Ялалтын баярын 74 жилийн ой тохиож байна
Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд хамгийн их баяртай, аз жаргалтай өдөр байлаа. Учир нь 1945 оны тавдугаар 9-нд шилжих шөнө урт удаан үргэлжилсэн дэлхийн 2-р дайныг бүр мөсөн дуусгаж, Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Дайны хамгийн хүнд бэрхийг тухай үеийн оросын улаан арми үүрсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны эхнээс дуусах хүртэл нь манай улс ЗХУ-ыг тууштай дэмжиж, Зөвлөлтийн улаан армид тусалж байлаа. Тиймдээ ч энэхүү эх орны дайны ялалтын ойг өргөн тэмдэглэдэг юм.
Энэхүү түүхт ялалтын ойг ёслон тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалах,манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж амь бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой.