“Huawei”-ийн ГҮНЖийг ТАГНУУЛЧдаар солих тохиролцоо

“Huawei” компанийн эзний охиноос болж Канад болон БНХАУ зөрчилдөхөд хүрлээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу Канадад баривчлагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. “Түүнийг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Иран улсад технологийн бараа бүтээгдэхүүн худалдсан” гэж АНУ-ын Засгийн газар үзэж, Канадын талд хатагтай Мэнийг баривчлах хүсэлт гаргажээ.

АНУ-ын эрх баригчид Ираныг амлалтаа биелүүлэхгүй, цөмийн хөтөлбөрөө дэлгэрүүлж байна хэмээн буруутгаж, эдийн засгийн хориг тавьсан түүхтэй.

Мэн Ваньжоу баривчлагдаад 10 өдрийн дараа 10 сая ам.доллар барьцаа өгч, батлан даалтаар суллагдсан юм. Тэрбээр өдгөө Ванкувер хот дахь байшиндаа цагдаагийн хамгаалалт дор гэрийн хорионд байна. АНУ-ын Хууль зүйн яам өнгөрөгч сард Мэн Ваньжоуд 30 хүртэлх жилийн ял төлөвлөж буйгаа мэдэгдсэн ба энэ ням гаригт түүнийг шилжүүлэх хүсэлтийг Канадад гаргасан нь Мэн Ваньжоу болон БНХАУ-ыг багаггүй сандаргалаа.

Уг мэдэгдлийн дараахан Мэн Ваньжоу Канадын эрх баригчдыг шалтгаангүйгээр өөрийг нь баривчлан хорьж, улмаар АНУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж буруутгаж, тэрбээр шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ. Түүний хувийн өмгөөлөгч нэхэмжлэлийг нь Ванкувер хот дахь Британийн Колумби мужийн Дээд шүүхэд өргөн барьсан байна.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам “АНУ, Канадын эрх баригчид улс төрийн зорилгоор Мэн Ваньжоуг баривчилсан” гэж мэдэгдэж, нэн даруй иргэнийг нь суллахгүй бол хариу арга хэмжээ авахаа санууллаа. Мэн Ваньжоуг баривчилсаны дараахан БНХАУ-ын хуулийнхан тагнуул хийсэн байх магадлалтай хоёр Канад иргэнийг баривчилж, бусад гурван иргэнийг нь сулласан юм.

Канад дахь БНХАУ-ын Консулын газар “Мэн Ваньжоуг баривчилсан нь хоёр улсын дунд таагүй уур амьсгалыг үүсгэж, итгэлцлийн түвшинг буурууллаа” гэж мэдэгджээ.  Бээжин бизнесмэн Майкл Спавор болон экс дипломатч Майкл Коври нарыг тагнуул хийх зорилгоор БНХАУ-д ирсэн хэмээн буруутгасаар байна.

Тэднийг ТАГНУУЛЧ хэмээн цоллож, Мэн Ваньжоуг нэн даруй суллахгүй бол тэдэнд ял төлөвлөж буйгаа Бээжин сануулжээ. Бизнесмэн Майкл Спаворыг Хойд Солонгосын талд ажиллаж, БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгасан аж.

Бээжин нэг бус удаа Канадын хоёр иргэнийг Мэн Ваньжоугаар солих санал гаргасан гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд өгч байгаа ч уг мэдээллийг албаныхан батлаагүй байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо “Иргэнээ хамгаалах гэсэн Бээжингийн байр суурийг сайн ойлгож байна. Гэхдээ Канад иргэдийг тагнуулч хэмээн буруутгаж, баривчилсан явдлыг хэзээ ч уучлахгүй. БНХАУ-тай харилцах харилцаагаа сэвтүүлэх сонирхолгүй байна” гэж мэдэгдлээ.

Мэн Ваньжоу бол “Huawei” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн захирал Рэн Жэнфэйгийн ганц охин билээ.

Рэн Жэнфэй компаниа охиндоо өвлүүлэхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч олон жилийн өмнөөс охиноо удирдагч болгохоор нууцаар бэлдэж буй юм.

Британийн “ВВС” агентлагт Рэн Жэнфэй ярилцлага өгөх үеэрээ Канадад баригдаад буй охиныхоо асуудлаар ганц ч үг унагаагүй ч АНУ-ын Засгийн газар “Huawei” компанийн нэр хүндийг санаатайгаар унагааж байна. АНУ “Huawei” компанийг яаж ч дэвсэлсэн олон улс манай бүтээгдэхүүн, технолгиос татгалзаж чадахгүй. Тэд биднийг тагнуул хийдэг хэмээн буруутгаж байгаа. Харин олон улс биднээс бус тэднээс болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ манай компани тагнуул хийдэг нь үнэн бол би яг одоо компаниа татан буулгаж, ажилчдаа тараах болно” гэж хэлжээ.

АНУ, БНХАУ-ын дунд үүсээд буй худалдааны дайн төгсөх шатандаа явж байгааг АНУ-ын Сангийн яам мэдээлээд буй юм.

Гэхдээ хоёр гүрэн “Huawei”-ийн асуудалд нэгдсэн байр сууринд хүрэхгүй, зөвхөн бизнес бус улс төрийн салбарт дайсагнахад хүрээд байна.

Б.Дэлгэрцэцэг

SHUUD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen