Хэтэрхий залуу Пеле

Хэтэрхий залуу ПелеХөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний түүхээс: Швед-1958

Пеле 1958 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтын дараа. Фото: Popperfoto / Getty Images / Fotobank

Бразиль анх удаагаа дэлхийн тэргүүн баг болсон Шведийн ДАШТ-1958 тэмцээний тухай энд өгүүлнэ. Бразилийг цолонд  хүргэсэн хүний нэг нь Пеле байлаа. Зөвлөлт ба Бразилийн багууд  хэсгийн тоглолтоор таарсан бөгөөд дэлхийн аваргын тэмцээний анхны тоглолтоо Зөвлөлтийн шигшээтэй хийсэн Пеле тэр үедээ дэлхийн аваргын тэмцээнүүдийн хамгийн залуу тоглогч болжээ.

Анхдагч Зөвлөлтийн хүндхэн даваа

Зөвлөлтийн баг Шведэд тоглохын тулд Польш, Финляндын багтай сонгон шалгаруулалтад таарав. ЗХУ-ын шигшээ баг анхны тоглолтоо 1957 оны зургадугаар сарын 23-нд Польшийн багтай Москвад хийж 3:0 харьцаатайгаар буулгаж авлаа. Тоо нь ийм байсан ч тоглолт хүндхэн болжээ. Эхний үед нь хаалганы багананд гурван ч удаа польшуудын  цохилт таарч тэд гоолонд тун ойрхон байв.

Хоёрдугаар үеийн эхэнд тоо 1:0 байхад Лужникийн цэнгэлдэхийг  хар үүл хааж, юм үзэгдэхээ болив. Цэнгэлдэхийн ажилтнууд гэрэлтүүлгийн шон дээрх чийдэнг асаахаар болов. Никита Симонян хоёр дахь гоол оруулсны дараа  гэрлийг унтраасан байсан нь FIFA-ийн зарчимтай огт нийцэээгүй  юм. Польшууд гомдол гаргаагүй учир хэргийг дараад өнгөрчээ. Хожим тогтоогдсоноор Зөвлөлтийн  хөлбөмбөгийн албан тушаалтнууд 22 тоглогчийн албан ёсны мэдүүлгээ FIFA-д хүргүүлээгүй байжээ. Үүнээс бас л хэрэг мандуулсангүй, араас нь мэдүүлгээ өгөхийг зөвшөөрчээ. Дараагийн тоглолт дээр нь тэд урьдчилсан мэдүүлгээ хүргүүлэхдээ "өмнөх тоглолтын мэдүүлэгийг харна уу” гэсэн дагуул бичигтэй явуулжээ.

Финнүүдтэй  өөрийн талбайд тоглохдоо оросууд оноо алдахаа шахаж, дөнгөж нэг гоолын илүүтэйгээр (2:1) хожив. Харин Хельсинкид финнүүд хариулалтгүй 10 бөмбөгийг оросуудаас авсан нь (10:0) урьдчилсан тоглолтын хамгийн том үзүүлэлт байлаа. Польшид оросууд (1:2) хожигдож, Лейпцигт (Зүүн Герман) хийгдсэн ЗХУ-Польшийн нэмэлт тоглолт асуудлыг шийдсэн юм.

Хэтэрхий залуу Пеле

ДАШТ-1958. Лев Яшин Шведээс  гоол алдаж байгаа нь. Фото: Popperfoto / Getty Images / Fotobank

Москвагийн Белорусийн вокзалаас Зөвлөлтийн шигшээ хоёр гол тоглогчгүйгээр замдаа гарлаа. Эдуард Стрельцов, Валентин Иванов хоёр галт тэрэгнээс хоцорч багаа Можайскт гүйцэн очжээ. Дасгалжуулагч Гавриил Качалин хоцрогсодтай ярилцахыг хүсээгүй, тэднийг багийн ахмадууд Яшин, Нетто, Симонян нартай ярилц гэж илгээсэн байв. Хожимдогсод эр хүн байх амлалтаа  өгч тоглолт  дээр үзүүлэхээр болов. Амлалтаа ч биелүүлж, тэд сайн тогложээ. Стрельцов долоо дахь минутад гэмтэл авсан ч  дараа нь эхний бөмбөгийг эсрэг хаалганд орууллаа.  Хоёрдугаар  хагаст тэр толгойгоороо гоолын дамжуулалтыг Генрих Фроловт өглөө. Зөвлөлтийн баг 2:0-оор  хожиж ДАШТ-нд анх удаагаа шалгарчээ.

Шууд л дөрөвний нэгийн шигшээд

Дэлхийн аваргын тэмцээний өмнө Зөвлөлтийн баг  Стрельцовгүй үлдэв. Тэр сэдэв нь тусгайлан яригдах ёстой.Товч өгүүлбэл ийм хэрэг болжээ. Бэлтгэлийн үеэр  Стрельцов Татушин, Огоньков гурав нисгэгч найзынхаа зусланд архидсан байна. Бүгд эрүүл болсных нь дараа Марианна гэдэг эмэгтэй Стрельцовт хүчиндүүлсэн гэжээ. Хөлбөмбөгчин 12 жилийн ял аваад, таван жил хоригдоод суллагдсан түүхтэй.

БООЛТ

Тэмцээний явц

Групп 1
ХБНГУ — 4 оноо
Хойд Ирланд — 3
Чехословак — 3
Аргентин — 2

нэмэлт тоглолт Хойд Ирланд — Чехословак — 2:1 (нэмэлт цагаар)

Групп 2
Франц — 4 оноо
Югослав — 4
Парагвай — 3
Шотланд — 1

Групп 3
Швед — 5 оноо
Уэльс — 3
Унгар — 3
Мексик — 1

нэмэлт тоглолт
Уэльс — Унгар — 2:1

Групп 4
Бразили — 5 оноо
ЗХУ — 3
Англи — 3
Австри — 1

нэмэлт тоглолт
ЗХУ — Англи — 1:0

1/4 шигшээ
Франц — Хойд Ирланд — 4:0
Швед — ЗХУ — 2:0
Бразили — Уэльс — 1:0
ХБНГУ — Югослав — 1:0

Хагас шигшээ
Франц — Бразили — 2:5
ХБНГУ — Швед — 1:3

Гуравдугаар байрны төлөө
ХБНГУ — Франц — 3:6

Шигшээ
Швед — Бразили — 2:5

Стрельцовгүйгээр Зөвлөлтийн шигшээ дөрөвний нэгийн шигшээгээс шалгарахаар тэмцэлдэх болов. Тэр хэсгийг өнөөдрийнхөөр бол "үхлийнх” гэж нэрлэхээр байсан юм. Өрсөлдөгч нар нь Англи, Австри, Бразиль байлаа. Австричууд дөрвөн жилийн өмнөх хүрэл медальтан, Зөвлөлтийн баг Олимпийн аварга. Англи, Бразилийн талаар ярих зүйлгүй, мундаг багууд гэдэг нь ойлгомжтой.

Англитай тоглож байхдаа (2:2) оросууд 2:0-оор тэргүүлж яваад тэнцэв. Хоёр метрийн  өндөртэй довтлогч Дерек Кеван англичуудын эхний гоолыг бүтээсний  зэрэгцээ хамаг хурдаараа Яшинийг дайрч гэмтээв. 1958 оны австричууд өмнөх дөрвөн жилийнхээс дордсон байснаас тэднийг оросууд 2:0-оор хожлоо. Тоглолтоор, Яшин  11 метрийн торгуулийн цохилтыг хааж чаджээ.

Бразилид тэд 0:2-оор хожигдсон ба харин ч гайгүй өнгөрсөн гэж бүгд ярьдаг. Тэнд ирээдүйн хөлбөмбөгийн хаан анх тоглосон ба харин оросууд түүнд гоол хийх боломжийг өгөөгүй өнгөрөв. Пеле нэг гоолын дамжуулалт л хийжээ.

ЗХУ, Англи хоёр адилхан оноотой байсан учир нэмэлт тоглолтоор хожсон нь цааш явах эрх авахаар байв. Англичууд давамгайлж байсан ч Анатолий Ильин  тоглолтын 69 дэх минутад гоол хийн Зөвлөлтийн баг 1:0 харьцаатай хожив.

Плей-офф-ын эхний тойрогт Шведийн баг бэлтгэлийн илүү цагтай сайн амарч чадсан нь харагдав. Оросууд тоглолтын өдрөө Стокгольмд нисэн ирсэн нь бас нөлөөлөв. Шведүүд  2:0  харьцаатайгаар хожжээ. Зөвлөлтөд өөрсдийн багийг  муу тоглосон гэж дүгнэсэн байдаг.

Хариуцлага авах хүсэлгүй ч дээд амжилтын эзэн

Оросууд шведүүдэд хожигдож байх үеэр өөр нэг тоглолтод нь Бразиль хагас шигшээд шалгарахаар үзэлцэж байлаа. Тоглолтын цорын ганц бөмбөгийг хамгийн залуу тоглогч Пеле эсрэг хаалганд оруулжээ.  Уэльсийн хаалганд  бөмбөг оруулахдаа  Пеле  17 нас 239 хоногтой байлаа. Энэ дээд амжилт өнөөг хүртэл эвдэгдээгүй байгаа.

Тав хоногийн дараа тэр Францтай тоглосон (5:2) хагас шигшээ тоглолтод гурван гоол хийсэн хамгийн залуу тоглогч гэсэн бас нэг дээд амжилтын эзэн болсон бөгөөд тэр амжилт хэзээ нэгэн цагт эвдэгдэхгүй биз. Гурван гоолоо тэр хоёрдугаар үед хийгээд Францын хаалгач Клод Аббесийг "Би нэг бразилийн эсрэг тоглосноос арван германы эсрэг дуртайяа тоглох байсан” гэж хэлэхэд хүргэжээ.

Хамгийн сонирхолтой нь Пеле өвдөг нь гэмтэлтэйгээр тэмцээнд ирсэн учир нөөцөнд суугаад үлдэх боломжтой байсан. Мөн Бразилийн шигшээ багт хэнийг тоглуулах вэ гэдгийг шийддэг, тоглогчдын сэтгэл зүйн хөргийг гаргадаг профессор Карвальяэс гэдэг хүн байлаа. Пелегийн талаар "тэр хэтэрхий залуу, инфантилен (шийдвэр гаргах чадваргүй), дайчин чанар дутуу, хариуцлагын мэдрэмжгүй” гэж Карвальяэс  үнэлсэн ажээ.

Хэтэрхий залуу Пеле

Зүүнээс баруун тийш: Пеле, Бразилийн багийн хаалгач Жилмар, хагас хамгаалагч Диди. Фото: AP

Аз болоход, ерөнхий дасгалжуулагч Висенте Феола профессорт "ухааны хомсдолтой” гэсэн тодорхойлолт өгөөд нэгэн үе түүний зөвлөгөөг хүлээн авахгүй болсон гэнэ. Профессор Пелегээс гадна Гарринчааг хүртэл голсон байв. Бразиль-Англи (0:0)  хоёрын тоглолт энд нөлөөлсөн байж болох юм. Ямар ч байсан түүнийг хангалттай хэмжээнд тоглож чадна гээд дасгалжуулагч нь талбайд гаргасан юм.  Шведтэй тоглосон шигшээ тоглолтод Пеле тоглоно гэдэгт хэн ч эргэлзээгүй. Тэрээр хоёр бөмбөгийн эзэн болоод финалд хоёр гоолтой хамгийн залуу хөлбөмбөгчин болов.  Пелегийн эхний гоол нь дэлхийн аваргын тэмцээнүүдийн хамгийн гоё гоол гэж өнөөдөр ч тооцогддог. Тоглолтын шүгэл дуугарсны дараа тэрээр сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй учир эмч нарын тусламж авч байлаа.

Шагнал гардан авч байхад дахиад л сэтгэл нь хөдлөөд хаалгач Жилмарын энгэрт наалдаад эхэр татан уйлж эхэлсэн гэдэг.

 

Гэхдээ Пеле тэмцээний шилдэг тоглогч болсонгүй. Бразилийн хагас хамгаалагч Диди  шилдэг тоглогч хэмээн шалгарсантай хэн ч маргахааргүй байлаа. Шилдэг мэргэн буучаар нь өөрийн цорын ганц ийм төвшний тэмцээнд 13 гоолын дээд амжилттай Францын довтлогч Жюст Фонтен тодорлоо. Ер нь бол Шведэд Пелегээс өөр харахаар хүмүүс бишгүй л байлаа. Харин энэ ДАШТ-ий тухай ярихаар Пелег л дурсдаг юм.  Мэдээж, түүнийг дурсахгүй бол хэнийг дурсах билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen