Атиллагийн булш олдсон уу
Унгарын нийслэл Будапештын ойролцоо Дунай гол дээр тавигдах гүүрний суурь байгуулахаар ажиллаж байсан ажилчид нэгэн булш олжээ. Энэ олдвор нь Манай Эриний тавдугаар зуунд хамаарах ба судлаачид Хүннү нарын агуу удирдагч Атиллагийнх байх өндөр магадлалтай гэж үзэж байна.
Булшнаас олон адууны араг яс, зэвсэг, гар урлалын бүтээлүүд гарсан нь Хүннүгийнх гэдгийг нь баталж байгаа ажээ. Олдворууд дундаас гарсан нэг том илд нь түүхэнд дурдагддаг Марс бурхнаас Атиллад гардуулсан, солирын төмөрлөгөөр хийгдсэн "Скифүүдийн Ариун Дайны Илд” байх магадлалтай байгаа гэнэ. "Энэ бол Атиллагийн булш болох нь бараг тодорхой. Гэхдээ цаашдийн судалгаагаар батлах хэрэгтэй” гэж Будапештын Их Сургуулийн түүхч Альбрехт Румштейн ярьж байна. Ромын түүхчид "Тэнгэрийн ташуур” гэж нэрлэдэг байсан Атилла нь Төв Азиас гаралтай нүүдэлчин Хүннү нарын хаан байсан юм. Манай эриний 434-453 онуудад хаанчилж байхдаа Төв Азиас их нүүдэл хийн Европт ирж Зүүн болон Баруун Ромын эзэнт гүрнүүдийг довтолж байсан билээ. Түүний довтолгоо Ромыг унагаж, Европт Дундад зууны гэгддэг эрин үеийг эхлүүлсэн юм. Атилла 453 онд залуухан готик гүнж Илдикотой хуримлан найрлаж байхдаа учир битүүлгээр нас барсан гэдэг. Энэхүү булшнаас олдсон эд өлгийн зүйлс нь Хүннүчүүдийн тухай маш их мэдээлэл өгнө гэдэгт судлаачид итгэлтэй байгаа ажээ.