64 САЙН ДУРЫН ХЭСГИЙН 700 ГАРУЙ АЛБА ХААГЧИЙГ ТОМИЛГООЖУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм.
Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд таван суманд нийт 14 удаагийн хээрийн түймэр гарч, 91,9 мянган га талбай шатаж, нийт 548.2 сая төгрөгийн хохирол учирсан. Он гарсаар нэг хээрийн түймэр гарч,480 га талбай шатсан байна.
Өнгөрсөн өвөл хур тундас бага орсны улмаас хаврын улиралд хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа. Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болгож аймгийн Онцгой байдлын газрын даргын албан бичгийг сумдад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Сумдад болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий I, II, III ээлжийн 64 сайн дурын хэсгийн 700 гаруй алба хаагчийг Засаг даргын захирамжаар томилгоожуулж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан.
Мөн түймрийн эрсдэл бүхий улиралд ой, хээрт амралт, аялал, зугаалгаар явах, байгалийн дагалт баялаг ашиглах, бугын эвэр түүх зэрэг үйл ажиллагааг хориглосон сумын Засаг даргын захирамж гаргуулахаар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.
С.Анар