 20 адуу, 17 үхэр, 7 тэмээ бэлэглэжээ. Түүнд БНМАУ-ын хошой баатар маршал Х.Чойбалсан хамгийн сайн малчны тэмдэг, мөнгөн хуц, мөнгөн сүлд, мөнгөн бүслүүртэй агар хувин зэргээр шагнасан байна. Энгэлийн Бадам гуай “Победа 1945-1985" гэдэг медалиар бас шагнуулсан ажээ.
 
Гавьяат багш, дэд профессор Ц.ТӨВӨӨ
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen