Ковид-19: Эмчилгээнд 70 хүн байгаагаас 9 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт хүргэдэг цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг товч хүргэе. Өчигдөр ажиглалтад 18 хүн шинээр орж, 72 хүн гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор нийт 2616 хүн ажиглалтад байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
Өчигдөр нийт 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулбал:
- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор долдугаар сарын 4-нд ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 2 дахь давтан шинжилгээ
- БНХАУ-ын 191 иргэний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
- Ажиглах байранд тусгаарлагдан хяналтад байсан хүмүүсээс шинжилгээ авчээ. Мөн ажиглах байранд ажиллаж байгаад ажиглах байранд тусгаарлаж өөрсдийгөө хянаж байгаа 39 эмч ажилчдаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс,
- ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээ,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьцоос тус тус коронавирус илрээгүй байна.
-
Дорнод аймагт тусгаарлагдан хянагдсан нэг жолоочийн шинжилгээг Дорнодын бүсийн лабораторид хийхэд хариу нь сөрөг гарсан байна.
БНХАУ-ын ЭСЯ-тай тохиролцсоны үндсэн дээр манай улсад ажиллаж байгаа 400 гаруй хятад иргэн эх орондоо буцахаар болжээ. Манай улсаас шинжилгээний албан ёсны бичиг өгч тэдгээр иргэдийг буцааж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад халдвар байхгүй, халдвар аваагүй гэдэг таних тэмдэг болох юм байна. Мөн тэдгээр иргэд Монголын өнцөг булан бүрт ажиллаж байгаад буцаж байгаа учраас бас нэгэн төрлийн тандалтын шинжилгээ болж байгаа гэнэ.
Сайн мэдээ гэвэл өнөөдөр 31 настай эмэгтэй 32 хоног эмчлэгдэн эдгэрч ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч дараагийн сувилал руу шилжлээ.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 288 байгаагаас эдгэрэн гарч дараа дараагийн шатанд шилжсэн 218 хүн байна. Эмчилгээнд 70 хүн байгаагаас 61 хүний биеийн байдал хөнгөн, 9 хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ.
Өнөөдөр 15:30 цагт Афганистанаас 120 энхийг сахиулагчид ирнэ.