Дахин нэг цэрэг нас барсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
ЗХЖШ-ын даргыг чөлөөлснөөс хойш Зэвсэгт хүчинд сахилга, хариуцлага суларч, хүний амь эрсэдсэн хоёр ч хэрэг сар гаруйхны хугацаанд гарсан гэдгийг уншигч олон санаж байгаа бизээ. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулсны улмаас амиа алдсан дуулиан намжаагүй байхад саяхан дахин нэг томоохон хэрэг гарчээ. Учир юу гэвэл ЗХЖШ-ын даргыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан хоёр дахь хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан байна.
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан гэх асуудал гарсан бөгөөд энэхүү ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэлгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэнийг эх сурвалжууд баталж байна. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан гэх бөгөөд 310 дугаар ангийнхан түүнийг нь засаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Болсон явдлын тухай цухас дурдхад амиа алдсан ахлагч Налайхын элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарсан бөгөөд тэрээр ангийн захирагч Баянжаргалын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэдэнд туслахаар үлдсэн ажээ.
Харамсалтай нь талийгаач Г машины дугуйнд ивээс хийж байтал машин гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон байна. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа Баянжаргал нь ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга болохоор нэр нь яригдаж байсан гэх бөгөөд сонирхуулхад Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэсэн мэдээлэл байгаа юм.
Энэ мэтээр Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг, зөрчил удаа дараа гарч буй ч салбарын сайд нь ч, ЗХЖШ-ын удирдлага ч хариуцлага хүлээсэн тохиолдол гараагүй байгаа нь туйлын харамсалтай бөгөөд эцэст нь өгүүлхэд дахин хичнээн цэрэг эрсийн амь насаар тус салбарынхан "туг тахиж" байж эрүүл, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай салбар болох вэ гэдгийг тус салбарын удирдлагуудаас өөрсдөөс нь асуумаар байна.
Ж.Чингис
BOLOD.mn