Оросууд Дэлхийн II дайн эхэлсэн талаарх баримтыг дэлгэлээ
Х.Өлзийбаяр
ОХУ-ын Батлан хамгаалах яам Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнөхөн үеийн үйл явдлын тухай өгүүлсэн баримт бичгүүдийг өөрийнхөө сайтад “Дайны ирмэг дээрх эмзэг дэлхий” гэсэн буланд дэлгэн нийтэлж эхэлсэн байна. “Анх удаа олон нийтэд дэлгэж байгаа энэ баримтууд дайны өмнөх улс төрийн бодлогын талаарх өмнө нь дэлгэж байгаагүй зүйлсийг тодорхой өгүүлнэ. Энэ буланд нийтэлж байгаа материалууд уншигчдад тэр үеийн цэрэг улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал чухам яагаад ийм шийдэлд хүрснийг өгүүлэх болно” гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
ОХУ-ын БХЯ-ны Төв архивын сангаас ил болгон дэлгэж байгаа энэ баримтууд бол манай яам түүхэн үнэнийг дэлгэх, хамгаалахад чиглэхээс гадна, Дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайн, тэдгээрийн үр дүнгийн талаар худал ташаа мэдээлэл түгээхийн эсрэг хийж байгаа ажлын нэг хэсэг” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам онцлон тэмдэглэжээ.
Энэ удаа дэлгэж байгаа баримтуудын дотор 1939 оны есдүгээр сард Польш руу довтолсон Германы армийн хоёрдугаар корпусын байлдааны ажиллагааны тэмдэглэл байгаа юм байна. Германы генералын бичсэнээр бол Варшавыг эзлэх, Модлин цайзыг дайрах үеэр Польшийн арми асар хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм байна.
Энд бас Оросын ажилчин тариачны улаан армийн Жанжин штабын дарга Борис Шапошниковын Зөвлөлт холбоот улсын Батлан хамгаалахын ардын комиссариат Климент Ворошиловт илгээсэн албан бичиг байна. Энэ бичгээр гадаадын аль нэг улс болон цэргийн янз бүрийн эвсэл, холбоодоос учирч болох дайны аюулын тухай үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Баримтуудад зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүдийг Дэлхийн хоёрдугаар дайны өмнө ЗХУ-ын зүгээс ирэх үндсэн аюулын илэрхийлэл гэж польшууд үзэж байсныг харуулж байна. Тухайн үед Батлан хамгаалах яам баримт бичгүүдийн нууцлал, чухалд хэрхэн ач холбогдол өгч байсныг онцолж “Шапошников илтгэлийнхээ 31 дүгээр хуудсыг нарийн бичгийн дарга, бичээчээрээ бичүүлэлгүй өөрөө машиндсан байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Шапошников энд “Зөвлөлт холбоот улс баруун талдаа Герман, Польшийн, зарим газарт Италитай, дорно зүгтээ Японтой хоёр фронтоор дайтах тэмцэлд бэлэн байх хэрэгтэй болж байна” гэж тэмдэглэсэн байна.
Герман, Польш хоёр дайны өмнөхөн 160 явган дивиз, 7000 гаруй танк, 4,5 мянган онгоц бүхий нэгдсэн хүч бөөгнөрүүлээд байсны баримт ч байна.
ЗХУ-ын Батлан хамгаалахын ардын комиссар Ворошилов англи, францын цэргийнхэнтэй 1939 оны тавдугаар сард хэлэлцээр хийхдээ Москва энэ бүхнийг сөрөх чадвартай гэж мэдэгдэж байжээ.
1939 оны есдүгээр сард Польшийн аян дайны үеэр зөвлөлтийн улаан арми Баруун Украиныг польшуудаас чөлөөлөхөд тэндхийн иргэд орос цэргүүдийг чөлөөлөгч хэмээн нулимс дуслуулан цэцэг барин угтаж байсан тухай баримтууд ч бас байна. Энэ талаар Улаан армийн Улс төрийн газрын дарга Львов Мехлисийн Баруун Украины янз бүрийн хотоос Зөвлөлтийн удирдлагуудад илгээсэн мэдээллүүд байгаа юм.
Мехлис мэдээлэлдээ эдгээр нутагт хэвийн амьдрал зохиож Польшийн засаглалын үед дутагдаж байсан түлш, хүнс зэргээр хангахын чухлыг тэмдэглэсэн байна. Тэр “хотуудад шүдэнз, керосин, талх юу ч алга” гэж илтгэжээ.
Польшуудын хяналтад байсан Баруун украин, Баруун Белорусыг чөлөөлөх Зөвлөлтийн улаан армийн “Польшийн аян дайн” 1939 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 12-нд үргэлжилсэн юм.
1939 оны есдүгээр сарын 1-нд Германы арми Польшид халдан довтолсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн түүхтэй. Германы фашистуудын түргэвчилсэн марш Польшийн зүүн хилд хүрч ЗХУ-ын хилд тулснаар баруун зүгт Киев, Минскийн чиглэлээр дайны аюул тулгарсан юм.
Улмаар эзэлсэн газар нутагтаа германчууд Львов төвтэй Баруун-украины улс байгуулан улмаар энэ нь бүхий л Украиныг хяналтдаа аван германчуудад ЗХУ руу дайрах боломж бүрдүүлэх гэж байгааг Зөвлөлтийн удирдлага мэдсэн юм. Балти орчимд ч германчууд Литвийг бүхэлд нь, Латвийн Курлянд хүртэлх зарим хэсгийг эзлэн авснаар үндсэндээ Москва, Ленинградад хамгийн ойртсон байлаа.Польшийн удирдлага өмнө нь Польш, ЗХУ-ын хооронд байгуулсан гэрээг зөрчиж эхэлснээр Зөвлөлтийн удирдлага Польшийн дорнод нутагт амьдарч байгаа украин, белорус иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Улаан армийн зарим хэсгийг хөдөлгөн энэ ажиллагааг явуулсан юм хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
Ардчилал таймс