Халх голд хэн хохиров?
Халх гол дахь дайны аугаа ялалтын 80 жилийн ой болох гэж байна. Урьд нь хэзээ ч ингэж дуулиантай тэмдэглэж байгаагүй, энэ баярыг! Орос Монголын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийнэ. Японы милитаристуудыг хэрхэн даран сөнөөсөн тактик стратегийн талаар шинжлэх ухааны дүгнэлт өгөх болно. Баярыг тохиолдуулж Орос Монголын цэргийн хамтарсан сургууль болно. Цэргийн парад болно, тэнд дэлхийд гайхагдаж байгаа Оросын шинэ үеийн байлдааны онгоцнууд өнгө өнгийн утаа гарган нисэж Монголын тэнгэрийг чимэглэнэ. Аймээр гоё! Энэ нь өвөлдөө Улаанбаатарыг дардаг нүүрсхүчлийн давхар ислээс шал өөр, ямар ч хоргүй утаа. Мөн Оросын цэргийн дуу хөгжмийн алдарт ансамбель Александрийн чуулга зочлон тоглолт хийнэ. Тэд лав дэлхийг цочоосон “Хотят ли русские войны?” болон “День победы”, хэмээх суут дуунуудаа дуулж сонирхуулах байх. Гайхалтай! Моисеевын ардын бүжгийн чуулга гэж алдар суу нь дэлхийг доргиосон ансамбель бий. Саяхан байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэсэн, Халх голын түүхэн байлдаантай нас чацуу. Цэргийн чуулга маягтай тэд дайны үед гол тоглолтоо Байгалийн чанад, Алс дорнод, Монголд үзүүлж байсан. Тэд бидэнд танил болоод удаж байгаа ”Ка-калин-ка” бүжгээ үзүүлж, “Катюша” зэрэг цэргийн сэдэвт дууны аянд бүжих байх. Энэ тухай Оросын элчин сайд тодорхой ярьсан. Энэ бүх үзүүлэн тоглолтын дараа нь хүндэт нөхөр Владимир Владимирович Монголд зочлон ирэх болно. Магадгүй цэргийн онгоцоор?
Саяхан манай Ерөнхийлөгч Вашингтонд айлчлан АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглалаа зарлах үед Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга нь хүндэт нөхөр Владимир Владимирович ирээд яах тухай тодорхой хэлсэн, түүний ярьснаар Вашингтонтой стратегийн холбоо тогтоож буй нь байдаг нь нэг арга хэмжээ, харин одоо Оростой үүнээс хамаагүй том гэрээ – иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэнэ. Энэ нь 80 жилийн ойн баярыг тохиолдуулсан ёслол бололтой.
Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж хүндэт нөхөр Владимир Владимирович дайн болсон газрын бяцхан суманд 10 сая доллар бэлэглэсэн. Газар нутгийн хэмжээгээр Монголдоо хоёрт ордог ч ердөө мянга гаруйхан оршин суугчтай эл суманд энэ нь төсвөөс хуваарилдаг олон жилийн мөнгөнөөс нь хол давна, (Жижиг сум улсын төсвөөс жилд 100 сая төгрөг буюу 40 мянган доллар хүртдэг гээд бодохоор 250 жилийнх нь хөрөнгө болохнээ?). Дайн болсон газарт 80 жилийн өмнө ухаж байсан гэх авч одоо бүрэн эдгэсэн окоовны мөрийг дахин ухаж битүү цементэлснийг мөнгө өгөгч өөрийн биеэр ирж үзэн танилцах байх. Энэ нь нэг талаас энх цагийн бүтээн байгуулалт юм даа. Ойн арга хэмжээнд манай талаас идэвхи гарган урлаг уран сайхны зүтгэлтнүүд хамаг чадал эрдмээ шавхах болно. Мөн хөшөө дурсгал хэд хэдийг шинээр босгож баярын үеэр ёслол төгөлдөр нээнэ. Эрдэмтэд, түүхчид, улс төрчдийн оролцоо ч нүсэр байх болно. 10 сая доллар манай авилгачдын хувьд тийм их баялаг биш авч бас ч хөөрхөн мөнгө л дөө. Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрэлдэг.
Халх голын ялалтын ойн арга хэмжээ гэдгийг 1969 оноос өмнө тэмдэглэдэггүй байсан. ЗХУ Эх орны дайны ялалт гэдгийг анх удаа 1965 онд л хүндэт нөхөр Леонид Ильичийн санаачлагаар сүр дуулиантай тэмдэглэжээ. Сталин ч, Хрущёв ч тэмдэглэж байгаагүй. Цэдэнбалд ийм төстэй тэмдэглэлт ойн баяр гэнэт хэрэгтэй болсон тул 1969 онд Халх голын 30 жилийн баяр хийв. Эхнийх нь ч даруувтар байсан, жил өнгөрөх тутам далайц, сүр дуулиан нь тэлсээр, 45 жилийн яруу алдарт ойг мундаг тэмдэглэдэгийн даваан дээр “өвчний учир” Москва түүнийг албан тушаалаас нь болиулсан. Үүнээс хойш ойн арга хэмжээний зэрэг зиндаа доошлон доошилсоор 1990 оноос хойш япончууд хүртэл өөрснөө оролцох болсон эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн бага хурлын хэмжээнд очин бараг мартагдах шахсан билээ. Сонирхолтой нь үзүүлэн тоглолтыг судалгаа шинжилгээ орлох болсны ачаар түүхэн баримтууд үзэл суртлын хөшигний араас ил гарч, Халх голын хэрэг явдлын жинхэнэ учир шалтгаан тодорсоор ирсэн юм. Харин энэ жилээс дахиад л ёслолын өнгө өнгийн хөшиг Халх голын түүхийн наагуур татагдах бололтой. Өнөөгийг Монгол улсад төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслэл байдаггүй, бүгд хувийнх, олон нийтийнх. Гэтэл Халх голын 1939 оны хэрэг явдлын тухай зарим телевизүүд өдөр алгасалгүй үзүүлэхдээ социализмын үеийн үзэл сурталжсан, үнэнээс гадуур суртал нэвтрүүлгийг давтах нь юуны хүч нөлөө юм бол?
Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон.
Японы төрийн эрхийг Араки тэргүүтэй цэргийнхэн толгойлж Зүүн Хойд Хятадын Манжуурыг эзлэн Манж Го хэмээх өөрийн тоглоомын улсыг 1932 онд байгуулав. Оросууд ч гэсэн БНМАУ хэмээн өөрийн тоглоомын улстай. Эдгээр нутгийг 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр энэ хоёр гүрэн эзэмших болсон. Япон 1905 онд Оросыг дайнд ялсан, 1920 онд Оросын иргэний дайныг далимдуулан Алс Дорнодыг тэр чигээр нь эзэлж байсан. Төрийн эрхэнд гарсан цэргийнхэн “Өмнөдийнхөн” гэх далайгаар дамжин өмнө тийш Австрали хүртэл нутгаа тэлэх, “Умардынхан” хэмээх Алс Дорнодоор дамжин Ураал хүртэл нутгаа тэлэх хоёр чиглэлийн стратеги бодолтны бүлэгт хуваагдчихаад байв. Иймээс Японы СССР-т халдах магадлал үнэхээр байсан юм.
Монголчууд нийгэм журмыг эсэргүүцэж 1932 онд бослого гарган улмаар тэр нь иргэний дайнд хүргэсний дараа Сталин Монголыг Коминтернээс хураан авч өөрөө хариуцахаар болов. Гээд 1929 онд Улаанбаатарт ирж төрийн эргэлт зохион байгуулсан коментерний төлөөлөгчдийн бичсэн дүгнэлт маш прагматик ач холбогдлыг тодорхойлсон нь “800 мянган хүн амтай энэ бүдүүлэг ард түмний хүн нь гэхээсээ газар нутаг нь маш ач холбогдолтой юм” гэсэн анхааруулга Сталинд маш таалагджээ. БНМАУ-ын газар нутаг бол СССР-ийг Япон ба Хятадаас тусгаарлах жийргэвч бүс, Япон Хятад хоёрын дунд яс хаяхад хэрэглэгдэх зөөврийн гарц, Япон болон Хятадтай мөргөлдөх болон байлдахад нэн тохиромжтой полигон. Энэ полигон юун түрүүн Япон болон Хятадын эсрэг бүрэн дүүрэн цэнэглэгдсэн байх ёстой. Гэтэл Японд эзлэгдсэн өвөрмонголчууд болон баргууд япончуудад нэн элэгтэй хандан тэднийг чөлөөлөгчөө гэж үзэн хүндэтгэж байна. Япончууд ч тэдэнд онцгой эрх олгон халамжилж, хүн амыг нь орчин үежүүлж соёлжуулж иргэншүүлэхэд бүх талаар дэмжин тусалж байна. Гадаад Монголд ийм явдал гаргуулж болохгүй.
Нийгмийг дагуулдаг хэсэг нь сэхээтнүүд, язгууртнууд. Тэднийг 1934 оноос нэг бүрчлэн бүртгэж аваад 1937-38 онд бүгдийг нь хороов. Бүгд Японы тагнуул! Чойбалсангийн тэмдэглэлд 56 мянга 938 хүнийг баривчилсан гэж бий. Шүүх гэгчээр орж буудуулсан бүртгэлтэй нь 27 мянга гэж байгаа. Гэвч ямар ч шүүхгүй бүртгэлгүй хэд алуулсныг хэн ч мэдэхгүй. Ял ердөө буудан хороох, 10 жилийн гяндан гэсэн хоёрхон төрөл байсан. 10 жилийн ял авбал тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Ямар ч байсан 30 мянган хүн 10 жилийн ял аваагүй, ийм тооны хоригдол багтаах сав Монголд байгаагүй. Өршөөсөн, гэмгүй нь батлагдаж суллагдсан хүн хуруу дарам. Японы тагнуул гэгдвэл өчиггүй буудуулдаг учир нэг баривчлагдагч ”Би Японы биш Германы тагнуул. Сая Тэрэлжид Гитлер өөрөө онгоцоор ирээд надад даалгавар өгчөөд буцлаа” гэж зүтгэсээр байгаад 10 жилийн ял авсан тохиолдол ч бий. Ийнхүү амьд хоцорсон монголчуудад зөвхөн хязгааргүй айдас л үлдлээ.
Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээийнг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж.
Монголд улаан цэрэг оруулж байрлуулахыг Сталин Гэндэнгээс шаардав. Юу руу тэмүүлээд байгааг нь мэдсэн Гэндэн Дэмид нар татгалзсан төдийгүй зэвсэг өгчих өөрснөө аргалъя гэж гуйжээ. “Орос, Япон хоёр манай нутагт байлдах гээд байна, дуртайгаараа тэд байлдаг, энэ нь Монгол, Манж Го хоёрт ямар хамаа байна!” гэж Гэндэн ярьсан байдаг. Дэмидийг хордуулж алаад, Гэндэнг баривчлан Хар далайд цөлснөө удалгүй түүнийг БНМАУ-ыг тунхаглаж төрийн тэргүүн болсон огноо 11-р сарын 26-нд нь буудан хороосон. Өөрснийгөө тусгаар улс гэж итгээд байлуу? Ерөнхий сайд Амарыг ч Монгол наадмын өдрийг тохиолдуулан хороосон.
Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин 1936-37 онд орж ирэн байраллаа. Хожим маршал болсон Иван Конев Москва руу бичихдээ “Цэрэг байрлах байшин сав олдохгүй учир Чойр хэмээх томоохон хийдэд суудаг 5 мянган лам нарыг хөөж гаргаад тэнд суурьшив”.
Эдгээр баримт 1990 оноос хойш ил болсон юм. Япон, Хятад, Зөвлөлт, Тайвань, АНУ, Монголын олон баримт Халх голын түүхэн ялалтын ойгоо баяр баясгалантайгаар тэмдэглэсээр ирсэн монголчуудын хувьд алхам алхамаар хүртээлтэй ил болж эхэллээ. Халх голын тулалдаанд хэдхэн цэрэг зэвсгээр хохирсон зөвлөлтүүд Японыг хиар цохиж 60 мянган цэргийн хохирол учруулсан тухай, Япончууд БНМАУ-ыг эзлээд улам цаашлин транссибирийн төмөр замд хяналт тогтоох гэж байсан тухай, Монголыг колончлон хүн ардыг нь боолчлохоор зорьж байсан тухай суртал нэвтрүүлгүүд бүгд худал болох нь архивын шинэ баримтаас улам тод болж эхлэв. Читагийн цэргийн архивыг ухсан хурандаа генерал Г.Кривошеев “Орос болон Зөвлөлтийн ХХ зуун дахь дайны хохирол” эмхтгэл ном хэвлүүлсэнд Халх голд Зөвлөлтийн хохирол Японыхоос хэд дахин их байсныг баримтаар нотолжээ. Дийлж л байвал хүн хүчний хохирлыг огт тоодоггүй Жуковын арга техник энд анх хэрэглэгдсэн гэнэ. Мөн хилийн зориудын маргааныг дэгдээж энэ тулалдааныг эхнээс нь Сталин зохиомлоор үүсгэн дэвэргэсэн гэжээ. Монголчуудын хохирлыг тэнд “1921 морь тэмээ” гэж тэмдэглэсэн байх юм. Факт үнэнээс чухал (Fact is more important than truth) шалгуур үг байдаг юм билээ.
Монгол цэргийн архивт монгол цэргийн алагдсан тоог 237 гэж бичсэн байдаг. Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц Хамар даваанд морьтой жагсаж явсан Монголын ардын журамт цэргийг Баргын морин хороотой эндүүрэн бөмбөгдөж, зугтаасныг нь дээрээс пулемётоор шүршин 90 орчим байлдагчийг хөнөөсөн аж. Гэвч энэ эндүүрлийг цагаатгахын тулд Халх голын тулалдаан дахь Монгол талыг удирдаж байсан корпус хамаандлагч Лувсандоной, жанжин штабын дарга Цэрэн нарыг Японы онгоцыг дуудан авчирч өөрийн цэргийг бөмбөгдүүлсэн гэж гүтгээд Москвад аваачин буудан хороов. Үүнээс үүдэн Халх голд байлдаж байсан олон цэрэг даргыг Японы тагнуул хэмээн хядсан ба яс тоо нь олдохгүй ч нийт үрэгдэгсэдийн гуравны нэг нь гэсэн дам мэдээ байдаг. (Лувсандонойг СССР-ийн Дээд зөвлөл 1957 онд яаралтай цагаатган буруугаа хүлээсэн боловч Монголын тал үүнийг тас нуун дарсан төдийгүй, Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулсан 1969 оны товхимолд түүнийг урвагч байсан хэмээн хараан зүхсэн байдаг). Яг тулалдаанд орж байлдсан хэдэн хүн дайны талбарт үрэгдсэн нь мэдэгддэггүй, учир нь Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан. Баргууд Японд туслах битгий хэл гай болж байсан аж, учир нь тулалдааны үед ах дүү халх түмэнтэйгээ байлдахгүй, японы төлөө үхэхгүй гэсэн суртал нэвтрүүлэг уриа лоозон Баргын морин хороонд нэлэнхий тарсан байсан гэдэг.
Хайлаарт төвлөрч байсан Квантуны армийн хил харгалзан хариуцах цэргийн хүч нь юун БНМАУ-ыг эзлээд цааш давшин Алс Дорнодыг байлдан дагуулах битгий хэл ядруу зэвсэгтэй, томоохон хилийн мөргөлдөөн ч даахааргүй жижиг хүчин байжээ. Тэдэнд Токиогоос ирсэн тушаалд Манж Го ба БНМАУ-ын хилийн зурвас маргааныг шийдвэрлэх үүрэг өгсний зэрэгцээ Гадаад Монголын хилийн газар нутагт нэг ч алхам зөрчин халдахыг хатуу хориглосон байдаг. Түүнээс гадна Халх голын тулалдаанд Японы талыг удирдаж байсан генерал Комацубара нь Зөвлөлтийн агент байсан нь илэрч байна. Энэ мэтчилэн олон баримтыг түүх судлаач Равдангийн Болд Америкийн болон Тайваний архиваас илрүүлж хэд хэдэн товхимол хэвлүүлсэн. Баримт үнэнээс илүү чухал.
Халх голын тулалдааны үр дүнд хилийн ямар ч будилааны асуудалд холбогдоогүй байсан Нөмрөг голын зүүн тал дахь Мана хэмээх уулаа монголчууд бүрмөсөн алдсан юм. СССР, Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд байсан 9-р сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийсэн гэдэг. Үүнээс болж Монголын армийн 22-р морьт хороог одоо болтол буруутган уравсан, айсан, ухарсан гэх мэтээр дайрч давшилдаг, тус хорооны цэргүүд ч Халх голд дайтсаныгаа нуух болсон юм. Хэргийн мөрөөр хөөвөл Мана уулыг баргууд эзэлсэн бололтой. Учир нь Халх голд яагаад байлдаад байгаа, ямар бүсд байлдах, дайтах газрын хязгаар хаа хүрээд зогсохыг монголын ч, баргын ч морин цэргүүд огт мэдэхгүй байж. Тэдэнд энэ талаар зөвлөлтүүд ч, япончууд ч хэлж өгөөгүй. Монголын ардын арми Японтой биш Баргын морин хороотой тулалдах оноолттой байсан болохоор Мана уул эзлэгдсэн юм бол түүнийг япончуудаас биш баргуудаас чөлөөлөх үүрэг л Монголын морин цэрэгт ноогдох учиртай. Москвад эвлэрэлийн хэлэлцээ хийж байгаа учир талууд одоо байгаа газраасаа хөдөлж болохгүй гэсэн тушаал гэнэт ирсэн учраас 22-р хорооныхон яаж ч чадаагүй байдаг.
Саявтархан Москвагийн Түүх архивын дээд сургуулийн профессор А.Крушнельницкий болон түүхч В.Воронов, Е.Трифонов нарын зэрэг судлаачид Халх голын тулалдааны тухай шинэ шинэ баримт гаргаж ирлээ. Эдний бүтээлийн заримыг эмхтгэн “Халх голын тулалдаан: Хэний ялалт вэ?” гэсэн товхимолыг НЭПКО хэвлэлийн газар эмхтгэн гаргав. Энд урьд мэдэгдээгүй байсан маш олон тун хачирхалтай зөндөө факт илэрч байна. Халх голын тулалдаан эхлэхээс хавьгүй өмнө зөвлөлтүүд байлдаанд бэлтгээд Монголын нутагт 32 мянган цэрэг болон арвин техник бэлэн байдалд сойж байсан юм байна. Япон-Манж Го-гийн цэрэг эхэлж хил зөрчөөгүй, тэднийг хөдөлж өгөхгүй болохоор нь монгол цэргийн хувцастай зөвлөлтийн тагнуулынхан Манж Го-гийн хил зөрчин тийш нэвтрээд хилийн хамгаалалтынхныг нь буудан самарч өдөөн хатгасан юм байна. Буйр нуурын хавьцаа Монголын хилийн застаавыг япончууд зөрчин орж ирснээр байлдаан эхэлсэн гэж олон жил түүх бичлэгт давтдаг байсан нь худал төдийгүй ерөөсөө тийм застаав огт байгаагүй юм байна. Зөвлөлтүүд Хасан нуурт япон офицерийг буудан өдөөн хатгаж тулалдаан эхлүүлсэн боловч тэндээ нарим цохиулсан учир дараагийн өдөөн хатгалгыг Монголын хүн амьтангүй зэлүүд полигонд хийхээр эртнээс төлөвлөсөн юм байна. Хилийн маргаантай зурвас гэдгийг Зөвлөлтийн цэргийн тагнуулын топографи, картографи хариуцсан газраас зориуд хуурамчаар зохиосон юм байна. Гэх мэт, гэх мэт. Fact is more important than truth.
Сталин түүхэнд төрсөн аугаа мундаг стратегчийн нэг. Тэрээр Халх голын тулалдааны хүчээр дэлхийн II дайны үе дахь Алс Дорнод дахь аюулгүй байдлаа баталгаатай болгож авсан. Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхоруулж, гадна ч дотно ч талдаа ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол болгож чадсан. Халх голын тулалдааны хүчээр Японтой байлдаж байсан Хятадын коммунистууд болон гоминданыхны итгэлийг хүлээж чадсан. Хэдийгээр Молотов Риббонтропын гэрээгээр нэр нүүрээ алдсан ч гэсэн Халх голын тулалдааны хүчээр хожим нь холбоотнуудтай түншлэх бололцоогоо нээсэн.
Дэлхийн дайны үеийн Япон нь энхийн цагаан тагтаа байгаагүй. Дэлхийг нураахтай шахсан дөрвөн гол буруутны (Япон, Герман, СССР, Итали) нэг. Харгис дэглэмээр удирдуулсан Япон нь Хятадтай 8 жил байлдаж, Австралийг бөмбөгдөж, Пөрл Харборт гэнэдүүлэн довтолж, Бирмийг сүйтгэж, Тайвань, Солонгосыг колончилж байсан. Тэд Нанжинд бузар хядлага зохион байгуулж, Манжуурт хүний санаанд багтамгүй яргалал үйлдэх лабротори ажиллуулж, олзлогдсон цэргүүдийг хорих лагерьтаа тамлан зовоож байсан. Тэдний өдөөсөн дайнд хүний өөрийн хэдэн сая хүн үрэгдсэн. Хэдийгээр дайнаас хойш 70-80 жил өнгөрчөөд байгаа ч ялангуяа хятад, солонгос хүмүүсийн гомдол тасраагүй л байна.
Гэвч тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан. Тэд Хятадын бүгд найрамдах улсад хамаарах нутагт амьдардаг монгол үндэстэнд онцгой дотно найрсаг хандаж байсан. Тэднийг соёлжуулах иргэншүүлэхэд төдийгүй хятадуудаас хамгаалах өмгөөлөхөд онцгой анхаарал тавьж байсан. Эрний түүхтэй, хүчирхэг явсан намтартай монгол үндэстнийг япончууд шулуухан хэлэхэд хүндэтгэдэг байжээ. Тэр үед япончууд ялангуяа Гадаад Монголтой ямар ч холбоогүй байсан ч тэнд Монгол судлал сүрхий дэвшингүй хөгжсөн байсан юм шүү.
Өнөөдөр яагаад хүндэт нөхөр Владимир Владимирович гэнэт Халхын голд “дайн” зарлах болов? Биднийг дахиад л яах гэж хааш нь чирээд, юу рүү түлхээд байгаа юм бол? Солонгос Япон хоёрын зөрчил урьдын хэв хэмжээнээсээ халин Ерөнхийлөгчийн оролцоотой хэрүүл болон дэгдлээ. Хятад, Япон хоёр муудалцаад хэдэн жил болж буй нь газар нутгийн маргаан руу орлоо. Малакийн хоолойг хяналтдаа авахын төлөө олон орон өрсөлдөж байна. Подстам, Ялтын гэрээнд тусгагдаагүй мөртөө шударга бусаар булаагдсан дөрвөн арлын асуудлаа яриа хэлэлцээрийн аргаар шийдэх гэсэн Японы Ерөнхий сайдын ээлжит оролдлого өдөөн хатгасан муухай доромжлолд өртөв. ШХАБ нэрийн доорх холбоо улам улам цэргийн эвсэл шинж рүүгээ гулсаж байна, магадгүй НАТО-ын эсрэг шинэ Варшавын гэрээ болж хувирах ч юм билүү? Ойрын болон дунд тусгалын пуужинг хязгаарлах Зөвлөлт АНУ-ын гэрээнээс татгалзан гарч буйгаа Трамп зарлав. Олон улсын хоригт орон эдийн засгийн хямралтай болсон Орос улс Хүйтэн дайнаас үлдэж хоцорсон цөмийн зэвсгийн асар их нөөцөөрөө гайхуулах болов. Нэг талаас, цэрэг армийн салбар нь тодорхой утгаар хоцрогдсон, гэтэл нөгөө талаас энэ хоцрогдлыг яаралтай арилгахын тулд маш их түргэн түүхий алхмуудыг ямар ч золиосыг үл харгалзан хийж байгаа, эсвэл цэрэг зэвсгээ гэнэтийн ямар нэгэн юманд шургуу бэлтгэж байгаа гэсэн таамаглалыг ч зарим мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Дотоодын дэмжлэгээ өдөр өдрөөр алдаж байгаа хүндэт нөхөр Владимир Владимирович ямар нэгэн барьцаалах зүйлтэй болох, тэр нь Крымээс илүү том далайцтай, түүнийг нь дэлхий ертөнц зөвшөөрөн хэлэлцээ хийхээс өөр аргагүй байдалд хүргэх тийм алхам ч төлөвлөсөн байж болох шүү дээ. Юутай ч дотно гаднаасаа шахуулаад эхэлсэн тэрээр одоо ёс суртахуунтай ямар нэг алхам хийхээсээ өнгөрсөн байх аа? Одоо өнөөгийн Оростой харьцуулахад хавьгүй эрх чөлөөтэй ардчилсан Монгол нутагт Халх голын тулалдааны ойн баяр гэгчээр халхавчилсан ямар илбэ дэлхийн нийтэд харуулахаар төлөвлөсөн юм бол, дорогой товарищ Владимир Владимирович?
Б.Баабар 2019.8.11