"Хөлбөмбөгийн хаан" Пелегийн тухай сонирхолтой баримтууд

"Хөлбөмбөгийн хаан" Пелегийн тухай сонирхолтой баримтууд

 

Энэ тамирчин Пеле гэдэг нэрээрээ  дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд танигдсан билээ. Гэвч түүний бүтэн нэр нь Эдсон Арантис  ду Насименту гэдэг.  Пеле гэдэг нь бүр хүүхэд байхад нь  түүнд өгсөн хоч гэнэ.  Хөлбөмбөгчин өөрийг нь яагаад ингэж дууддаг болсныг яг хэлж чаддаггүй бөгөөд харин түүнийг ингэж дуудахад тэр дуртай биш байжээ.  Энэ хоч дэлхийн улс орнуудын хэвлэлд гарах болсноор тэр үүнтэйгээ  эвлэрэхээс аргагүй болсон байна.

 

Хөлбөмбөгийн ирээдүйн од 1940 оны аравдугаар сарын 23-нд төржээ. Түүний эцэг Дондиньо мөн хөлбөмбөгчин байсан ч,  нэг  их амжилтад хүрээгүй байна.  Тэр өөрийнхөө хөлбөмбөгийн клубээс  долоо хоногт 4,5 ам. доллар авдаг байж. Пеле хүүхэд байхдаа хөлбөмбөгчин ааваараа бахархаж, түүн шиг болох юмсан хэмээн мөрөөддөг байснаа  дурсан ярьдаг.

 

1958 онд Пеле Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон, дэлхийн аварга болжээ.  Шувтаргын тоглолт болсон өдөр тэр 18 нас хүрээгүй учир, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу аварга болсон байна. Пеле бас нэг дээд амжилт тогтоосон бөгөөд тэр 1958, 1962, 1970 онд гурван удаа дэлхийн аварга болж байсан юм. Тийнхүү өнөөг хүртэл хэн ч түүний энэ амжилтыг эвдэж чадаагүй билээ.

 

Пеле хөлбөмбөг тоглосон хугацаандаа эсрэг талын хаалганд 1281 бөмбөг оруулжээ. Харин  өрсөлдөгчдийн хаалганд 100 дахь бөмбөгөө оруулсан үйл явдал  үндэсний  хэмжээний баяр болсон байна. Энэ явдал 1969 оны арваннэгдүгээр сарын 19-нд домогт “Маракана” цэнгэлдэхэд болжээ.  Энэ бөмбөгийг “Васку да Гама” клубийн хаалганд оруулсан байна. Бразилийн  Холбооны яам энэ үйл явдалд зориулан тусгай шуудангийн марк гаргаж, харин  оруулсан тэр  бөмбөгийг сүүлд нь дуудлага худалдаагаар 22 400 ам. доллараар худалджээ.


1961 оноос Пеле “Хөлбөмбөгийн хаан” гэж нэрлэгдэх болсон байна. Ингэхдээ  Пелегийн тоглож байсан “Сантос” клубийг Францад аялан тоглолт хийсний дараа францын сэтгүүлчид түүнийг анх ингэж нэрлэсэн байна.

 Нэг удаа Пелег Колумбийн шүүгчтэй маргалдсаны дараа түүнийг талбайгаас гаргажээ.  Гэвч энэ явдал шүүгчийг өөрийг нь ч талбайгаас гаргаснаар дуусгавар болсон  байна. Тэр өдөр “Сантос” клуб  Колумбийн нэг багтай тоглосон бөгөөд индэрт сууж байсан хөгжөөн дэмжигчид бид Пелегийн тоглолтыг үзэх гэж мөнгө төлсөн хэмээн хашигаралдан, эмх замбараагүй байдал гаргажээ. Эцэст нь шүүгчийг  мөн талбайгаас гаргаж, түүний оронд өөр шүүгч ажилуулсан байна.

 Олон улсын олимпийн хороо 1999 онд Пелег хорьдугаар зууны 5 шилдэг тамирчны тоонд оруулжээ. Үүнд гайхах зүйл огт  байхгүй ч,  нэг л зүйлийг бодолцох хэрэгтэй, юу гэвэл  Пеле хөлбөмбөг тоглож байх хугацаандаа олимпийн наадамд нэг ч удаа оролцож байгаагүй юм.

 

1969 онд “Сантос” клубийнхэн Нигери улсад зочилжээ. Энэ үед тус оронд омог хоорондын дайн болж байж.  Тэмцээнийг ямар ч асуудалгүйгээр явуулахын тулд дайсагнагч талууд хоёр өдөр гал зогсоосон байна. Харин 1995 онд Руанда улсын нэг оршин суугч  Бразил орохоор гарсан америкийн тээврийн хөлөг онгоцонд нууцаар нэвтэрчээ.  Тэнд тэр Пелетэй уулзаж,  дайсагнагч хуту, тутси олмгийнхныг эвлэрүүлэхийг  хүсч байсан гэдэг.

 

1962 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялсны дараа европын олон орон домогт хөлбөмбөгчнийг өөрийн багт  авахыг хүсч байжээ. Бразилын ерөнхийлөгч энэ асуудалд хөндлөнгөөс оролцоход хүрч, Пелег эх орноос нь явуулахгүй гэхдээ  түүнийг “Үндэсний баялаг” хэмээн зарлажээ.

 

Пеле хөлбөмбөгтэй холбоотой амьдралаа Бразилд биш, харин АНУ-д дуусгавар болгосон юм. 1975 онд тэр Нью-Йоркийн “Космос” клубтэй гэрээ байгуулжээ. Тамирчин санхүүгийн бэрхшээлд орж, харин “Космос” клуб  түүнд маш ашигтай гэрээ санал болгосон байна.

 

Пеле хөлбөмбөгийг орхисныхоо дараа хэд хэдэн кинонд  оролцжээ. Үүнээс гадна, тэр дууны үг бичиж, өөрөө дуулж, ном бичдэг. Түүний “Намайг Пеле гэдэг” ном хэвлэгдсэний дараа Бразилын бичиг үсэгт тайлагдаагүй олон хүн  аугаа их хөлбөмбөгчний номыг өөрийн биеэр уншихын тулд уншиж сурч эхлэжээ.

 

С.Инда

Bataar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen