Афганистаны дайны үеийн нууц баримт бичгүүдийг нийтэлжээ

Афганистаны дайны үеийн нууц баримт бичгүүдийг нийтэлжээ

 

МОСКВА. /TASS/. Зөвлөлтийн цэргүүд Афганистанаас гарсны 30 жилийн ойд зориулж, ОХУ-ын Батлан хамгаалах яам нууцад тооцогдож байсан баримт бичгүүдийг цахим хуудсандаа нийтэлжээ. Тус яамны Төв архиваас олгосон уг баримт бичгүүдтэй цахим хуудасны мэдээлэл-түүхийн хэсэгт орж танилцаж болно.
“Шинэ баримтат төсөл нь Афганистанд олон улсын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн анги нэгтгэлүүдийн түүхийг  анхны өдрөөс эхлэн харуулах бөгөөд тэнд бүтээсэн үйл хэрэг, гавьяа зүтгэл, тэдгээриийг байгуулсан баатруудын тухай, тухайлбал, хожим Бүгд Найрамдах Ингушет Улсын төрийн тэргүүн болсон дэслэгч генерал Руслан Аушев, 1992 оны армийн генерал Виктор Дубынин, яруу найрагч, дэслэгч Александр Стовба нарын тухай өгүүлнэ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн 149 дүгээр гвард, мото буудлагын 181 дүгээр анги, мөн мото буудлагын 122 дугаар ангийн тухай, цэргийн алба хаагчдад болон анги нэгтгэлүүдэд олгосон цэргийн цол, шагналуудын жагсаалт,  Зөвлөлтийн цэргүүд Афганистаны энгийн иргэдтэй хамтран ажиллаж байсан тухай тэмдэглэлүүд байгаа аж. Тухайлбал, афганчуудад "Беларусь" трактор хүлээлгэн өгснийг болон Зөвлөлтийн пионеруудын илгээсэн бэлгийг Афганистаны хүүхдүүдэд гардуулан өгч байсныг тэмдэглэн үлдээсэн байна. Үүнээс гадна, Афганистан дахь цэргийн алба хаагчид энгийн иргэдтэй хэрхэн ойлголцож, харилцаа тогтоож байсан талаарх түүхэн нотолгоонуудыг олон нийтэд ил болгожээ.
Зөвлөлтийн цэргүүдийн Афганистанд гүйцэтгэсэн үүрэг болоод зорилгыг таниулах, мөн түүхийг гуйвуулах оролдлогоос сэргийлэх зорилгоор архивын баримт бичгүүдийг нийтэлсэн байна.
Афганистаны дайн 1979-1989 оны хооронд 10 жил үргэлжилсэн бөгөөд байлдааны ажиллагааны явцад Зөвлөлтийн 15 мянга орчим цэрэг амь үрэгджээ. Зөвлөлтийн цэргүүдийг Афганистанаас гаргасны ойг жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тэмдэглэдэг. 1989 оны хоёрдугаар сарын 15-нд ЗХУ цэргээ Афганистанаас татаж дуусгасан нь дайн төгсгөл болсныг илэрхийлдэг байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen