Хулд ууланд болсон явдал буюу М.Гаасүрэн гэж хэн байв?
Хилийн 0198 дугаар ангийн дугаар застав 1939 оны тавдугаар сарын 18-ны өдөр Халхын голын зүүн эрэгт гарч Дархан, Эрс, Хулд уулын чиглэлд тагнан байлдах үүрэг командлалаас авч Хулд уулын Овооны энгэрт байрлажээ. Долдугаар сарын эхээр Халхын голын зүүн талын уулсаар утаа униар хөшиглөөд, нар зулай дэрээс хайр найргүй төөнөнө. Бууны гол төмөр гар хүрэхийн аргагүй халж, нуувчны ирмэг тохойлдоход халуун элс зуух мэт жигнэн, цэргүүдийн уруул ам хатаж омголтоод, шүдэнд элс шороо шажигнана.
Тэртээ хойд зүг Халхын голын хөндий дагуу мөн л утаа униар суунаглан Баянцагаанд их тулалдаан болж өнгөрөөд тун удаагүй цаг. Заставын дарга, “Хулд уулын районд дайсны холбооны нууц төв байгаа гэсэн мэдээ байна. Иймд нөхөр байлдагч Гаасүрэн, Дамар, Түвээнсүрэн нар тэр холбооны төвийг тагнан олоод, хүн хүч, зэвсэг техникийн тоог илрүүлэн мэдэх үүрэг гүйцэтгэ” гэсэн тушаал өгчээ. Манай тагнуулчид аль бартаатайг дамнан явсаар антен зоосон гурван асартай, гаднаа дөрвөн машинтай шатахууны агуулах бүхий дайсны холбооны төвийг олжээ. М.Гаасүрэн дурандаж байгаад, “Манаач нь үүрэглээд бараг л унтаад өгсөн юм биш үү. Алив, хэдүүлээ гэнэдүүлээд барьж аваад устгаж орхиё” гэхэд туршлагатай хилчнийхээ үгэнд орж Давдар, Түвээнсүрэн хоёр дагаад мөлхлөө. М.Гаасүрэн нүдээ гялалзуулан, “За нөхөд минь чимээ гаргаж сэжиг авахуулж тун болохгүй шүү. Алив аманд нь чихэх алчуур өгөөдөх, би очоод чирээд ирье. Та хоёр эндээ намайг хамгаалж бай” гээд яах ийхийн завдалгүй аманд нь алчуур чихээд, цээжийг хоёр гартай нь агдлан хавчаад чирээд ирэх нь тэр. Гурвуулаа өнөө Японыг янгинатал хүлж, амны алчуурыг дахин шалгаж чангалан чихээд элс ухаж далдлаад орхилоо. Ингээд арын хамгаалалтад байсан таван нөхдөө сэм дуудан ирүүлээд М.Гаасүрэн, “Бид гурав дайсны байрлалд дөхөж очоод гранат шиднэ. Асарт хичнээн ч хүн байгаа билээ. Та нөхөд илэрсэн дайсныг толгой дараалан устгахад бэлдээд ёстой л овоо хараагаа тааруулаад хүлээж бай” гэж тушаажээ. М.Гаасүрэн бензиний агуулах руу, нөгөө хоёр нь асрууд руу, бас машин руу зэрэг зэрэг гранат шидтэл бензиний сав улаан гал оволзуулан дэлбэрч эхлэв.
Ингэж манай найман цэрэг Японы 60 гаруй цэргийг хоромхон зуурт устгаж орхисон юм. Энэ бол 1939 оны долдугаар сарын 08-ны өдөр болсон явдал билээ. М.Гаасүрэн нар дайсныг тагнан мэдээд ирэх үүрэг авсан ч харин холбооны төвийг илрүүлж, амьд хүчийг ийнхүү устгасан нь том гавьяа билээ.
Энд нэгэн дурсамж нөхөн өгүүлье. Халхын голын ахмад дайчин Аюурын Данаасүрэн /Архангай аймаг Цэнхэр сумынх/, “Миний бие М.Гаасүрэнгийн хамт хилийн дотор, дайсны ар талд тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан Японы 20 гаруй цэрэгтэй халз тулгаран буудалцсан. Постын ахлагч Гаасүрэнгийн тушаалаар мэдээ хүргэхээр ар тийш явсан. Ингээд туслах хүч аваад ирэхэд 10 гаруй дайсныг ганцаараа устгаад, өөрөө гурав шархадсан байв. Би тушаалаа амжилттай гүйцэтгэснээ толгойг нь түшин хэлэхэд, “Чи Данаасүрэн үү? Би тэсэхгүй нь. Намайг нам дэлсүүлээрэй. Ээжид...” гээд амьсгал хураасан” гэжээ. Мөн ахмад дайчин Л.Балдан/ НЖамбаа талийгаачийг эмээл дээрээ дүүрч явсан. Бид Гаасүрэнгээ Хулд уулын энгэрт ёслол төгөлдөр оршуулсан” гэж дурсчээ. Энэ бол 1939 оны наймдугаар сарын 15-20-ны орчим билээ. М.Гаасүрэн нь П.Чогдонгийн баруун гарын шилдэг дайчин байсан тухай дурссан байдаг.
Цэргийн албанд татагдан ирсэн 1936 оноос нас барах хүртлээ их, бага 60 гаруй удаагийн тулалдаан, тулгаралтад ямагт гарамгай оролцсон тухай дайчин нөхдийнх нь дурсамж, ном хэвлэлд бичигдэн үлджээ.
Тэгвэл энэ баатар хэн байв. Моломын Гаасүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1917 онд төрсөн, малчин ард Моломын зургадугаар хүү билээ. 1936 онд цэрэгт мордож, Хязгаарын цэргийн заставт алба хаасан юм. Сэргэлэн хүү Гаасүрэн цэрэгт мордохын өмнө бие бялдар, чадал тэнхээгээрээ үеийнхэн дотроо ялгарч байсан гэдэг. Тарвагыг морин дээрээсээ буудаад алчихдаг тун ч мэргэн, анч залуу байжээ. “Манай Гаасүрэн эмээлийн бөхийг эдэлж, эмнэгийн догшныг унах хүн болно доо” гэж аав Молом нь хэлдэг байж. Үнэндээ ч аавын нь хэлсэн тэр үг хүүгийнхээ хүч тамиртай, эрс шулуун зоригтойг мэдэрч, эх орныхоо төлөө шантрашгүй тэмцэж эрэлхэг гавьяа байгуулахыг нь зөгнөсөн байж.
Эрэлхэг хилчин М.Гаасүрэнг 1939 оны тавдугаар сарын 12-нд Чекистийн Хүндэт тэмдгээр, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1939 оны долдугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Алтан гадас” одонгоор шагнасан баримт байдаг. Харин 1969 онд “Сүхбаатарын одон”-гоор нэхэн шагнасан билээ. Улсын баатар болгоё гэж олон хүн санал тавьсан ч бүтээгүйд олон хүн гайхдаг юм.
Хан Хэнтийнхэн М.Гаасүрэнгээ “Зарлиггүй баатар” гэж нэрлэдэг. Халхын голын ялалтын 70 жилийн ойн өмнөхөн Халх гол сумын “Ялалт” музейн дарга Л.Мягмарсүрэн ах ийнхүү ярьсан байдаг. Энэ хүний ярьсан түүх ямар ч хүний сэтгэл зүрхэнд өнгөтөөр буюу кино зохиол, ном шиг үлдэх юм. Энэ дашрамд Мийгаа ахдаа баярлалаа гэж хэлье. Цэнхэрлэн униартах хөхөмдөг зэрэглээн дундаас Хулд уулыг онцлон харав. Тэр ууланд Хан Хэнтийн унаган хүү, домогт хилчин Моломын Гаасүрэн, Өвөрхангайн харьяат, бага дарга Дорж зэрэг олон баатруудын алтан шарил бий. “Анхилуун сайхан гал улаан сарнай найган, цэцэглэсэн хөшгөн цэнхэр уулс минь. Хүйтэн сэтгэлтний мөр дахин манай уул усанд гарах ёсгүй гэдгийг сануулсаар. Энхжин сүндэрлэтүгэй, эх нутгийн минь уулс эрэлхэг баатар Гаасүрэнгийн уулаа” гэж дотроо шивнэв.
Ахлах ахлагч Б.Буянхишиг