Голын эргээ "ХОГИЙН ЦЭГ" болгохоо больцгооё

Голын эргээ "ХОГИЙН ЦЭГ" болгохоо больцгооё

 

Амралт зугаалгын цаг эхэллээ. Зуны улирал оргил үе болох хэт халуун өдрүүд эхлэхэд жил бүр яригддаг нэг том асуудал бол иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа голын эрэг орчимд хог тарьж, тарьсан хогоо түүхгүйгээр орхиод явдаг "ОРК" зан юм.

Энэ асуудал энэ жил ч мөн адил бахь байдгаараа байгаа нь ойролцоох голын эрэг дээр очиход л тодхон харагдаж байлаа. Энд тэндгүй овоолсон хог бүхий орчин угтах нь тэр. Угтаа бол бид ухамсаргүй нэгнийхээ буруу үйлдлийг засч, хаясан хогийг нь хамаад явах ёстой байтал бусад хүмүүс хаячихсан байгаа юм чинь би ч бас хаячихая гэсэн ядмаг сэтгэхүйгээр хандаж голын эргээ хогийн цэг болгочихоод байна.

Тиймээс хүний тарьсан хогийг түүдэггүй юм аа гэхэд ядаж өөрсдөө хог тарихгүйгээр хогоо хийх уут авч яваад амарч зугаалж дуусаад хогоо түүгээд уутандаа хийгээд буцдаг болох хэрэгтэй байгааг энд онцлон хэлмээр байна. Хог хаях эсэх нь таны ухамсрын асуудал.

Гэтэл мал адгуус шиг хаа таарсан газраа бие засч, идэж уусан хогоо суусан газраа орхин одчихоод эх оронч үндсэрхэг үзэл яриад хэд хуваагдан талцаж хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй техник технологи хэрэглэж сурснаа гайхуулдаг хэрнээ өөрийн хэрэглэсэн хогоо аваад явах энгийн хэвшилд суралцахгүй байгаа нь харамсалтай.

Ганц авууштай зүйл нь нэг үеэ бодвол сүүлийн үед иргэд байгууллага хамт олон найз нөхдөөрөө нийлэн бусдыгаа уриалан энэ мэт хог түүх аян өрнүүлж багагүй үр дүнд хүрээд байгаа.

Гэхдээ хог түүх нэг хэрэг. Хог түүх ухамсартай хүмүүс олдож байгаа нь таатай. Одоо харин хог хаядаггүй л болмоор байна. Учир нь хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол хот даяараа гарч цэвэрлээд ч нэмэр байхгүй. 

Хотын соёлгүй, гудамжинд дураараа хогоо хаядаг, машиныхаа цонхоор чихэр, жимсний саваа шиддэг, өөрсдөө хогийн сав шиг болчихсон арчаагүй хүмүүсийг олон нийтийн сүлжээ, өөрсдөө хараад ичих өөр ямар газар байна, тэр бүхэнд түгээхэд яадаг юм. Өөрсдийг нь хартал SHARE хийе. Хотын дайсан, хог таригч гэж нэрлээд, олон хүнд харуулмаар байна. 

Нэг ширхэг гялгар уут байгальд шингэхдээ 20-1000 жил болдог тухай олонтаа бичиж ярьдаг. Гэтэл талаар дүүрэн уут хийсч, мод бут, зүлэг ногоон дээр хэвтэх гялгар уут байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад их хэмжээний хор уршиг учруулж байна.

Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээж, хүн бүр хог хаягдлаа хогийн цэгт хаяж заншицгаая. Аялагчид олноор очдог газруудад хогийн цэг, нийтийн жорлон барих ажлыг тухайн орон нутгаас зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн аймгууд руу явдаг зам дагуу 50-100 км тутамд жорлон, хог хаях цэг бий болговол хүмүүс ил задгай бие засч, хог хаяхгүй байхад нэмэртэй.

Мөн үүнийг уншиж байгаа эрхэм уншигч та бид хогоо ил задгай хаяхгүй, аялал зугаалганд явахдаа тарьсан хогоо бөөгнүүлж аваад ойролцоох хогийн савандаа хаяад хэвшчихвэл бидний хогноос болж сэтгэлээ чилээхгүй. Цэвэр орчинд эрүүл саруул өсөж торнихсон.
 
Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen